Улс төрийн мэдээ

"ЭБУЦС-ын төсөл 2028 онд ашиглалтад орж, түүнээс хоёр жилийн дараа $253 саяын зээлээ төлж эхэлнэ"

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Тэрбээр "Ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын "Бүс ба санаачилга" хамтын ажиллагааны хуралдаанд оролцоно.

Энэ үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрийг эцэслэнэ.

БНХАУ талаас бүх шийдвэр гарсан. Монгол талаас төслийн бэлтгэл ажил хийгдэж дууссан.

Бид БНХАУ-аас энэ төслийн хүрээнд 253 сая ам.долларын зээл авна. Энэ нь төслийн нийт санхүүжилт болох 266 сая ам.долларын 95 хувь. Хоёр жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй зээл. Зээлийг авснаас долоон жилийн дараа төлж эхэлнэ.

Баруун бүсийн эрчим хүчний систем зээлд захиалагчаар оролцоно. Сангийн яам дамжуулан зээлдэгчийн статустай. 2028 он гэхэд буюу таван жилийн дараа төсөл ашиглалтад орно. Түүний дараа хоёр жилийн дараа зээлээ төлж эхэлнэ гэсэн үг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хоёр дахь жилийн төгсгөлөөс. Олон улсын санхүүгийн байгууллагын сонгодог загвар. Нэн хөнгөлөлттэй загвартаа орно" гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Таныг сүүлийн үед Ерөнхийлөгчтэй тааламжгүй харилцаа үүсгэсэн гэх мэдээлэл түгсэн?

-Гүтгэлгийн чанартай мэдээлэл гарсан байна лээ. Намайг Ерөнхийлөгч шанаадсан гэдэг утгатай. Ямар ч тийм зүйл болоогүйг хариуцлагатайгаар хэлье. Би өөрөө түүнтэй сар шахам уулзаагүй явна. Хоёрдугаарт, миний эсрэг гүтгэлгийн мэдээлэл яваад байгаа. Өмгөөлөгч хөлсөлж буй, ирэх долоо хоногоос хууль хяналтын байгууллагад хандана.

-2024 оны төсөвт та ямар байр суурьтай байгаа вэ. Эрчим хүчний салбарт бага төсөв суулгасан байсан?

-2023 он бол тогтворжуулалтын он жил. Харин 2024 он бол эдийн засгийн өсөлт гарах болов уу гэсэн хүлээлттэй төсөв. Эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтын дүн Соёлын салбарыг гүйцэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ эсрэгээрээ гадаадын зээл тусламжаар гүйцэтгэх төслийн хэмжээ 1.5 тэрбум ам.доллараар явж байгаа. Тиймд ганцхан төсвийн хөрөнгө оруулалт гэж харах хэрэггүй.

-Цахилгааны хязгаарлалт хийгдсэн хэвээр байна. Өвөл ямар нэг эрсдэл үүсэх үү?

-Өвөлжилтийн бэлтгэл 88.5 хувьтай явж байна. Нийт цахилгаан хэрэглэгчдээ битгий бухимдаач гэж хэлмээр байна. Цаг агаар дулаан байгаа үед өвлийн бэлтгэл ажлыг хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй байгаа. Энэ бол төлөвлөгөөт засвар. Өвөл ямар нэг хүндрэл байхгүй.

-Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд хагас коксжуулсан нүүрсээр түлш үйлдвэрлэж, туршина гэсэн. Үйл явц хэр байна?

-Энэ өвөлжилтийн бэлтгэлд хамаарахгүй. Бид мидлингээр шахмал түлш үйлдвэрлээд тав дахь жил рүүгээ орж байгаа. Энэ хугацаанд шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн. Хэмжээ хоёр дахин нэмэгдэхээр агаарын чанар муудсан. Иймд мидлингийг солихоос өөр аргагүй нөхцөл үүсэж байгаа. Хагас кокс гэдэг бүтээгдэхүүнээр солино гэсэн үг. Ингээд Таван толгой түлш үйлдвэрт шинэ түлшээ үйлдвэрлэнэ. Туршина гэхээр мушгиад байгаа. Туршихаас аргагүй сэдэв л дээ. Төлөвлөгөөгөөр бол Налайх, Нисэх-Яармаг орчим, Дархан хотод арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31 хооронд түлнэ. Нийслэлийн төсвөөр үүнийг санхүүжүүлнэ. Харин Нийслэлийн бондын ажил түр зогссон. Шинэ засаг дарга томилогдсоны дараа үүнийг явуулах эсэхийг шийдэх байх. Тендер нь бол есдүгээр сарын 10-нд зарлагдсан. Хамгийн сайн үнийн санал өгсөн компанийг ялагчаар тодруулна,  үнэлгээний хорооны асуудал.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АШИГЛАЛТАНД ОРОХ ХУГАЦАА БАРАГ САР ТУДАМ Л ХОЙШЛОГДООД БХ ЮМ ДАА. СОНГУУЛИЙН ДАРАА БҮР 30, 40- ӨӨД ОНООС ГЭЖ Л БҮҮ ХЭЛЭЭСЭЙ БИЛЭЭ ДЭЭ !!! ХА ХА ХА

Холбоотой мэдээ

Back to top button