“Titan” хөлгийн сүйрсэн шалтгааныг мөрдөн шалгаж эхэллээ

Титаникын сүйрлийг үзэхээр зургадугаар сарын 19-нд шумбасан “Titan” хөлөг дэлбэрч, түүний дотор сууж явсан таван хүн бүгд амиа алдсан билээ. Тэгвэл АНУ-ын эргийн хамгаалалтын алба “Titan” шумбах хөлгийн дэлбэрэлтийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна.
Тус ажлын ерөнхий мөрдөн байцаагч Жейсон Нойбауэр сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үедээ бидний нэн тэргүүний зорилт бол хөлгийн сэг, түүний хог хаягдлыг гаргаж авах бөгөөд хүний цогцос олдсон тохиолдолд далайн гүнээс гаргах үйл ажиллагааг яаралтай эхлүүлнэ гэсэн юм. Мөн гамшгийн шалтгааныг тогтоох, цаашид дэлбэрэлт болон бусад аюултай тохиолдлоос урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргахыг хичээнэ хэмээн хэлжээ. Энэхүү үйл ажиллагааг Канад, Их Британи, Францын эрх баригчидтай хамтран явуулах аж.Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа эхний шатандаа явж байгаа бөгөөд хөлөг онгоцны сэгийг гаргах ажил үргэлжилж байгаа юм.
Титаник хөлгийн ойролцоох 3800 метр гүнтэй талбайгаас шумбагч онгоцны таван том хэсэг олдсон байна. Ахмад Жэйсон Бостон хотын сэтгүүлчдэд хэлэхдээ "Бүх нотлох баримтыг цуглуулсны дараа мөрдөн байцаагчид гэрчийн мэдүүлэг авахын тулд албан ёсны сонсгол хийх болно. Мөрдөн байцаалтын явцад иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой" гэж мэдэгдэв. Мөн АНУ-ын эргийн хамгаалалтын цэргийн адмирал Жон Маугераас эрэн хайх, аврах ажиллагааны зардлын талаар асуухад хариулт өгөхөөс татгалзжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.