Б.Батдэлгэр: 133-р сургууль дөрвөн ээлжээр хичээллэж байна

Баянзүрх дүүргийн 26-р хорооны хүүхдүүд 133-р сургуульд дөрвөн ээлжээр хичээллэж, Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.
Эцэг эхийн төлөөлөл Б.Батдэлгэр: БЗД-ийн 26-р хороо Нийслэлийн шинэ суурьшлын бүс буюу Сүхбаатарын талбайгаас хоёр километрийн зайтай байдаг. Гэтэл энд байгаа хүүхдүүд Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 7-д заасан “Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхээ эдэлж чадахгүй” байна. Манай хороо улсын ганц сургуультай тэр нь өөрийн хичээлийн байргүй.

133-р сургууль олон улсын стандартаас маш доогуур орчинд дөрвөн ээлжээр хичээллэж байна. Мөн төрийн өмчийн ганц ч цэцэрлэг байхгүй. 24 мянга гаран хүн амтай дүүрэг ийм байж болох уу. Гэтэл энэ хорооны хүүхдүүд, багш нар, иргэд үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. “Монгол тэмүүлэл” сургууль нүүлгэвэл хоёр ээлжээр хичээллэх боломжтой. Манай хороонд цогцолбор сургууль байх ёстой.
БСШУС-ЫН ЯАМ ЭНЭ АСУУДЛАА ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА
133 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Өсөхцэцэг: “Өнөөдрийн байдлаар "Монгол тэмүүлэл” сургуулийн 1,2 дугаар давхар манай сургуулийн 13 ангид, 43 бүлэг дөрвөн ээлжээр хичээллэж байна.
Дээрээс нь багш нарын өрөө ч байхгүй учраас өдөржин коридорт зогсож, өглөө 8:00 цагт ирсэн багш бүтэн 12 цаг тасралтгүй ажиллаж байна.
Уг нь гурван ээлжээр ажиллаж байгаа багш нарт илүү цагийн хөлс олгох ёстой. Гэтэл бүр дөрвөн ээлжээр ажиллаж байгаа багш нарт илүү цагийн хөлс гэж огтхон ч алга.
Түүнээс гадна "Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэх асуудалд хоёр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Гэвч тус ажлын албан бичиг дээр нь энэ талаар судална гэснээс, шийдвэрлэх хугацаа алга.
133 дугаар сургуулийн болон "Монгол тэмүүлэл” сургуулийн нийт 2,000 гаруй хүүхдийн энэ асуудлыг судлаад, шинжилж цаг хугацаа бараад байх шаардлага байхгүй.
Нийслэлийн засаг дарга, БСШУС-ын сайд болон бусад холбогдох албаны хүмүүсийг сургууль дээрх хүнд нөхцлийг очиж харахыг хүсэж байна.
Ийм олон хүүхэдтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байхад агааржуулалтаас эхлээд асуудал их.
Багш нар самбараасаа эхний ширээ хүртэл 50 метрийн зайтай бөгөөд нэг ширээнд дөрвөн хүүхэд суудаг. Гэхдээ хоёр сургуулийн ажилчид адилхан байдалд байгаа учраас багш нар хоорондоо зөрчилдсөн асуудал байхгүй.
Ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна.
Нэмж хэлэхэд, Манай сургуульд бүтэн гурван жилийн турш нэг ч хөрөнгө оруулалт хийгдээгүй” гэсэн юм.
Б.АМАР
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.