Нийгмийн бухимдлыг намжаах биш өрдөх замаар БАТЛАГДААГҮЙ ХУУЛИАР пи-ар хийгч
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өчигдөр анхаарал татмаар статистик танилцуулчихлаа. Долоо хоногийн дотор хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг 78 хувиар өссөн гэж. Бараг л хоёр дахин.
Нээрэн л гайхмаар, Дорноговь аймагт бага насны охин бусдын гарт амиа алдсанаас хойш таксинд, караокед хүчирхийлүүлсэн охидын кэйс бараг л өдөр алгасахгүй мэдээлэгдлээ.
Хүчирхийллийн мэдээ бусдад сэдэл болдог гэж ярьцгаадаг. Үүнийг бага насны охидын хүчирхийллийн асуудал сөхөгдсөн сүүлийн долоо хоногт хэрэг 78 хувиар өссөн гэдэг статистик батлан харуулж байна гэж ойлгох боломжтой юу.
Үүнийг бас улс төрийн өнцгөөр нь харах гээд үзье л дээ.
Үнэндээ Б.Энхбаяр сайдын хувьд мордохын хазгай болох шахсан. Яг ажлаа хүлээлцэж авах үеэр нь Дорноговьд охин амиа алдаж таарсан. Хууль хяналтын байгууллага анзааргатай, хариуцлагатай ажилласан бол охиныг энэ удаагийн эрсдэлээс сэргийлж, хамгаалах боломж байсан гэдэг өнцөг мэдээлэгдээд л өнгөрсөн. Хэрэв асуудал өндрөө авсан бол Б.Энхбаяр юун шинэ сайдын суудалд тавтай тухтай залрах манатай байх байлаа.
Гэвч хүүхдийн хүчирхийлэл, согтуугаар автомашин жолоодох зөрчил зэрэг асуудал нийгмийн бухимдлыг идэвхийлэн төрүүлсэн энэ өдрүүдэд Б.Энхбаяр “Эрүүгийн хуулийг ингэж өөрчилье, тэгж чангалъя” гэж ярьснаар нөхцөл байдлыг ашигтай тал руу нь эргүүлж чадсан.
Уг нь хуулийн төсөл бол төсөл. Өргөн баригдана, байнгын хороодоор хэлэлцэнэ, засагдана, өөрчлөгдөнө. УИХ-ын чуулганаар гурван ч удаа хэлэлцэнэ. Ингэж батлагдсаны дараа “Ийм боллоо, тийм ял эдлүүлэхээр хуульчиллаа” гэж мэдээлэх боломжтой болно. Гэвчиг өргөн бариа ч үгүй байгаа хуулийнхаа агуулгыг нийгэмд ил тод мэдээлэх замаар Б.Энхбаяр мэдрэг, сэргэг ажиллаж буй дүр зургийг харуулсан.
Мэдээж үүний суурь нөхцөл нь нийгмийн бухимдал, энд тэндгүй хэлэлцэгдэж байгаа хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргүүд байв.
Угтаа бол хууль өөрчиллөө, ажлаа авангуутаа өөрчлөлт санаачиллаа гэхэд нийгмийн тэр бухимдлыг эхлээд дарах намжаах ёстой байсан. Гэтэл гал өрдөх маягаар өсөн нэмэгдэж буй олон нийтийн бухимдлыг зөнд нь орхиж, тэр бадран ассан уур амьсгал дээр нь хуулийн өөрчлөлтөө танилцуулж, өөртөө оноо авсан Б.Энхбаяр хийгээд Засгийн газар сүүлийн долоо хоногт 78 хувиар нэмэгдсэн гэмт хэрэгт шууд бусаар холбоотой. Хамаатай.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bayar hurgeye. Mash sain todorhoilj bcihsen bn. Ta buhend amjilt huseye