НИЙГЭМ

Х.Мандахбаяр: Сэтгүүлчид баримтаа нууж байгаа бол дэлгэ, чадахгүй бол надад өг

Өнөөдөр /2020.01.14/ МСНЭ (Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл)-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ Зөрчлийн хуулинд байсан 6.21 дэх заалтыг устгуулж, сэтгүүлчдийн эрх чөлөөнд халддаг байсан хуулийн цоорхойг үгүй хийж чадсан гэдгээ онцолсон юм. Мөн Хууль Зүйн Сайдтай эхэнд дурдсан асуудлаар уулзаж ярилцахад, сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх асуудал байхгүй гэсэн хэмээлээ.

ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН 6.21 ДЭХ ЗААЛТ ЭРҮҮГИЙН ХУУЛИНД ШИЛЖИН НЭМЭГДЭХ ТӨСӨЛ ГАРСАН, БИД Ч ЭСЭРГҮҮЦСЭН

Х.Мандахбаяр, "Зөрчлийн хуулийн 6.21 дэх заалт нь хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд шүүлтүүргүй, шууд нөлөөлж байсан. МСНЭ шинэ бүрэлдэхүүнээр ажиллаж эхлээд энэ асуудалд анхаарлаа хандуулж, саналаа нэгтгээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Олон удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн байгууллагынхан ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.


Ингээд нийт 15 мэргэжлийн байгууллага, холбоод нийлээд гарын үсэг, тамгаа даралцсанаар Зөрчлийн хуулийн 6.21 гэдэг заалт хасагдсан. Харин энэ заалт Эрүүгийн хууль руу шилжин нэмэгдчихлээ гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Ийм төсөл гарсан нь үнэн бөгөөд бидний зүгээс эсэргүүцсэн байр сууриа илэрхийлээд байгаа” гэсэн юм.

СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАЖ, ЧАГНАСАН ГЭХ АСУУДАЛД ЦЭГ ТАВЬЯ

Харин нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудлын хүрээнд, "Энэ асуудлаар Хууль Зүйн сайдтай уулзахад, тийм зүйл байхгүй гэсэн. Яг хэнийг тагнаж, чагнасан нь тодорхойгүй байна. Анх УИХ-ын гишүүн Х.Нямбаатар найман сэтгүүлчийг тагнасан гэдэг мэдээллийг нийгэмд өгсөн. Аль нь үнэн нь мэдэгдэхгүй асуудлыг хэлэлцүүлэг зохион байгуулж таслан, зогсооё. Бүх талын хүмүүс оролцох хэрэгтэй. Сэтгүүлчид баримтаа нууж байгаа бол дэлгэ. Дэлгэж чадахгүй байгаа бол надад өг. Би мэдээлээд, дэлгээд өгье” хэмээлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button