ОБЕГ: Сэлэнгийн түймэрт дөрвөн гэр, 10 өвөлжөө шатаад байна

Түймрийн нөхцөл байдлын талаар УОК, ОБЕГ-аас хамтарсан мэдээлэл өглөө.
Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү,
“2025.04.29-ний байдлаар нийт 76 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн жилийн мөн үеэс 40.7 хувь өссөн үзүүлэлт.
70 орчим хувь нь ил задгай орхисон тамхи, шүдэнз, автомашины яндан зэрэг хүний буруутай үйлдлээс шалтгаалсан гэдэг статистик байна.
Өчигдрийн хувьд таван түймэр бүртгэгдсэн. Нэг нь Улаанбаатар хотод буюу Богдхан уулынх бол бусад нь Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ аймагт. Богдхан уулын түймрийг унтраасан. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн сумын түймэр дээр яг одоо ажиллаж байна.
Богдхан ууланд гарсан түймэрт олон хүн дэмжлэг үзүүлсэн. Мото клуб, ууланд алхагчдын клуб, “Pajero” клубийнхэн сайн дураар маш их дэмжлэг үзүүлсэн. Тэдэндээ албан ёсоор талархал илэрхийлье.
Зүүнбүрэн сумын түймэрт 4 гэр, 10 өвөлжөө, 1 трактор шатсан гэдэг мэдээтэй. Хохирлын мэдээ эцэслэн гараагүй байна.
Ойрын өдрүүдэд хүчтэй салхи шуургатай байгаа. Иймд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаарай” гэлээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр,
"Өчигдөр ой хээрийн түймрээс гадна 49 объектын түймрийн дуудлага ирсэн байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Хоёрын даваа гэдэг газар түймэр эхэлж гарсан. Салхи маш тогтворгүй. Тархаж, Хушаат сумын нутагт хүрсэн. 88 алба хаагч, сумын мэргэжлийн анги, ойн нөхөрлөл, холбогдох албанаас 183 хүн, нийт 271 хүн 30 техниктэйгээр түймэр унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн ОБГ-ын алба хаагчид ажиллаж байгаа.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд мөн түймрийн дуудлагатай ажиллаж байна. Үүн дээр алба хаагчид, ойн нөхөрлөл, холбогдох мэргэжлийн хүмүүс нийлсэн 150 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
Богдхан уулын түймэр бүрэн унтарсан. Цурмыг шалгах ажиллагаа явагдаж байна. Онцгой байдлын хүн хүч, техник хэрэгслийг буцаан татсан.
Цас багатай байсан тул энэ хавар түймрийн эрсдэл өндөр байгаа. Мэргэжлийн байгууллагаас анхааруулдаг ч түймэр гарах нь багасахгүй байна. Зүүн аймгуудын түймэр маш богино хугацаанд ихээхэн га талбайг хамарсан. Энэ гашуун үйл явдлын ул мөр арилаагүй байхад хойд бүсэд түймэр гарч байна. Иймд бүс нутгуудад оршиж буй иргэд аюулгүй байдлаа ханган, түймэр гарч байгаа шалтгаан нөхцөлийг таслан зогсоох хэрэгтэй” гэлээ.
-Өчигдөр болсон Хойд бүсийн зөвлөгөөнд сайд нар онцгой байдлын нисдэг тэргийг ашиглаж, Булган аймаг явсан гэдэг мэдээлэл байна. Богдхан уул руу гарах гэж багагүй хугацаа алдсан. Нисдэг тэрэг хүрэлцээтэй байсан юм уу?
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Улаанбаатар хотод салхи, шуургатай байсан тул нислэг үйлдэх боломжгүй байсан. Сэлэнгэ аймаг дахь түймрийг унтраахаар нэг нисдэг тэрэг яг одоо ажиллаж байна. Сайд нар унаж, ашигласан эсэхийг тодруулаад эргэн хэлье. Манайд түймэр унтраах зориулалттай нисдэг тэрэг байдаггүй.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.