Гадаад мэдээ

БНХАУ автомашин экспортоор дэлхийд тэргүүлжээ

Хятадын цахилгаан автомашины гадаад борлуулалт 2023 онд огцом өсөж, автомашин экспортлогч дэлхийн хамгийн том орон болжээ.

Тодруулбал, Японы автомашины экспорт 2023 онд өмнөх оныхоос 16 хувиар өсөж, 4.42 сая автомашин экспортолсон бол Хятадын экспорт 58 хувиар өсөж, 4.91 саяд хүрсэн байна. Ингэснээр Япон улс 2016 онд Германд эхний байраа алдаж байснаасаа хойш анх удаа хоёрдугаарт бичигджээ.

Автомашинаас ялгарах нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахыг зорьж байгаатай холбоотойгоор бүрэн цахилгаан автомашины эрэлт хэрэгцээ дэлхий даяар нэмэгдэж байгаа бөгөөд Хятадын BYD зэрэг автомашин үйлдвэрлэгч компаниуд тус улсын Засгийн газраас хүчтэй дэмжлэг үзүүлснээр экспортоо нэмэгдүүлсэн байна.

Украины дайны улмаас Япон, АНУ, Европын автомашин үйлдвэрлэгчид Оросын зах зээлээс гарсны дараа Хятадаас Орос руу экспортлох бензин хөдөлгүүртэй автомашины тоо мөн өсжээ.

Японы худалдааны байгууллагын тайлангаас үзэхэд, өнгөрсөн онд тус улсын автомашины экспорт сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа өссөн боловч цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрээгүй байна.

Японы Toyota Motor зэрэг автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн стратегиа эргэн харж, бензин хөдөлгүүртэй автомашинд найдвар тавихаа багасгаж, хос хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн борлуулалтыг нэмэгдүүлэхийг зорих болсон билээ.

Гэхдээ сүүлийн үед өндөр үнэ болон цэнэглэх станцын хомсдол зэргээс шалтгаалан дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины борлуулалт саарах шинж тэмдэг ажиглагдаж байгаа тул тэргүүлэх байр сууриа хадгалах нь Хятадын хувьд сорилт болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button