УЛС ТӨР

ДЭД ХОРОО: Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх хүсэлтийн хэлэлцүүлгийг ХОЙШЛУУЛАВ

НЭМЭЛТ 14:15 ЦАГТ

Н.НОМТОЙБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛИЙГ ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан  дөнгөж сая  /2020.01.17/ сэтгүүлчдийн асуултанд хариулав

-Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл нь юу вэ?

-Үндэслэлийг одоогоор хэлэх боломжгүй. Учир нь миний үндэслэлийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, шийдвэрээ гаргаагүй байгаа учраас, шийдвэрээ гаргасных нь дараа санал, үндэслэлээ хэлдэг.

-Яагаад шийдвэр гаргаагүй юм бэ?

-Би түүнийг нь гишүүдээс түрүүлээд хэлэх боломжгүй. Би саналаа оруулчихсан, эцэслэж шийдвэрлээгүй байгаа асуудлыг ярьж болдоггүй юм.

-Хэрэв таны саналыг хүлээж авахгүй бол яах вэ?

-Ямар ч арга байхгүй. Та бүхэн мэдэж байгаа,  өмнө өөр олон гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж байсан ч УИХ түдгэлзүүлээгүй асуудал бий. Цаашдаа мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн ажиллагаа зогсохгүй, үргэлжилнэ.

-Та ямар учир шалтгаанаар ажилдаа ирэхгүй удав?

-Нэг асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд ёс зүйн зарчим бий, түүн шиг бидэнд ч бий. Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Надад ч ирсэн. Хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг нууцлах заалт бий, бие биенийхээ хувь хүний нууцад хүндэтгэлтэй хандъя. Би эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд ажиллаагүй. Би эмчлүүлсэн, гам барьсан. Өнөөдөр ажилдаа орлоо.

-Нэр бүхий гишүүдийг дахин эргүүлэн татна гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад яригдах асуудал. Одоогоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын байгууллагаас хэн нэгэн гишүүнийг түдгэлзүүлье гэдэг санал ирээгүй байна.

-Хуулиараа УИХ-д өмнө нь нэр нь орж ирсэн гишүүний нэрийг дахин оруулж ирэх боломжтой байдаг уу?

-Мөрдөх байгууллагуудын ажил, явцаас асуудал шийдэгддэг.

-Өнөөдрөөс Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой бичлэг задарлаа. Прокурорын байгууллагаас уг бичлэг задарсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Хяналт, шалгалт хийж байгаа вэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны бичлэг яагаад задрав гэдгийг бид өнөөдрөөс эхлээд шалгаж эхэлж байна. Нотлох баримт яагаад задрав гэдэг асуудал хүссэн хүсээгүй шалгагдана. Шалгагдах ёстой.


НЭМЭЛТ: 13.40 ЦАГТ

Н.НОМТОЙБАЯР ГИШҮҮН ДЭД ХОРООНЫ ХУРАЛД ОРОЛЦСОНГҮЙ

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдахаар товлогдсон ч ирц хүрэхгүй буйгаас үүдэж, хүлээгдсээр өдрийн 13:00 цагийн үед хуралдсан. Дэд хороо нь Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нарын ахмад гишүүдээс бүрддэг бөгөөд гурван гишүүний ирцтэйгээр хуралдав. Дэд хорооны хуралд Н.Номтойбаяр гишүүн оролцоогүй бөгөөд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүсэлтээ танилцуулж оролцсон юм. Хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүнийг эргүүлэн татах прокурорын хүсэлтийг хэлэлцээд хойшлуулах санал оруулсан байна. Тодруулж хэлбэл, ирэх долоо хоногт дэд хорооны гишүүдийн ирц бүрдэхээр хуралдааныг зарлах юм байна.


НЭМЭЛТ 13:16 ЦАГТ

ШУУРХАЙ МЭДЭЭ: Б.НОМТОЙБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

Яг одоо /2020.01.17/ Төрийн ордонд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэллээ. Уг хурлаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байгаа юм. 

Харин Н.Номтойбаяр гишүүний зүгээс хаалттай хурлыг нээлттэй болгох хүсэлтээ илэрхийлж, нээлттэй болгосон тохиолдолд өөрийн хүсэлтээр оролцоно гэдгээ илэрхийлээд байна.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр /2020.01.16/ Н.Номтойбаяр гишүүнийг УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах  хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, хүсэлтийг хүлээн авах эсэх саналаа байнгын хороод, чуулган руу оруулах юм.


ЭХЛЭЛ 12:23 ЦАГТ

ДЭД ХОРОО ГУРВАН ГИШҮҮНИЙ ИРЦТЭЙГЭЭР Н.НОМТОЙБАЯРЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Холбогдох хуулийн дагуу Прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн дотор хүлээн авах эсэхээ шийдвэрлэх ёстой. Тиймээс өнөөдөр байнгын хороод, чуулганы ирцийг бүрдүүлж, асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй байдалд хүрээд байгаа юм.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдахаар товлогдсон ч ирц хүрэхгүй буйгаас үүдэж, өнөөг хүртэл хуралдаагүй байна. Дэд хороо нь Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нарын ахмад гишүүдээс бүрддэг.

Дэд хорооны гишүүдээс Д.Лүндээжанцан Австралид болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож байгаа бол Ч.Улаан гадаад томилолттой яваа юм. Тиймээс үлдсэн гурван гишүүд дэд хорооны хуралдааныг явуулахаар хүлээгдэж буй юм.


ӨМНӨТГӨЛ 09:40 ЦАГТ

Г.ЗАНДАНШАТАР ГАДААДАД, ЕРӨНХИЙ САЙД ХЭНТИЙД БАЙХ ЗУУР Н.НОМТОЙБАЯРЫГ УИХ-ААР “ШҮҮНЭ”

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр /2020.01.16/ Н.Номтойбаяр гишүүнийг УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах  хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, хүсэлтийг хүлээн авах эсэх саналаа байнгын хороод, чуулган руу оруулах юм.

Н.Номтойбаяр гишүүнийг гурван үндэслэлээр  бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх  хүсэлт ирсэн гэгдэж буй. Энэ өдрүүдэд МАН-ын дарга У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж буй тул эзгүй байгаа юм. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын хуралд оролцохоор явсан. Одоогоор УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан спикерийг орлож буй юм.

Улмаар УИХ-ын ихэнх гишүүд тойрог болон гадны орнуудыг зорьсон, Төрийн ордон эзгүй шахам байгаа билээ. Ийм үед УИХ-ын гишүүнийг  бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг хүлээж авах эсэхийг УИХ-аар хэлэлцэхээр болж буй нь анхаарал татаж байна.

Өмнө нь Н.Номтойбаяр гишүүнийг Г.Батхүү агсны асуудлаар худал мэдүүлэг өгсөн гэж үзэн, шүүхээр хилийн хориг тавих асуудлыг хэлэлцсэн ч хүлээж аваагүй юм. Мөнхүү Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий ААН-үүдэд зээл олгуулсан гэх мэдээлэл цацагдсан ч тэрбээр үгүйсгэж,  хэвлэлийн хурал хийсэн билээ.

Холбогдох хуулийн дагуу Прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн дотор хүлээн авах эсэхээ шийдвэрлэх ёстой. Тиймээс өнөөдөр байнгын хороод, чуулганы ирцийг бүрдүүлж, асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй байдалд хүрээд байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Номтойбаяар гишүүний эрхийг түтгэлзүүлэх нь зөв гэж бодож байна, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээж, гишүүдийн даварсан эрх мэдлийг зогсоо

Зочин
Зочин

Нямдоржоо чи прокурорын ажлыг хийлгэхгүй байна гээд попроод байсан одоо наад гишүүнээ түтгэлзүүлээд ажлыг нь хийлгээч ээ

иргэн
иргэн

Нямдорж дургуйд хүчгүй гэгчээр санаатай хойшлуулав

Холбоотой мэдээ

Back to top button