Гаднын хэвлэлд: “Л.Оюун-Эрдэнийн айлчлал улсынх нь иргэдэд чухал ач холбогдолтой”

АНУ-ын “Politico” агентлагт Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн Вашингтон дахь айлчлалын талаар нийтэлжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг Дэд Ерөнхийлөгч Камала Харрис лхагва гарагт (2023.08.02) [Вашингтоны цагаар] хүлээн авч уулзсан. Түүний айлчлал нь АНУ-тай “Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэл, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх зорилготой” гэж Вашингтон дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлсэн.
Энэ мэдэгдэл бага зэрэг ойлгомжгүй байгаа ч АНУ, Монгол хоёр хэлэлцээ хийх тодорхой шалтгаанууд бий. Айлчлал яг ямар зорилготой вэ:
Хоёр хөршийнх нь талаар мэдээлэл авах
Далайд гарцгүй Монгол Улсыг ОХУ, БНХАУ хоёр хүрээлэн оршдог. Тус улс олон намын тогтолцоотой ардчилсан орон байх шаардлагатай. Мөн Москва, Бээжинтэй найрсаг харилцааг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ АНУ-тай стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийслэл Улаанбаатартаа Сөүл, Вашингтонтой гурван талт уулзалт зохион байгуулах чадвартай байх шаардлагатай юм.
Байдены засгийн газар БНХАУ-ыг ОХУ-д Украины эсрэг дайнд ашиглах зэвсэг нийлүүлж магадгүй гэж болгоомжилж буй. Монгол тус хоёр улсын хооронд оршдог тул энэ төрлийн хангамжийг шилжүүлэн ачих боломжит цэг гэж үзэж байгаа юм.
Ийм учраас Харрис Хятад, Оросын удирдлагатай сүүлийн үед холбоо барьсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Л.Оюун-Эрдэнээс асууна гэж таамаглаж байна.
Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард Бээжинд БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй уулзсан.“Путинтай ч шууд харилцаж байсан” гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамны ажилтан асан, “Mongolia Weekly”-ийн А.Амар хэлсэн юм. "Вашингтон эдгээр хөршүүдтэй хийж буй ярианых ньталаар сонсохыг хүсэж байна" гэж Амар нэмж хэлэв.
Уул уурхай, бас дахин уул уурхай
Монголын лити, зэс, бал чулуу зэрэг ашигт малтмалын асар их нөөцийн талаар хэлэлцэх нь мэдээж. Учир нь тэдгээр материал батарей, нар, салхины эрчим хүчийг ашиглах тогтвортой эрчим хүчний технологид зайлшгүй шаардлагатай юм. Бээжин ч мөн адил Латин Америк, Зимбабве, Конго зэрэг улсуудаас эдгээр материалыг их хэмжээгээр худалдаж авахаар ажиллаж байна.
Байдены засгийн газар Монголоос тэдгээр материалыг их хэмжээгээр худалдан авах талаар хэлэлцээ хийхээр 6-р сард төлөөлөгчдөө Монгол руу илгээсэн. Айлчлалын үр дүнд ямар нэгэн худалдааны гэрээ хийгдээгүй ч Байдены засгийн газар Монголыг Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлд (Mineral Security Partnership) элсүүлж болох орнуудын гэж үзэж буйгаа харуулсан юм. Тус түншлэл нь ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, дахин боловсруулалтад тогтвортой хөрөнгө оруулахаар нэгдсэн 14 улсаас бүрддэг.
2019-2022 онд АНУ-аас Монгол суугаа Элчин сайдаар ажиллаж байсан Майкл Клечески “Монгол Улс байгалийн баялаг ихтэй ч АНУ болон олон улсын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байгаа нь Ерөнхий сайдын айлчлалын чухал шалтгаан болж байна” гэж хэлжээ.
Сонгууль
Монголчууд 2024 онд сонгууль өгнө. Л.Оюун-Эрдэнэ Камала Харрис болон бусад улс төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзаж, зураг татуулах нь улс төрийн хувьд чухал алхам болж өгнө гэж үзэж байгаа. Тэрбээр АНУ-ыг Монголын гуравдагч хөршийн худалдааны бодлогыг дэмжих хүсэлт тавьж магадгүй. Гуравдагч хөршийн худалдааны бодлогоор дамжуулан Монголын зарим хувцас, нэхмэл бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй экспортлох зам нээгдэж, эдийн засгийг нь дэмжих боломжтой юм.
Оюун-Эрдэнийн хувьд Вашингтонд айлчилж байгаа явдал бол улсынх нь иргэдэд их ач холбогдолтой, түүнийг дэлхийн бусад удирдагчидтай эн зэрэгцэж байгааг харуулж, итгэл үнэмшил төрүүлэх зорилготой гэж Амар хэлсэн юм.
Шууд нислэг
Монгол Улсын нийслэл Улаанбаатараас Вашингтон рүү нисэх нь урт хугацаа шаардаж, тэсвэр тэвчээр шалгадаг. “Expedia”-гаас харвал энэ чиглэлд зөвхөн гурван нислэг хийгддэг. Тэдгээр нислэгийн хоёр нь 10-19 цаг саатдаг байна.
2012-2015 онд Улаанбаатарт суугаа АНУ-ын Элчин сайд Пайпэр Кэмпбелл “Монгол Улсын Засгийн газар нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хоёр улсын хооронд зорчигчдын буудаллах хугацааг багасгахад анхаарч ажиллаж байна. Монгол Улс далайд гарцгүй орон гэсэн байдлаас гарах нэг арга бол нислэгээ нэмэгдүүлэх явдал юм” гэж хэлжээ.
Эх сурвалж: Politico
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.