О.Цогтгэрэл: Н.Учрал МАН-ын даргын хувьд сайн, Ерөнхий сайдын хувьд “аймшигтай” төсөв боловсруулжээ
Засгийн газраас 2027 оны улсын төсвийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд буй. АН-ын дарга О.Цогтгэрэл цахим хуудсаараа дамжуулан төсвийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Намын даргын хувиар бол тэр 2027 оны төсвийг сайн хийжээ. Айсуй сонгуулиудад МАН ахмадууд, төрийн албан хаагчдын саналыг бүрэн аваад ялья гэж зорьжээ. Улсын Ерөнхий сайдын хувьд бол урхаг ихтэй, гутамшигтай төсөв хийжээ. Энэ намартаа Ерөнхий сайдын албан тушаалаасаа уначихгүй, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихгүйн тулд инфляц, бараа бүтээгдэхүүний үнэ яаж өсөх, өр зээл яах, салбарын болон бүтээгдэхүүний төрөлжилт, бүтээмж хэрхэх нь хамаагүй гэж тэр боджээ" гэлээ.
Үргэлжлүүлэн:
Тэр энэхүү төсвөөрөө залуучуудад “салаавч” өгчихлөө. 200, 300 мянгаараа дайжсан залуучуудынхаа араас та нар “Монголоос зайл” гээд эелдэгээр хэллээ. Өдөр бүр дампуурч үүдээ барьж буй бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэнд “шанаа” өглөө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн, төрийн албаны цалин өссөнийг дагаад цалин хөлсөө нэмэх, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх сорилт ААН-үүдийн өмнө ирлээ.
Тооцоо нь маш энгийн. Монгол 2.2 сая сонгогчтой. Тэдэнд ирц 50+ хувь байхад хангалттай. Ихдээ 1.2 сая сонгогч саналаа өгнө. Ялахад 600+ мянган санал хэрэгтэй. Монголын хүн амыг бүлэг, ангиллаар тавьж байгаад хамгийн амархан авч болох хэсэг рүүгээ тэгвэл төсвөө чиглүүлчихжээ. Түүнийгээ 500 мянган тэтгвэр, тэтгэмж авагч, 220,000 төрийн албан хаагчдын саналаар “босгох” нь. Ялалт л чухал гэж тооцож, онилсон хэсгийнхэндээ сонсголонтой “амтат чихэр” өгөхөөр шийджээ.
Нийт төсвийг 10 их наядаар тэлсний 80 хувь нь урсгал зардал. Үүнийгээ хэзээ орох нь тодорхойгүй ОТ-ийн ноогдол ашиг, ТӨХК-иудын ногдол ашиг, гадаад дотоод зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Тэндээс олсон мөнгөө төрийн алба, тэтгэврийнхэн рүү тэгшитгэж хуваана, дутвал зээлнэ.
“Өөхөнд зүү боож” ард түмэндээ, улс орондоо өгч болохгүй. ОУ-ын зах зээл дээрх үнэ, эрэлт өндөр байгаа цикл дуусахад төрийн эрхэнд МАН ч байхгүй, Н.Учрал байхгүй. Дараагийн Засгийн газар бүрдэхэд арай ч ийм байгаагүй улсыг ингэж самарлаа гээд дараагийн популизм, PR-аа хийнэ гэж тооцжээ. Харин тэр цаг ирэхэд Монголчууд, үнэнтэй нүүр тулсан ард түмэн яах вэ" хэмээн байр сууриа илэрхийлэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.