НийгмийнСурвалжилга, Нийтлэл

Орон нутгийн багш нар: Сурагчид эгшиг, гийгүүлэгчээ ялгахгүй болжээ

Халдвар илрээгүй эрүүл бүс нутагт танхимын хичээл эхэлж, нэг сурагч нэг ширээнд сууж буй. Ингэснээр багш нар нэг удаа заах байсан хичээлээ хоёр удаа зааж, өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажиллах сонголттой нүүр тулжээ. Ачаалал ихтэй ажиллаа гээд тэдэнд ямар ч нэмэгдэл цалин олгохгүй. Уг нь бол ердийн үеийнхээс илүү их ачаалалтай ажиллаж буй. Энэ талаар болон цар тахлын үеийн сургалтанд тулгамдаж буй асуудлын талаар орон нутгийн багш нартай холбогдож тодрууллаа.

Бид хамгийн түрүүнд Увс аймгийн Улаангом сумын ахлах гуравдугаар сургуулийн химийн багш Я.Баярхүүтэй холбогдлоо. Тэрбээр биднийг залгахад хичээлтэй байсан бөгөөд хичээлийн завсарлагаар цөөн хором ярилцлаа.

Я.БАЯРХҮҮ: НЭГ АНГИЙН СУРАГЧДЫГ ХОЁР ХУВААЖ ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ШААРДЛАГА АЛГА

Хичээл эхлээд 11 хонож байна. Миний хувьд 6-12 дугаар ангид хичээл заадаг. 30-аас дээш хүүхэдтэй анги хоёр хуваагдаж хичээллэж байгаа. Харин 30-аас бага хүүхэдтэй ангийг хоёр хуваалгүй, ангиар нь хичээлийг нь зааж байна. Миний хувьд 30-аас дээш хүүхэдтэй дөрвөн ангид хичээл ордог. Ингэж хоёр хувааж, хичээл зааснаар багшид ирж буй ачаалал хоёр дахин нэмэгдэж байна. Нэг ангийн сурагчдыг хоёр хувааж хичээллүүлэх шаардлага алга. Учир нь анги, танхим том биш болохоор ингэж хуваасан, хуваагаагүй хүүхдүүд хоорондын зайгаа барьж, чадахгүй байна. Тэгэхээр халдвар тархаагүй аймаг, сумдын хичээлийг ангиар нь л хичээллүүлмээр байна. Тэгвэл бид хичээлээ заах цагт нь заачхаад үдээс хойш хоцрогдолтой байгаа хүүхдүүддээ нэмэлтээр давтлага өгмөөр байгаа юм.

Миний хичээл орж байгаа нэг ангийн дөрвөн хүүхэд л теле хичээлээ үзсэн байна. Зарим сурагчид теле хичээлээ үзсэн ч “хугацаа нь богинохон, хурдан ярьдаг учир тэмдэглэж авч чадаагүй” гэсэн. Бас зарим сурагчид “багш нарын яриа нь ойлгомжгүй байсан” гэж байна лээ.

Яахав аймгийн төвийн хүүхдүүд хичээлээ ухраагаад үзчихэж байгаа юм. Харин малчин айлын хүүхэд ойлгоогүй хичээлээ ухрааж үзэх боломжгүй шүү дээ. Бүр зурагт ч үгүй айлын хүүхдүүд байгаа. Уг нь теле хичээлийн үеэр ч хүүхдүүдтэйгээ тогтмол холбоотой байж, ажилласан. Гэсэн ч хоцрогдол маш их байна. Тиймээс арваннэгдүгээр сарын 11-нээс хойших хичээлийг давтан зааж байгаа. Боловсролын хүртээмжгүй байдлаас болоод маш олон хүүхэд хохирчээ. Теле хичээлд дэмий л их мөнгө зарцуулсан юм шиг санагдаж байна.

Үүний дараа бид Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын бага ангийн багш Н.Бадамцэцэгтэй холбогдлоо. Тэрбээр гуравдугаар ангид багшилдаг байна.

Н.БАДАМЦЭЦЭГ: НЭГ ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЭД ҮДЭЭС ХОЙШ ХОЦРОГДОЛТОЙ БАЙГАА ХҮҮХДҮҮДДЭЭ НЭМЭЛТЭЭР ДАВТЛАГА ӨГВӨЛ ЗҮГЭЭР БАЙНА

Манай анги 33 хүүхэдтэй. Хотоос өвөө, эмээгийндээ ирсэн хоёр хүүхэд нэмэгдээд 35-уулаа болсон. Хоёр хуваагдан хичээллэж буй. Ер нь бол багш нар өглөө 08:30 цагт сургууль дээр ирээд орой 20:00 цаг гэж л гэртээ харьж байна. Гэртээ хариад маргаашийнхаа хичээлд бэлтгэж байтал 00:00 цаг болчихно. Тийм л ачаалалтай ажиллаж байна даа.

Хичээлийн хоцрогдол их л байна. Ялангуяа малчин айлын хүүхэд телевизээр хичээл үзэх боломж муу байдаг. Аккумлятор нь суучихна. Утасны сүлжээгүй тул, холбоо барьж чадахгүй тохиолдол гарна. Холбоо барьж чадаагүй хүүхдүүдийн гэрийн даалгаврыг багийн дарга нараар нь л гэрт нь хүргүүлж ажилласан. Гэвч ангийнхаа сурагчдад гуравдугаар ангийнхаа агуулгыг орох боломжгүй хоёрдугаар анги, зарим тохиолдолд нэгдүгээр ангийн хичээлийг сэргээн зааж байна. Тэгэхгүй бол зарим нь эгшиг, гийгүүлэгчээ ялгахгүй болчихжээ.

Миний хувьд 09:00-12:40 хүртэл эхний ээлжийн хичээлээ заачхаад дараагийн ээлжийн хичээл эхэлтэл 4-5 хүүхэд авч үлдэн хоцрогдлыг нь арилгахаар ажилладаг. Дараагийн ээлж 13:30-16:30 хүртэл хичээллэж, дууссаны дараа мөн л хоцрогдолтой байгаа хүүхдүүдийг авч үлдээд ойлгоогүй зүйлийг нь шатлалтайгаар зааж өгч буй. Ер нь бол хөдөө орон нутгийн хичээлийг заавал хоёр ээлжээр хичээллүүлэх шаардлага алга л байна. Ээлжээр орж буй ч нэг танхимд л хичээллэж байгаа шүү дээ. Ингэж байхаар нэг ээлжээр хичээллээд үдээс хойш хоцрогдолтой байгаа хүүхдүүддээ нэмэлтээр давтлага өгвөл зүгээр байна.

Төгсгөлд нь түүнээс өдрийн хоолоо идэх зав, зай байгаа эсэхийг асуутал, “Үдийн цайнаас аяга хоол олдвол идчихнэ. Олдохгүй бол хоол идэхгүйгээр өнжинө дөө. Угаасаа ажиллаж байгаа цайны газар байхгүй” гэлээ.

Хамгийн сүүлд бид Архангай аймгийн Цэцэрлэг сумын бага ангийн багш С.Нарантуяатай холбогдож мэдээлэл авав.

С.НАРАНТУЯА: ӨМНӨ ЗААСАН ХИЧЭЭЛЭЭ ДАВТАН СЭРГЭЭХЭД ХҮРЧ БАЙНА

Манай анги 34 хүүхэдтэй болохоор хоёр ээлжээр хичээллэж буй. Өглөөний ээлж 9:10-12:20 хүртэл, хоёрдугаар ээлж 13:55-16:15 хүртэл хичээллэнэ. Гуравдугаар ангийн сурагчид болохоор үсэг, тоогоо мартсан тохиолдол бол алга. 1-2 дугаар ангийн сурагчид л үсэг, тоогоо мартсан тохиолдол ганц нэг байх шиг байсан.

Одоо бол бага ангиудад монгол хэл, математикийн хичээл хоёр, хоёр цаг орж буй. Хүүхдүүд ч хичээлээ их мартаж. Ер нь бол өмнө заасан хичээлээ давтан сэргээхэд хүрч байна. Цаашид нэг ээлжээр хичээллээд, орой нь давтлага ормоор байгаа юм. Анги, танхимууд харилцан адилгүй талбайтай тул зай барих асуудал яг таг мөрдөгдөж байгаа гэхэд хэцүү. Ор нэрийн төдий л хэрэг болж байна. Тиймээс нэг ээлжээр хичээллэвэл зүгээр байна. Багш нарын ачаалал ч багасна шүү дээ.

Тэрбээр хүүхдүүд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж буйг онцлон ярилаа. Сурагчид хоёр ээлжийн амны хаалт, хуурай, нойтон гарын алчуур, ариутгагчтай ирж буй аж. Мөн хоёр цаг тутам агааржуулалт оруулж, завсарлагын цагаар чийгтэй цэвэрлэгээ хийж байгаа гэнэ.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Бидний холбогдсон багш нар бүгд нэг ээлжээр хичээллэх саналтай байлаа. Тэд нэг ээлжээр хичээллэвэл орой нь нэмэлтээр давтлага өгөх боломжтой болно гэж байсан юм. Мөн хичээлийн хоцрогдол их байгаа жишээ нь теле хичээл хэр хүртээмжтэй, ойлгомжтой байсан бэ гэдэг асуултад давхар хариулт өгөөд амжив. Халдвартай бүс нутгуудад танхимын хичээл эхлээгүй тул одоо ч теле хичээл орж буй шүү дээ. Тиймээс уг асуудлыг салбарын яам ажигч нүдээр нэг хараад үзээсэй. Үнэхээр үр дүнгүй цаг хугацаа, мөнгө үрсэн дэмий зүйл бол теле хичээлийг зогсоогоосой. Танасан зардлаа танхимын хичээл эхлэхээр хоцрогдол арилган давтлага хийх багш нарт нэмэлт цалин болгож өгөөсэй. Тэгэхгүй бол заасан нэртэй, заалгасан нэртэй юу ч сурсан юмгүй, эцсийн бүлэгтээ хүүхдүүд хохироод үлдэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch
3 сар 13, 2021 15:20

Yum bolgond iluu tsagiin huls neheed baival uls ornii ediin zasag yu boloh bilee horio tseertei uyed tsalingaa avaad l baisan shude

Bay
Bay
3 сар 14, 2021 16:29

Тэр гийгүүлэгч хүний амьдр�##�д ямар хэрэгтэй гэж ш�##� хэрэггүй шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button