Нийгмийн

Сонгуулийн жил бэлэн мөнгө, эд зүйл тараан хууль зөрчвөл нэр дэвшигчээр бүртгэхээс ТАТГАЛЗАНА

Өнөөдөр /2020.01.15/ СЕХ, УБЕГ, Үндэсний аудитын газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-СОНГУУЛЬД ЗАРЦУУЛАХ ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ГУРАВДУГААР САРЫН 01-НИЙ ДОТОР ТОГТООНО-

Үндэсний аудитын газрын Нийслэл дэх аудитын газрын тэргүүлэх аудитор н.Энхбаатар: “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль болон Төрийн аудитын тухай хуулиар Үндэсний аудитын газар УИХ-ын сонгуультай холбоотой таван чиг үүргийг хэрэгжүүлдэг. Сонгуулиас өмнө гурав, сонгуулийн дараа хоёр дүгнэлт гаргадаг. Сонгуулийн өмнө нам болон нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сарын 01-ний өдрийн дотор тогтоохоор хуульчлагдсан. Энэ нь сонгуулийн тойргоос шууд хамааралтай. Мөн нам эвсэлд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт орсон зорилтот арга хэмжээнд дүгнэлт гаргах ажил бий. Нам эвсэл гуравдугаар сарын 25-ны дотор, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны Төрийн аудитын байгууллагад ирүүлнэ. Ингэснээр санал авахаас 60 хоногийн өмнө мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ёстой” гэлээ.  

-СОНГУУЛЬ ЯВУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫГ БҮРЭН ХИЙЖ ДУУССАН-

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн: “Хуулийн дагуу СЕХ ирэх сарын нэгнээс сонгуулийн тойрог, мандатыг зохион байгуулна. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн жилд бэлэн мөнгө, эд зүйл тараахыг хориглосон байдаг. Хэрвээ дээрх заалтыг зөрчвөл нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах заалттай. Мөн сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргаж, шүүхээр тогтоогдвол мөн нэр дэвшигчийн бүртгэлээс хасах юм байна. УИХ-ын гишүүд сонгогчидтой уулзахдаа бэлэг тарааж болохгүй, ажлын тайлангаа тайлагнаж болох юм. Шинээр батлагдсан сонгуулийн тухай хууль нь ихээхэн онцлогтой болсон. Сонгууль явуулахад шаардлагатай техник шинэчлэлийн ажлыг бүрэн хийж дууссан. 2000 гаруй санал авах хэсэг байгуулна. 2020 оны УИХ-ын сонгуулийг товлон зарлагдах хугацааг УИХ-ын чуулганаар батлагдсаны дараа олон нийтэд танилцуулна. ТВ-үүдэд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл олгоно. 2 ба 3 дугаар сувагтай ТВ-ийн зөвхөн үндсэн сувагт зөвшөөрөл олгоно. Хоёрдугаар сарын 1-нээс өмнө хамтарсан ажлын хэсгийн журам гаргах, тойрог мандатын хуваарилалт зэрэг сонгуульд  бэлтгэл ажлуудыг дуусгана. Мөн сонгуульд ажиллах төрийн албан хаагчдын судалгаа, бүртгэлийг хийж эхэлсэн” гэлээ.

-УИХ-ЫН ГИШҮҮН БЭЛЭГ ТАРААЖ БОЛОХГҮЙ-

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: УИХ-ын гишүүн бэлэг тарааж болохгүй. Тодруулбал, хориглосон зүйлийг зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэргээр хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болох юм. 

-ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ 02.01-НЭЭС САНАЛ АВАХ ӨДРИЙН ДАРААЧИЙН ӨДӨР ХҮРТЭЛ ЗОГСООНО-

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж: “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хоёрдугаар сарын 1-нээс санал авах өдрийн дараачийн өдөр хүртэлх хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button