Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэг: Нарендра Модигийн нам хүлээлтээс доогуур үр дүн үзүүлж, арилжааны зах зээл унав

Дэлхийн хамгийн олон хүнтэй улс болох Энэтхэгийн парламентын доод танхимын гишүүдийг сонгох санал хураалтын сүүлийн шат өнгөрсөн бямба гарагт /2024.06.01/ дууссан.

Тус сонгуульд 970 сая орчим энэтхэгчүүд санал өгөх боломжтой байсан. Долоон шат дамжин явагдсан тус сонгуульд ойролцоогоор 640 сая хүн саналаа өгсөн юм.

Энэхүү сонгуульд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам хамгийн их суудал авсан. Гэвч 2019 оны өмнөх сонгуультай харьцуулахад тус нам бага тооны суудал авсан байна.

Модигийн нам дангаараа 240 суудал авч доод танхим мажоритар болохоос 32 суудал дутав. 2019 онд тус нам 303 санал авч, дангаараа олонхын байр суурьтай болж чадсан.

Бхаратия Жаната хүлээлтээс доогуур үр дүн үзүүлсэн тул Энэтхэгийн арилжааны зах зээлүүд унасан байна. Моди өөрийнхөө намыг 370 суудал авч, тулд Үндэсний ардчилсан холбоо (NDA) нэртэй намуудын эвсэл нь нийтдээ 400 судал эзэмшинэ гэж таамаглаж байсан юм.

Түүний нам хүлээлтээс доогуур үр дүн үзүүлсэн гэх мэдээ мягмар гарагт /2024.06.04/ гарсны дараа Энэтхэгийн NSE Nifty, S&P BSE Sensex индексүүд 6 хувиар буурчээ.

Мөн Энэтхэг рупи ам.долларын эсрэг суларсан байна. Модигийн амласан зах зээлийн өөрчлөлт ямар хурдтай явагдах бол хэмээн эмээсэн гадаадын хөрөнгө оруулагчид их хэмжээгээр хөрөнгөө татсаны улмаас ийм явдал болов.

Арилжааны зах зээлийн тогтворгүй байдал мягмар гарагт 2022 оны гуравдугаар сараас хойш үзэгдээгүй өндөр цэгт хүрч, лхагва гарагт /2024.06.05/ бага зэрэг буурсан байна.

Бхаратия Жаната намын эсрэг Энэтхэгийн Үндэсний Хөгжлийн Нэгдсэн Холбоо (INDIA) нэртэй 28 намын нэгдэл өрсөлдсөн. “INDIA” нийтдээ 230 суудал авчээ. Тус холбоог Рахул Гандигийн Конгресс нам тэргүүлдэг юм.

Модигийн нам олонх болж чадаагүй тул тэр “NDA” эвслийнхээ намуудаас дэмжлэг авах хэрэгтэй. Тэрбээр холбоотнуудтайгаа засгийн газар үүсгэх асуудлаар лхагва гарагт /2024.06.05/ уулзсан байна.

Эвслийн түншүүд дээрээ илүү тулгуурлана гэдэг нь жижиг намуудад илүү хөшүүрэг хүч ирнэ гэсэн үг. Хэрвээ жижиг намууд хамтран ажиллахаас татгалзвал Энэтхэг Модигоос өөр ерөнхий сайдтай ч болох боломж бий.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button