Илон Маск: Би мансууруулах бодис хэрэглэх нь хувьцаа эзэмшигчдэд тустай

Тэрбумтан Илон Маск эмчийн жороор кетамин нэртэй мансууруулах бодис хэрэглэх нь “Tesla” компанийн хувьцаа эзэмшигчдэд ашигтай гэж ярьсан байна. Маск “CNN” агентлагийн сэтгүүлч асан Дон Лемонтой хийсэн ярилцлагадаа ингэж хэлжээ.
Кетамин нь мэдээ алдуулалтыг эхлүүлэх, үйлчилгээг нь хадгалахад ашигладаг эм юм. Үүнээс гадна сэтгэл гутрал, өвдөлт намдаах зорилгоор ашигладаг байна. Ярилцлагын үеэр Маск кетамин нь сөрөг сэтгэл хөдлөлөө зохицуулахад тусалдаг гэсэн юм.
Тэрбээр “Wall Street-ийн хувьд хамгийн чухал зүйл бол гүйцэтгэл. Хөрөнгө оруулагчдын хувьд хэрвээ би ямар нэгэн зүйл хэрэглэж байгаа бол тэдний ашиг сонирхолд нийцэх тул үргэлжлүүлэн хэрэглэх л хэрэгтэй” хэмээжээ.
“Wall Street Journal” сонин өнгөрсөн нэгдүгээр сард Маск LSD, кокэйн, экстаси, мансууруулагч мөөг хэрэглэсэн тухай нийтлэл бичсэн юм. Үүний дараа түүний удирддаг “Tesla”, “SpaceX” гэх мэт компаниудын удирдах албаныхан болон ТУЗ-ийн гишүүд санаа зовних болсон байна.
Тус нийтлэлд хар тамхины хууль бус хэрэглээ нь холбооны хуулийг зөрчсөн явдал болох тул “SpaceX” компанийн засгийн газартай хийсэн гэрээг эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг онцолсон юм.
Үүний хариуд Маск мэдэгдэл хийхдээ “SpaceX”-ийн захирлын хувьд гурван жилийн хугацаанд тохиолдлоор мансууруулах бодисын шинжилгээ өгөх гэрээ “NASA”-тай хийсэн, шинжилгээгээр ямар ч алкохол эсвэл эм хэрэглэж байгаагүй хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.