"Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын яллах тогтоолыг хүчингүй болгосон, шийдвэр албажаагүй байна"

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгожээ.
2017 онд тэдэнд гурван шатны шүүхийн шийдвэрээр 20 жил хорих ял оноосон. Харин эрүүдэн шүүсэн байж болзошгүй үндэслэл сөхөгдөж, энэ мөрөөр тэднийг 2021 оны тавдугаар сард сулласан байдаг.
Улмаар эргээд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг үүсэж, үүнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарт хорих ял оногдуулсан. Б.Хурцад Ерөнхийлөгч асан Х.Баттулга уучлал үзүүлсэн.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласны дараа С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийг задалж, дахин шалгаж эхэлсэн байдаг. Мөрдөн байцаах ажиллагаа өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн бөгөөд, прокурорт шилжжээ. Харин прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Энэ талаар НПГ-аас "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг мөрдөх байгууллагаас таван удаа ирүүлсэн. НПГ хянаж үзээд дөрвөн удаа буцаасан. Харин тав дахь удаагийн хүсэлт гуравдугаар сарын 15-нд ирсэн бөгөөд хэлэлцэж үзсэнээр, цугларсан нотлох баримт хангалтгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, эргэлзээ бүхий байна гэснээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар дээд шатны прокурор шийдвэрийг хянах ёстой, хянах ажиллагаа явагдаж байна. Дараа нь хэргийн оролцогч нарт тогтоолыг танилцуулна. Иймд тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа гэсэн үг" хэмээн мэдээлэл өглөө.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.