“Монголчуудын архины хэрэглээ багасаж байна”

Сүүлийн нэг жилийн хугацаанд монголчуудын согтууруулах ундааны хэрэглээ буурсан талаар Төрийн ордонд мэдээллээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, НЦУГ-ын дэд дарга Б.Оюутболд нар хэвлэлийн бага хурал хийж, “Эрүүл монгол хүн” хөтөлбөр, нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ хууль болон өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг зэргийн үр дүнгийн талаар мэдээлсэн юм.
Жишээ татахад, нэгдүгээр сарын 1-нээс Согтууруулах ундааны эргэлтийг бууруулах, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр бусдыг согтууруулах ундаагаар “шахсан” үйлдэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг болсныг уншигчид санаж буй.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан “Монгол Улсад архи согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 10 жилд 3.2 дахин нэмэгдсэн. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах талаар зарлиг гаргасан байдаг.
Зарлиг болон шинээр баталсан холбогдох хуулийн хэрэгжилтийг дүгнэж үзэхэд эерэг үр дүн харагдаж байна.
Энэ оны эхний найман сарын дүнг өмнөх оны мөн үетэй тус тус харьцууллаа.
Ингэхэд согтууруулах ундааны борлуулалт 2.2 сая литрээр багассан байна.
Тэр дундаа, бага градустай согтууруулах ундааны борлуулалт нэмэгдсэн бол өндөр градустай нь багассан. Өнгөрсөн жилүүдэд 38 градустай архины хэрэглээ хамгийн их байсан бол багассан байна.
Мөн архидан согтуурахтэй тэмцэх тусгай сан байгуулах агуулга зарлигт туссан. Сан байгуулагдаж 4 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа.
Үүний дээр 2022 оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар буурсан байна.
Ерөнхийлөгчийн 43 тоот зарлигийн үр дүнд гарсан өөрчлөлт ийм байна. Цаашид хэрэгжилтийг хангаж, хяналт тавих чиглэлд анхаарч ажиллана. Нийгэмд нөлөөллийн ажил хийх нь их үр дүнгээ өгч байна. “Намайг алгас” гэх мэт нөлөөллийн ажил амжилттай явагдлаа” гэлээ.
Түүний дараа НЦУГ-ын дэд дарга Б.Оюутболд “Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байна.
Энэ оны эхний найман сард 25,392 гэмт хэрэг бүртгэгдсэний 13 хувь нь согтуугаар үйлдэгдэж. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.8 хувиар буурсан дүн юм.
Мөн 1.9 сая зөрчил шалгаснаас 2.5 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар буурсан гэсэн үг.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 25361 гарсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан байна” гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бурхан минь монголчуудын архины хэрэглээ багасаагүй харин ч бузар их байна тэр тусмаа эмэгтэйчүүд айлын эхнэр, хүний эхнэр,хүүхдийн ээжүүд, эмэгтэйчүүд,охид ууд шөнө дөлөөр архидан согтуурч байгаа нь үнэхээр гутамшиг