Анагаах мэдлэгНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Б.Эрдэнэбулган: Элэгний хорт хавдрыг хагалгаа хийлгүй эмчлэх аргыг нэвтрүүллээ

Монгол Улсад оношлогдож буй хавдрын нийт өвчлөлийн 40 хувийг элэгний хавдар дангаараа эзэлдэг гэх тоон судалгаа бий. Гэтэл манай улсад тус хавдрыг оношилж, бүрэн эдгээх чадалтай эмнэлэг цөөн бөгөөд эмчлэх арга, технологи муутай байсаар ирсэн билээ.

Тэгвэл хэвлийн зүсэлт болоод ерөнхий унтуулга хийхгүйгээр радио долгион ашиглан хорт хавдрын эсийг түлж устгах эмчилгээг хийж эхлүүлээд буй. Иймд Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор, профессор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Гурван зүүний аргаар 6.5 см хүртэлх том хэмжээний хавдрыг түлж эмчилж болно-

-Хавдрыг хагалгаагаар бус радио долгионы аргаар түлэх эмчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Радио долгионоор түлэх эмчилгээ буюу Радиочастотын абляци (RFA) бол элэгний хорт хавдрын зарим төрлүүдийг эмчлэхэд ашиглагддаг шинэ төрлийн эмчилгээний арга юм. Энэ нь хорт хавдрын эсийг радио долгионоор дулаан үүсгэн устгах аргачлал юм.

2009 оноос эхлэн нэг зүүгээр түлэх эмчилгээ Монголд нутагшиж, олон өвчтөнд тус эмчилгээг амжилттай хийсэн. Харин өнгөрсөн жилээс эхлэн хоёр болон гурван зүүгээр түлэх эмчилгээний арга, техникийг зааж суралцах сургалтуудыг зохион байгуулж байгаа. Энэ эмчилгээ нь элэгний хорт хавдрыг эмчлэхэд өндөр үр дүнтэй бөгөөд тухайн өвчтөний амьдралын чанарыг сайжруулахад ихээхэн хувь нэмэртэй.

-Гурван зүүний түлэх эмчилгээ нь яагаад онцгой ач холбогдолтой вэ?

Элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг манай улсад гурван зүүгээр түлэх эмчилгээ нэвтэрч буй нь олзуурхууштай.

Гурван зүүний түлэх эмчилгээ нь олон давуу талтай. Элэгний хатуурлын суурь дээр хавдар үүсдэг. Хэрэв элэгний хатууралтай хүн дээр хавдар үүссэн бол хагалгаа хийх нь хэцүү байдаг. Тэгэхээр энэ түлэх эмчилгээ нь хагалгаа хийх боломжгүй өвчтөнд тохиромжтой эмчилгээний арга. Мөн тухайн өвчтөний хэвлийг том нээж зүсэж, ерөнхий унтуулга хэрэглэхгүй гэх мэт олон төрлийн ач холбогдолтой.

Нэг зүүгээр түлэх эмчилгээг хийхэд 3-3.5 см жижиг хэмжээтэй хавдрыг түлдэг байсан бол одоо суралцаж буй гурван зүүний аргаар 6.5 см хүртэлх том хэмжээний хавдрыг түлж эмчилж болно. Өөрөөр хэлбэл хавдрын хэмжээнд хязгаарлагдахгүй байх боломж бидэнд бүрдлээ.

-Оношлогдож буй хүмүүсийг нарийвчлан харвал 60 гаруй хувь нь хожуу үе шатандаа хавдартайгаа мэддэг. Яав ч бага тоо биш-

-Эмчилгээ хэр удаан үргэлжлэх вэ, мөн өвчтөн эдгэрч тэнхрэхэд хэчнээн хугацааг зарцуулдаг бол?

-Тухайн эмчилгээний бас нэгэн давуу тал бол хугацаа хожих байдал. Эмчилгээ цаг орчим хугацаанд үргэлжилдэг. Мөн эмнэлэгт хэвтэх ор хоногийн тоо бага, тэнхрэх хугацаа ч мөн адил хагалгаанд орсон хүмүүсийнхээс хурдан хэвийн амьдралдаа орох боломжтой байдаг л даа. Энэ нь тус өвчтөний нийгэм, эдийн засгийн амьдралд нь эерэг байдал үүсгэдэг гэж ойлгож болно .

-Олон улсад тус эмчилгээг хэрэглэдэг үү, эмчилгээний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Энэ түлэх эмчилгээг яагаад түлхүү хөгжүүлээд байна вэ гэхээр мэс засал хийгээд хавдрыг нь биеэс нь авсантай дүйцэхүйц үр дүнтэй эмчилгээ гэдгийг олон улсын эмч судлаачид нотолчихсон байдаг.

Энэ эмчилгээ нь 90 хувь хүртэлх үр дүнтэй байдаг. Мэдээж, зөв техникээр хийх нь чухал. Иймд Сөүлийн их сургуулийн профессор Jeong Min Lee, M.D. Ph.D. бидэнд зааж, зөвлөж байна.

-Монгол улсад элэгний хорт хавдрын өвчлөл ямар түвшинд байна вэ. Ихэвчлэн хавдрын хэддүгээр шатандаа оношлогддог вэ?

-2023 оны статистик тоо баримтыг харахад Улсын хэмжээнд шинээр оношлогдсон хорт хавдрын хэмжээ 8 мянга гаруй бий. Үүний 37-40 хувийг элэгний хавдар дангаараа эзэлж буй юм. Тооцоолж үзвэл 3 мянга гаруй хүн шинээр оношлогдож байгаа юм.

Харин оношлогдож буй хүмүүсийг нарийвчлан харвал 60 гаруй хувь нь хожуу үе шатандаа хавдартайгаа мэддэг. Яав ч бага тоо биш, сайн үзүүлэлт ч биш. Хавдрыг бид дөрвөн үе шатад хуваан авч үздэг. Гэтэл шинээр оношлогдож буй хүмүүсийн ихэнх нь хүндэрсэн үедээ буюу гурав, дөрөвдүгээр шатандаа орчихсон хойно л хавдартай гэдгээ олж мэддэг нь харамсалтай. Өөрөөр хэлбэл төгс эмчлэгдэх боломж хомс үедээ л оношлогдоод байна гэсэн үг.

Эхэн үедээ буюу хавдрын нэг хоёрдугаар шатандаа оношлогдоод эмчлэгдсэн хүн бол урт удаан хугацаанд амьдарна. Харин хожуу үе шатандаа оношлогдох юм бол удаан наслахгүй.

-Сошиал орчинд албан бус мэдээлэлд автаад батлагдаагүй эмчилгээ, эм тариа хэрэглэх тохиолдол гарч байна. Үүнээс татгалзах нь чухал-

-Нэг үеэ бодвол эрт илрүүлгээр хүмүүс өвчнөө оношлуулж, шаардлагатай эмчилгээнд хамрагддаг болсон шүү дээ.

-Урьд жилүүдийг бодвол хожуу оношлогдох тохиолдол харьцангуй буурч байгаа. Гэсэн хэдий ч өвчлөлийн тоо хараахан буурахгүй байгаа гэх тоо баримт байна.

Манай Улсад хавдрын эмчилгээг маш цөөхөн эмнэлэг хийж гүйцэтгэдэг л дээ. Нэрлэвэл, ХСҮТ, Улсын нэгдүгээр эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэг, Монгол Японы эмнэлэг, Интермед зэрэг таван эмнэлэг л энэ эмчилгээг хийдэг. Гэтэл тус таван эмнэлэгт энэ чиглэлийн хагалгаа хийдэг 15 эмч л байдаг.

Гурван зүүний арга бол одоо дөнгөж эхэлж буй. Бид эмнэлгүүдэд тус эмчилгээний талаарх сургалтаа хийгээд л явж байна. Жишээлбэл өнгөрсөн жил ХСҮТ-д энэхүү сургалтаа зохин байгуулсан бол энэ удаад Улсын хоёрдугаар эмнэлэгт зохион байгуулагдлаа. Эрүүл мэндийн яамнаас бодлогын хүрээнд төвлөрөл сааруулах ажил нэлээд идэвхтэй явагдаж байгаа. Ялангуяа бүсийн оношилгоо үйлчилгээний төвүүдэд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд энэ эмчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Бүх хүмүүс Улаанбаатарт ирж эмчлүүлдэг бус өөрт ойр байрлах эмнэлэгт эмчлүүлэх боломжоор нь хангахын тулд энэ нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Ингэхийн тулд бид төлөвлөгөө гаргаад ирэх онуудад хамгийн эхэнд таван бүсийн оношилгооны байгууллагадаа энэхүү сургалтаа явуулна. Шаардлагатай бол цаашид нэгдсэн эмнэлгүүдэд сургалтаа хийж нэг үгээр хэлбэл энэ технологийг тарааж нутагшуулах үндсэн зорилго өвөртөлж буй.

-Орон нутгаас хүмүүс зорин ирж оношлогдох нь элбэг тохиолддог хэмээн дээр яриандаа дурдсан шүү дээ. Яагаад орон нутагт энэ төрлийн өвчлөл их тохиолдож байгаа гэж боддог вэ. Ер нь хавдар гэгч хөнөөлт өвчнөөс хэрхэн сэргийлэх ёстой вэ?

-Нийт оношлогдож буй хүмүүсийн 60 орчим хувь орон нутгаас ирж байна. Үүнд эрүүл мэндийн боловсролын асуудал хамгийн чухал. Элэгний хорт хавдар өөрөө тодорхой үүсгэгч, шалтгаан, хүчин зүйлтэй, эмнэлзүйн зовууриар оношлогдож явдаг. Өөрөөр хэлбэл В, С вирус бол үндсэн үүсгэгч шалтгаан болно. Мөн архины шалтгаант, бусад хор, аплотоксины шалтгаант ч гэж бий. Угтаа элэгний хатуурал болон хавдрын өвчлөлийн 90 хувь нь вирусийн шалтгаантай.

Тиймээс тухайн иргэн өөрөө вирустэй байна гэдгээ мэдэж байгаа бол урьдчилсан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн байгууллагадаа хандаж байх хэрэгтэй. Хэрэв эрсдэлтэй байгаа бол зургаан сар тутамд үзүүлж, хяналтад байсныхаа үр дүнд бага дээр нь оношлогдох боломжтой.

Сүүлийн жилүүдэд эрт илрүүлэгийн үзлэг эрчимтэй хэрэгжиж байгаатай холбоотойгоор хүмүүсийн эрүүл мэндийн боловсролд ахиц гарч байна хэмээн ажиглагдаж байна. Яагаад гэвэл тус үзлэгийн үр шимийг хүртэж байгаа шүү дээ. Жишээлбэл, хавдартай хүмүүс эрт үедээ оношлогдоод эмчилгээ хийлгэж эрүүл болж гэр бүлийнхэнтэйгээ элэг бүтэн амьдарч буй. Үүнийгээ бусдад түгээн дэлгэрүүлж, хамгийн гол нь ойр дотнынхоо хүмүүст ач тусыг нь мэдрүүлэх шаардлагатай болоод байна. Тиймээс эрт илрүүлэгийн талаарх эерэг мессежийг хамгийн хайртай хүмүүстээ түгээж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь чухал.

Мөн зөв эрүүл мэндийн боловсрол чухал боллоо. Ялангуяа сошиал орчинд албан бус мэдээлэлд автаад батлагдаагүй эмчилгээ, эм тариа хэрэглэх тохиолдол гарч байна. Үүнээс татгалзах нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин Зочин
Зочин Зочин
2 сар 15, 2025 18:01

Баяр хүргэе. Улам амжилт ерөөе. Манай эмч нар мэдлэг чад�##�тай шүү.

Холбоотой мэдээ

Back to top button