"Хүүхдийг “муу сурлаа” гэхээсээ өмнө ямар нөхцөл бүрдүүлсэн бэ гэдгээ харах хэрэгтэй"

Монгол Улс PISA олон улсын үнэлгээнд анх удаа оролцсон 2022 оны үр дүн боловсролын чанарын талаар нийгэмд нэлээд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Монгол сурагчдын математик, унших чадвар, байгалийн ухааны хичээлийн үзүүлэлт OECD-ийн орнуудын дунджаас доогуур гарсан нь анхаарал татахуйц дүн байлаа. Гэвч одоо бол үүнийг зөвхөн хүүхдийн хичээл зүтгэл, багшийн арга барилтай холбон тайлбарлах нь хангалтгүйг ойлгож, нийгэм, төр засгийн зүгээс хандлагаа өөрчлөхийг олон улсад уриалж, анхаардаг болж. Сурагчдыг хичээл номдоо шамдан, сайн сурч хөгжихөд тэдний амьдарч буй орчин, эрүүл мэнд, сургуульд тогтмол хамрагдах нөхцөл зэрэг нийгмийн олон хүчин зүйл нөлөөлдөг байна.
2025 оны PISA-ийн үнэлгээнд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас 191 сургуулийн 7146 суралцагч хамрагдсан.
PISA 2025-ын үндсэн ай нь Байгалийн ухаан, дэд ай нь уншиж ойлгох, математик, нэмэлт ай нь цахим орчинд суралцахуй байв. Монгол Улс багш, эцэг эх, асран хамгаалагчийн асуулгад нэмэлтээр хамрагдаж, 2 дахь удаагийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өгөгдлийн сантай болсон нь сайн хэрэг билээ.
Энэ удаад монгол сурагчид Математик 419 оноотой 49 дүгээр байрт, Байгалийн ухаан 424 оноотой 56 дугаар байрт, Унших чадвар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Харин Технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадвар буюу нэмэлт сорилоор 91 улс орны 51 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. 2022 онтой харьцуулахад Монгол Улсын 15 настай суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор ахисан, мөн суурь түвшний буюу II түвшний мэдлэг чадвар эзэмшээгүй суралцагчдын хувь долоогоор буурсан байна.
Унших, уншсанаа ойлгож илэрхийлэх чадвар болон технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадвараар манай сурагчид тааруу үнэлэгдсэнийг эндээс харж болно. Ерөөс Монголын боловсролын тогтолцоонд сайжруулах шаардлагатай зүйл олон бий. Гэхдээ тоон үзүүлэлтийн цаадах нөхцөл байдлыг хамтад нь авч үзэх учиртай.
Хүүхдийн сурах үйл явц тасалдах хамгийн түгээмэл шалтгааны нэг нь өвчлөл гэж үздэг. Ялангуяа манайх шиг хичээлийн жилийн үеэр томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг улс орон, нийслэл хотод хүүхдүүд өвөл хэд хоногоор, зарим тохиолдолд 1-2 долоо хоногоор хичээлдээ сууж чадахгүйд хүрдэг. Тухайн хугацаанд үзсэн хичээлээ хүүхэд бүрэн нөхөж ойлголтоо баталгаажуулж амжаагүй байхад дараагийн агуулга ар араасаа үргэлжилнэ. Хичээлүүд хоорондоо уялдаатай учраас эхний ойлголт орхигдох тусам дараагийн сэдвийг эзэмшихэд хүндрэл үүсэж, хоцрогдол аажмаар хуримтлагдах нөхцөл болдог байна.
Жишээ нь, манай нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэл сурагчдын хичээлийн цагаас өдөр бүр шахам "хумсалж" байдаг. Гэрээсээ эрт гарсан ч автобус ирэхгүй саатсаны улмаас сургуульдаа цагтаа очиж чадахгүй, эхний цагийн хичээлээсээ хоцрох, улмаар багшаас эмээсэндээ тухайн цагийн хичээлийг таслах тохиолдол бишгүй тулгардаг. Гэтэл хичээлийн цагаас хэдхэн минутын хоцролт өдөр бүр, долоо хоног бүр давтагдсаар байвал энэ нь тухайн хүүхдийн жилийн турш суралцах цагийн бодит алдагдал болж хувирах юм.
PISA-ийн үр дүнгээс харахад хичээл таслалт, хоцролт нь сурагчийн сурлагын амжилттай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд хичээлдээ тогтмол хамрагдаж, суралцах хэвийн нөхцөлтэй байх нь зөвхөн сахилга батын асуудал бус, боловсролын чанартай шууд холбоотой хүчин зүйл юм.
Иймд Монголын нөхцөлд энэ асуудлыг илүү өргөн хүрээнд харах шаардлагатай. Өвдсөн хүүхэд хичээлээс хоцорсон агуулгаа нөхөх боломжтой юу, олон хоног тасалдсан агуулгын хоцрогдлоос гаргахад багш, сургууль, эцэг эх ямар дэмжлэг үзүүлдэг вэ гэдэг нь боловсролын тогтолцооны нэг хэсэг байх ёстой. Мөн нийслэлийн түгжрэлээс үүдэн сурагчдын суралцах цаг алдагдаж байгаа нь зөвхөн замын асуудал бус, хүүхдийн боловсролд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйл юм.
Тиймээс PISA-ийн дүнг хүүхдүүдийн сурлагыг дүгнэх хэмжүүр төдий бус, хүүхэд сурах ямар орчинд байгааг үнэлэх байдлаар харах нь зүйтэй. Ядаж л хүйтний улиралд ханиад томуу, утаанаас болж эрүүл мэндийн шалтгаанаар олон хоногоор чөлөө, акт авч хичээлээсээ хоцордоггүй байх тийм орчин нөхцөлийг төр засаг бүрдүүлж өгөх үүрэгтэй.
Монгол хүүхдүүдийн сурлагыг сайжруулахын тулд сургалтын хөтөлбөр, багшийн ур чадвар, сурах бичгийн чанарыг сайжруулж, сурагчдыг шахах нь мэдээж чухал. Үүний зэрэгцээ хүүхэд хичээлдээ тогтмол хамрагдах боломжийг бүрдүүлэх, ямар нэг шалтгааны улмаас тасарсан хичээлийг нөхөх тогтолцоо бий болгох, цаашлаад замын түгжрэлээс үүдэн суралцах цагийн алдагдлыг тооцоолж, бууруулах асуудлыг ч анхаарч, боловсролын бодлоготой уялдуулах шаардлагатай.
Иймд хүүхдийг “муу сурлаа” гэж яаран дүгнэхээсээ өмнө түүнийг сайн сурахад нь нийгэм, орчин нөхцөл нь ямар нөлөөтэй байгаа билээ гэдгээ харах хэрэгтэй. Сурлагын чанарыг дээшлүүлэх бодит эхлэл нь хүүхдийг буруутгахаас бус, хүүхэд сурахад саад болж буй нийгмийн орчныг өөрчлөхөөс эхэлнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.