Б.Жавхлан: Магадлалаар бол ирэх жил ₮21.1 их наядын орлого олох боломжтой
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэхээр байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "2024 онд хоёр том эрсдэл байна. Нэг нь инфляц, хоёр дахь нь дефольт. Өрхийн орлого эхний дөрвөн сарын байдлаар 3.4 хувиар буурчихлаа.
Эдийн засгийн өсөлтийн хэдэн хувь нь уул уурхайгаас хамаарах вэ?
Хоёрт, төсвийн орлого давж, сайн явж байна. Энэ бол ЭТТ ХК-д хийсэн шинэ менежменттэй холбоотой. 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд хүлээгдэж буй гүйцэтгэл буурсан байна. Яагаад боломжит байдлаас бууруулж байгаа юм бол. Ирээдүйгээ яагаад харахгүй байна, мөнгөний бодлоготой яаж уялдах вэ?" гэж асуулаа.
Сангийн сайд Б.Жавхлан "Тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэлийг 1.1 их наяд давсан гэлээ. Энэ зөрүүтэй тоо байна. 344 тэрбум төгрөгөөр л давсан байгаа. Зөрүүгээр, үндсэн тэнцэл маань л 1.1 их наяд давсан гэсэн үг. Зардлын хувьд бид хэмнэж явж байгаа. Биднээс шалтгаалахгүй эрсдэлүүд бас байсаар байгаа. Тавдугаар сарын эхний хагасаар өмнөх саруудаасаа бага нүүрс гаргачхаад байж байна. Холбогдох саатлууд гараад л байна. Үнэ бас биднээс шалтгаалахгүйгээр буурч байна. Жилийн эцэст яаж гарахыг хэлэх эрт байгаа гэсэн үг. Эхний хагас жилийн өсөлтөө сүүлийн хагас жилдээ хадгалахыг зорьж байгаа. Энэ жилийн батлагдсан хязгаар бол 19 их наяд. 2024 оны төлөвлөсөн хязгаар 2 их наядын өсөлттэй. ЭЗХЯ-тай болсных, гадаад худалдаатай холбоотой том тоонууд тэнд явж байгаа. 2024 онд 50 сая тонн нүүрс гаргаж чадна гэж тооцсон байгаа. Энэ бол биет хэмжээ. Үнэ ямар байх нь биднээс шалтгаалахгүй. Магадлалаар бол 21.1 их наядын орлого олох боломжтой. Мөнгөний бодлоготой харьцангуй маш сайн уялдаж байгаа" гэлээ.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Ирэх жил төсөөлсөн эдийн засгийн өсөлт 6.5 хувь. ОУВС-гаас дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3 хувиар өснө гэж тооцсон. Дэлхийнх нь 2023 оноос илүү сайжирна гэдэг нэг үндэслэл. Хоёрдугаарт, экспорт нэмэгдсэнээр эдийн засаг өсөх боломжтой гэж харж байгаа. Боомтын шинэчлэлийн арга хэмжээ, шинэ хоёр ч төмөр зам үүнд эерэгээр нөлөөлөх ёстой. Үүнээс гадна, ер нь л бизнес эрхлэгчдэд учруулдаг элдэв хүнд суртлыг багасгая гэж байгаа. Энэ бол Засгийн газрын гол зорилт. Оюу толгойн баяжмалын агууламж нэмэгдэнэ. 2024 онд 28.2 хувь болж, зэсийн агууламж нь өснө. Алтны агууламж 7.9 болж өснө. Энэ ч мөн эерэгээр нөлөөлнө" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За зайлаа. Үлгэр яриад байна уу