Big Gee: Бусдынхаа зовлонд өөр өөрийнхөө өнгө, үнэнээр хандъя
26 настай, найруулагч Баяраагийн Минжүүрдорж цусны цагаан эсийн цочмог хорт хавдар өвчнөөр 2023 оны хоёрдугаар сард оношлогдсон. Тухайн цагаас эхлэн УНТЭ-ийн цусны тасагт эмчлүүлж, таван удаагийн хими эмчилгээнд орсон. Харин энэ есдүгээр сараас монголд эмчлэх эмчилгээгүй болж, БНХАУ-д очиж эмчлүүлэхээр төлөвлөсөн.
Eguur news агентлаг Б.Минжүүрдоржийн эмчилгээний зардлыг цуглуулах хандивын үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.
26-хан настай, найруулагч залууд ирээдүй бэлэглэх үйлсэд нэгдэж, чадах чинээгээрээ туслах болно хэмээн бусдыг уриалсан реппер Big Gee-тэй цөөн хором ярилцлаа.
-Хавдрын өвчлөл үнэхээр элбэг тохиолдож байгаа нь харамсалтай байна аа?
-Аймаар байна аа. Өдөр тутмын амьдралд хорт хавдар өвчний хандивт туслаач гэсэн хүсэлт хэд ирдэг гэж бодож байна. Тэр болгонд хүрэлцэхгүй, тэгээд бас ийм асуудалд хүнд үгүй гэж хэлэх аймаар хэцүү. Ер нь хавдар гэдэг өвчин тойроогүй үлдсэн гэр бүл хэд байгаа бол. Үзээгүй хүмүүст үзэхгүй гэх баталгаа алга. Жилд гадагшаа эмчилгээнд хэчнээн тэрбум төгрөг үрдэг. Ядаж эдийн засаг талаасаа харахад энэ бүх мөнгө эндээ шингэвэл юу нь болдоггүй юм бол гэж боддог. Мөнгө төгрөг нь олддоггүй юмуу, барилга байшин нь хүрэлцдэггүй юмуу, тоног төхөөрөмж, боловсон хүчин нь байдаггүй юмуу бүү мэд. Бас яагаад байлгаж болохгүй байгаа юм бол гэх мэтээр боддог доо. Гэхдээ надад итгэл найдвар байдаг. Итгэл найдвар бол алддаггүй ээ. Ирээдүйд манай улс энэ бүх өвчнийг эдгээдэг өндөр хөгжилтэй орон болно гэдэг итгэл бий. Тэрний төлөө жаахан ч гэсэн хөдөлмөр хийчих юмсан гээд зах зухаас нь оролдоод явж байна.
-Монголдоо эмчлэх гээд оролддог ч бүрэн төгс чадахгүй байгаа болохоор л гадагшаа явах, хандив өрнүүлэх асуудал байнга үүсээд байдаг?
-Хэдий болтол хандив цуглуулж нэгийгээ аврах юм бол. Жилд хэчнээн сая, тэрбум төгрөг гадагшаа эмчилгээнд явж байгаа бол. Маниус нь доогуураа хандив гээд бие биенийгээ босгох гээд яваад байдаг. Дээгүүрээ юу хийж байна вэ гэдгийг хүн болгон л боддог байх.
-Хүмүүсийг эдгээр хөндүүр кэйсүүдэд хэрхэн хандаасай гэж хүсдэг вэ?
-Би хүн болгоныг өөр өөрийнхөө өнгөөр, үнэнээр байгаасай гэж боддог. Хүн болгон өөр, өөр өнгөтэй. Энэ олон өнгө сүлэлдэж байж нийгэм гоё өнгөөр бүрдэнэ. Бид нар байлгахыг хүсэхгүй өнгөө бид баллуурддаг. Гэвч барахгүй л дээ. Тиймээс зүгээр ямар ч асуудалд өөрийнхөөрөө, чин үнэнээрээ л хандчих. Нөгөө талаас хувь тавилан, зураг төөрөг нь байлгүй дээ гээд зүгээр суухыг би хэзээ ч тэвчиж чадахгүй. Хувь тавилан гэдэг юмыг хүн өөрөө бүтээдэг.
-Нийгмийн маань давхарга янз бүрийн л өнгөтэй байна. Дийлэнх масс дунд мачийгаад л байдаг. Гэтэл тэрний дор үүнээс дутахгүй хэсэг ч бас байна. Хүн бүр хувьдаа хэрхэх ёстой юм бол. Уран бүтээлч хүн энгийн биднээс илүүтэй бүхнийг эргэцүүлдэг, дүгнэдэг болов уу?
-Бид хариуцлагатай байх асуудлаа бүх шатандаа эргээд харах цаг болсон. Хариуцлага аль аль шатанд алдагдсан. Гэр бүлүүд зүгээр л зам салж байгаа мэт салдаг болчихсон. Аав, ээж байх хариуцлага гэж алга. Өнөөдөр би өөртэй чинь энд яриад сууж нь хариуцлага. Цаг тохирсон, цагтаа энд байж байна. Хүн бүр хариуцлагатай байж чадвал бусдадаа саад болохгүй. Энэ бүр аймаар чухал зүйл шүү.
-Танд баярлалаа. Найруулагч Б.Минжүүрдоржийн БНХАУ-д эмчлүүлэх эмчилгээний зардлыг цуглуулах ажилд чин сэтгэл гаргаад байгаад тань?
-Минжүүрдорж дүүдээ хандаж хэлэхэд хүчтэй байгаарай, зоригтой байгаарай томоос том, тодоос тод харж байгаа мөрөөдлөө битгий бүдгэрүүлээрэй. Чи чадна. Бусад хүмүүст бас энэ залууд хандив тусламжийн гараа сунгаарай, бид ч гэсэн бас чадах чинээгээрээ бас туслах болно гэж хэлмээр байна.
-Баярлалаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zaluu hun baij hiimori suld ni uhsen hun,sejgiin muuhai har sahlaa avch boldoggui yum bh daa.big gee