Нийгэм мэдээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ станцын дэлбэрэлтэд өртсөн эмэгтэйн бие сайжирсан

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад нэг сарын өмнө буюу энэ оны есдүгээр сарын 11-ны өдөр дэлбэрэлт болж нэг иргэн хүнд гэмтсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Энэ тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ сарын 11-ний өдөр дараах мэдэгдэл гаргасан.

"Манай ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад  дэлбэрэлт болж  37 настай эмэгтэй А хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор биеийн байдал хүнд, баруун талын гар, хөл, нүүр хэсэг химийн бодист /хлоратор/ түлэгдэж гүнзгий шарх үүссэн. Амьсгалын зам руу химийн бодис орсон байж болзошгүй учир нисдэг тэргээр яаралтай ГССҮТ шилжүүлэх юм. Осол гарах үед туслахаар очсон залуугийн биеийн байдал хөнгөн, 72 цагийн хугацаанд эмчийн хяналтад ажиглах шаардлагатай. Осол гарсан шалтгааныг зарим эх сурвалжуудын мэдээлснээр "Бохир ус цэвэршүүлэх химийн бодис найруулдаг сав нь горимын алдаа гарсан" хэмээж байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулан дэлгэрэнгүй мэдээлэл оруулах болно" хэмээсэн.

Бид тухайн ослын талаарх нэмэлт мэдээлэл, хохирогчийн биеийн байдал зэргийг тодруулахаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай холбогдлоо. Ингэхэд "Үйлдвэрийн осолд өртсөн хүний бие тухайн үед хүнд байдалтай байсан тул ГССҮТ-д шилжүүлсэн. Эхний хэдэн өдөр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн. Улмаар биеийн байдал нь сайжирсан тул энгийн тасагт шилжүүлсэн гэх мэдээлэл бидэнд байна" хэмээсэн юм.

ЦЕГ-аас ослын талаарх дүгнэлтийг тодруулахад " Эрдэнэт үйлдвэр"-ийн Цэвэрлэх байгууламжид баллон дэлбэрсэн тухай мэдээлэл 09-р сарын 11-ний 10.25-д ирсэн. Дуудлагын дагуу шалгахад тус үйлдвэрийн ажилтан 38 настай, А нь ажлаа хийж явахад хуванцар савтай уусмал дэлбэрч, хөл хэсэгт түлэгдсэн байсан. Тус хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар, шинжээчийн баг ямар шалтгааны улмаас дэлбэрэлт болсон талаарх шалгалтыг хийсэн. Ингэхэд тус үйлдвэрийн цэвэрлэх байгууламжид хлорамины уусмал дэлбэрсэн болох нь тогтоогдлоо" хэмээсэн юм.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button