Социализмд "хүргэж өгсөн" сонихон аялал

Хуучны дэлгүүрийн лангуу, өнгө нь гандаж шарласан мөнгөн дэвсгэрт, шилэн хоргонд өрсөн шаазан эдлэл, нэгэн цагт айл бүрийн хойморт заларч явсан одон медалиуд… Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд хөл тавихад л цаг хугацаа хэдэн арван жилээр ухарч, танил атлаа мартагдаж эхэлсэн ертөнц угтана. Харин гөөхий, маахуур, танзуурны амтанд дурсамж нь сэргэх хүмүүсийн хувьд энэ аялал бүр ч онцгой. Нэг хэсэг нь хүүхэд нас, залуу насаа эргэн санаж, нөгөө хэсэг нь өвөө, эмээгийнхээ ярианаас л төсөөлж байсан нийгмийн амьдралтай бодитоор танилцаж байгаа харагдана.
Монголын Үндэсний музейгээс дэлгэсэн “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэнгээр зочлоход нийгмийн нэгэн үеийн амьдрал зөвхөн түүхийн номын хуудас, хуучны киноны кадрт үлдээгүйг мэдэрнэ. Тухайн үеийн ахуй соёл, хэрэглээний эд зүйлс, үйлдвэрийн бүтээгдэхүүн, мөнгөн тэмдэгт гээд үзмэр бүр өөр өөрийн түүхийг өгүүлж байлаа. Заримынх нь өмнө хүмүүс удаан саатаж, “Манайх яг ийм зүйлтэй байсан”, “Энэ чинь бидний үед…” хэмээн дурсамжаа хуваалцах нь сонсогдоно.
Үзэсгэлэнгийн үүднээс эхлээд л социализмын үеийн уур амьсгалыг мэдрүүлэхээр тохижуулжээ. Хуучны дэлгүүрийн лангуунаас эхлээд тухайн цаг үед хэрэглэж байсан эд зүйлсийг харах зуураа гөөхий, маахуур, танзуур худалдан авч, нэг төгрөгөөр амтлах боломж ч үзэгчдэд таатай дурсамж үлдээнэ. Түүхийг зөвхөн харж бус, амталж, мэдэрч, ярилцаж танин мэдэх энэ жижигхэн боломж энэхүү үзэсгэлэнг улам амьд болгож байлаа.







Гэрэл зургийг О.Улсболд
-Үзэсгэлэнгийн танхимд үе үеийн хүмүүс өөр өөрийн түүхийг олж харна-
Ахмад настнууд залуу насаа эргэн дурсаж, залуу үеийнхэн эцэг эх, өвөө эмээгийнхээ ярьдаг байсан амьдралыг нүдээр үзэж, сонирхож байв.
Б.Оюунтамир “Кино уран бүтээлээс л хардаг байсан орчин энд яг л тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлж байна. Үзэсгэлэнгийн үүдээр орж ирэхэд хуучны дэлгүүрийн лангуу яг хэвээрээ угтаж авлаа. Нэг ширхэг чихэр хүртэл ямар үнэ цэнтэй байсныг мэдэрч байна. Монголчууд бид ямар үнэ цэнтэй цаг үеийг туулж өдийг хүрсэн юм бэ гэсэн бодол төрлөө. Тэр үед өссөн аав, ээж маань ямар азтай хүмүүс вэ гэж бодогдож байна” хэмээв.
Харин Г.Чулуунбаатарын хувьд үзэсгэлэн хуучны дэлгүүрийн лангууг төдийгүй гэр бүлийнх нь амьдралын нэг хэсгийг санагдуулжээ. “Манай хөгшин социализмын үед дэлгүүрийн худалдагч байсан. Тэр үеийн дэлгүүрийн лангууг яг л санагдуулж байна. Ач, зээ нар маань социализмын үеийн мөнгөн дэвсгэртийг хараад их гайхаж байна. Бид тухайн үед цалингаа бэлнээр авдаг байлаа. Цалин буухаар аав, ээждээ л өгчихдөг байсан. Одоотой харьцуулахад тухайн үеийн цалин амьдралд маань хүрэлцээтэй, хангалттай санагддаг байжээ” гэж тэрбээр дурсав.
Д.Сарантуяа ч залуу насныхаа дурсамжийг сэргээсэн үзэсгэлэнг таатай хүлээн авчээ. “Социализмын үед багш, эмч нарын цалин өндөрт тооцогддог байлаа. Тухайн үед хүмүүс их зүйлд шунадаггүй, хэрэгтэй зүйлдээ л мөнгөө зарцуулдаг байсан. Залуу насны дурсамж сэргээсэн сайхан үзэсгэлэн болжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Харин Н.Лхаммягмар эмээгийнхээ ярьж өгдөг байсан түүхүүдийг үзэсгэлэнгээс илүү ойроос мэдэрчээ. “Эмээ маань социализмын үеийн сонирхолтой дурсамжаа ярьж өгдөг байсан. Үзэсгэлэнгийн хаалгаар анх орж ирэхэд тухайн үеийн хүмүүс ямар их хөдөлмөрч байсныг мэдэрч байна. Өвөө, эмээтэйгээ хамт ирж үзвэл тэднээрээ тайлбарлуулж, илүү ойр дотно санагдах юм байна. Дээр үеийн сонирхолтой, хөгжилтэй зүйлсийг их ярьж өгдөг. Өвөө, эмээгийн маань гэрт байдаг одон медалиуд энд ч бас дэлгэгдсэн байна” гэв.
Үнэхээр ч энэ үзэсгэлэнг үзэхэд зөвхөн үзмэрүүдийг хараад өнгөрөхөөс илүүтэй хамт яваа хүмүүсийнхээ дурсамжийг сонсох нь аяллын нэг хэсэг болж байлаа.
Музейн үүрэг бол өнгөрсөн үеийг зөвтгөх, буруутгах бус, бодит баримт, үзмэрээр дамжуулан түүхийг олон нийтэд хүргэх явдал. Үзэсгэлэнд дэлгэгдсэн эд зүйлс тухайн цаг үед хүмүүс хэрхэн амьдарч, хөдөлмөрлөж, хэрэглэж, бүтээж байсныг өгүүлнэ. Тиймээс “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг зөвхөн дурсамж сэргээх орчин гэж харахаас илүүтэй Монгол Улсын түүхийн нэгэн чухал үеийг эргэцүүлэн ойлгох боломж гэж үзэх нь зүйтэй гэдгийг Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, сан хөмрөгийн газрын дарга З.Нинжбадгар хэллээ.

Б.Оюунтамир: Социализмын үед нэг ширхэг чихэр ч ямар үнэ цэнтэй байсныг мэдэрч байна 
Н.Лхаммягмар: Үзэсгэлэнгийн хаалгаар ороход л тухайн үеийн хүмүүсийн хөдөлмөрч зан мэдрэгдэж байна 
Д.Сарантуяа: Социализмын үед багш, эмч нарын цалин өндөрт тооцогддог байлаа 
Г.Чулуунбаатар: Тухайн үеийн цалин амьдралд маань хүрэлцээтэй, хангалттай байсан 
Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, сан хөмрөгийн газрын дарга З.Нинжбадгар
Монголын Үндэсний музейн “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн 2026 оны аравдугаар сарын 10-наас арваннэгдүгээр сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Мөн музейн “Үдшийн музей – 7 хоног” арга хэмжээний хүрээнд аравдугаар сарын 18-ныг дуустал музей 09:00–20:00 цагт ажиллаж, сүүлийн үзэгчээ 19:00 цагт хүлээн авна. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.