Нийгэм мэдээ

ХУУЛЬ: Ямар тохиолдолд эцэг, эх байх эрхийг хасдаг вэ

Гэр бүлийн тухай хуулийн тавдугаар бүлэгт эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцааг хэрхэн зохицуулахыг зааж өгсөн. Үүнээс онцолбол, тус бүлгийн 27, 30 дугаар зүйлд иргэний эцэг, эх байх эрхийг хязгаарлах, эцэг, эх байх эрхийг хасах мөн хэрхэн сэргээх талаар тусгасан байдаг.

30 дугаар зүйл. Эцэг, эх байх эрх хасах

30.1.Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.

30.2.Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

30.3. Эцэг, эх байх эрх хассан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор шүүх улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулна.

32 дугаар зүйл. Эцэг, эх байх эрхийг сэргээх

32.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхээ сэргээх тухай хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрхийг хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс сэргээж болно.

32.2.Хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй.

32.3.Эцэг, эх байх эрх сэргээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилж байгаа нь тогтоогдсон бол энэ хуулийн 30.1-д заасны дагуу эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхийг шүүх нь долоон нас хүрсэн хүүхдийн саналыг харгалзан сэргээхгүй байж болно.

27 дугаар зүйл. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах

27.1.Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.

27.2.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй.

29 дүгээр зүйл. Эцэг, эх байх эрх хязгаарласныг хүчингүй болсонд тооцох

29.1.Энэ хуулийн 27.1-д заасан нөхцөл арилсан нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болно.

29.2.Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь түүний эрх, ашиг сонирхолд харшлахаар байгаа бол шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно. Хэрэв хүүхэд долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button