Б.Бадамцэцэг: А.Ариунзаяа сайдтай уулзахад “Зөвхөн өөрийнхөө бус бусад ээж, хүүхдийн асуудлыг ярьлаа” гэж уурласан

“Охиныхоо эмчилгээний мөнгийг цуглуулаад, гадаад руу бусдын адил чимээгүй явж болох л байсан. Би тэгэхийг хүсээгүй. Дахиад өөр хүүхэд миний охин битгий өвдөөсэй, эцэг, эхчүүд хань бид хоёр шиг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг битгий мэдрээсэй гэсэндээ л ингэж тэмцэж, дуу хоолойгоо төр засагт хүргээд яваа юм. Би бууж өгөхгүй. Зөвхөн өөрийнхөө бус Монголын бүхий л ээжийн дуу хоолой байхын төлөө эрвийх, дэрвийхээрээ зүтгэнэ” гэж буй түүнийг Базаргүрийн Бадамцэцэг гэдэг.
Өдрөөс өдөрт бие нь муудаж буй охиноо л эмчлүүлээд эдгээчих юм сан гээд шаналж, шөнө унтах ч сөхөөгүй яваа тэрбээр 2021 оны есдүгээр сарын 5-нд амаржин, охин Цэрэнлхамыгаа төрүүлжээ. Охин нь 33 долоо хоногтой, кесерова хагалгаагаар дутуу мэндэлсэн. Үүний улмаас мөн утаа, агаарын бохирдол зэрэг орчны нөлөөнөөс болж тархи нь бүрэн төлжөөгүй.
Өдгөө тархины хүчил төрөгчийн гүн дутагдалтай гэж оношлогдон, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа юм. Б.Цэрэнлхам охин нь уйлах, мөөмөө хөхөх, хоол идэх рефлексгүй. Тиймээс байнга хүчил төрөгчийн аппаратанд байдаг, гуурсаар хооллодог.
Б.Бадамцэцэг эгч найман сартай охиноо эмчлүүлэхийн төлөө очоогүй эмнэлэг, аврал эрээгүй эмч Монголд байхгүй. Бага дээр нь эмчлүүлэхгүй бол саажилттай болох эрсдэлтэй, Монголд 100 хувь эмчлэх боломжгүй гэсэн тул гадаадад эмчлүүлэх боломжийг судалжээ.
Б.Бадамцэцэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн ярилцлагыг эндээс үзнэ үү.
Азаар БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Хүүхдийн эмнэлэгт эмчлүүлэхээр болж, хэд хэдэн удаа хандивын тоглолт хийн, аян өрнүүлжээ. Аргагүйн эрхэнд, охиноо л эмчлүүлэх сэн гээд орон сууцаа борлуулж, эмчилгээнийх нь зардлын тодорхой хувийг бүрдүүлсэн байна. “За, ашгүй эмчилгээнийх нь мөнгийг овоо бүрдүүлчихлээ. Бушуухан л гадаад руу явж эмчлүүлье” гэтэл дахин нэг асуудалтай тулгарчээ. Тэр нь нярай хүүхдийг онгоцонд тээвэрлэхэд зориулсан зориулалтын амьсгалын аппарат.
Дахиад л “Яах вэ” гэдэг асуултын өмнө зогслоо, хана мөргөлөө, Б.Бадамцэцэг эгч. Тэр тэсэрсэн. Монголын бүхий л ээж, хүүхдийг төлөөлж хэвлэлийн хурал хийн, НҮБ-д хандахаар болсноо мэдэгдсэн. Түүнтэй ярилцлаа.
НЯРАЙ ХҮҮХДИЙН ЗОРИУЛАЛТЫН АППАРАТГҮЙН УЛМААС ГАДААД РУУ ЭМЧИЛГЭЭНД ЯВАХ БОЛОМЖГҮЙ БОЛЧИХЛОО

-БНСУ-аас эмч ирж охиных нь биеийг үзсэн гэсэн. Ямар хариу хэлэв. Охиных нь бие одоо хэр байна вэ?
-Охин маань одоо ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмлүүлж байна. Энд эмчлүүлээд 65 хоноод байгаа. Хоёр хоногийн өмнө БНСУ-аас эмч ирж, охиныг минь үзлээ. Солонгос эмч нар, Энхтайван эмчтэй зөвлөлдөж байгаад аппаратнаас нь салгасан. Ямартай ч аппаратгүй 48 цаг болчихлоо.
Охины минь бие, үзүүлэлтүүд нь одоо овоо хэвийн байна. Судас нь олдохоо больсон. Венийн судсанд нь гуурс тавих боломжгүй болоод байгаа. Эмчилгээг нь чөмгөнд нь хийж байна. “Охиноо эдгээж чадна. Эмчлэгдэнэ” гэсэн дүүрэн итгэлтэй сууна. Үнэнийг хэлэхэд шантармаар, цөхөрмөөр үе олон гарч байна аа.
-Охиноо гадаад руу эмчлүүлэхээр явахад аппарат асуудал гарсан гэж дууллаа. Зориулалтын аппарат нь Монголд байдаггүй юм уу?
-Харин тийм юм байна. Охиноо эмчлүүлэхээр, хандивын аян өрнүүлж эхлэхдээ эмч нараас “Хүүхдээ гадаад руу авч яваад эмчлүүлэх боломжтой юу” гэж хамгийн түрүүнд асуусан. Тэгэхэд “Боломжтой” гэсэн. Гэтэл орон сууцаа заран барин эмчилгээнийх нь тодорхой хувийг бүрдүүлээд яг явах гэтэл “Нярай хүүхдийг онгоцонд авч явах зориулалтын амьсгалын аппарат Монголд байхгүй” гэх юм. Юу гэсэн үг вэ. Хүний амь тоглоом юм уу. Одоо бидэнд хамгийн чухал байгаа зүйл бол цаг хугацаа. Нэг секундийн өмнө ч болтугай охиноо эмчлүүлье, эмчилгээг нь эхлүүлье гээд явж байгаа шүү дээ.
-Одоо тэгэхээр ямар гарц, боломж байгаа вэ?
-Амьсгалын аппаратны асуудлыг нь шийдэж чадвал БНСУ-д очоод эмчлүүлэх боломж бий. Мөн БНСУ-аас эмч нар Монголд ирээд охинд минь мэс засал хийх боломж байгаа. Яг яах нь уу. Тодорхой хариу хүлээж байна. Охиноо эмчлүүлэхийн төлөө бүхий л гарц, боломжийг эрэлхийлэлгүй яах вэ. Бүхий л боломжийг ашиглана.
-Та хэд хоногийн өмнө хэвлэлийн хурал хийсэн, Эрүүл мэндийн сайд, Шадар сайдтай уулзлаа. Ер нь ингэж тэсрэхэд, дуу хоолойгоо хүргэхэд юу нөлөөлөв?
-Өнөөдөр Монголын нийгэм, эрүүл мэндийн салбар ямар байгааг хүмүүс надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Хүүхдээ эмчлүүлэх гээд хэдэн сараар ингэж явах нь битгий хэл ханиад хүрэхэд нь эмчлүүлэх, эмнэлэгт хандахад ямар хүндрэл, бэрхшээлтэй, хүнд сурталтай тулгардаг билээ дээ. Тэсэрсэн, дуугарсан нь л би болохоос тэгэхээс наагуур байгаа олон эцэг, эх бий.
Хүүхэд нь хүнд өвдсөн эцэг, эх яах учраа олохгүй сандардаг. Ийм үед нь төр засаг ядахдаа гадаадын эмнэлгийг нь судлаад, холбоод өгчих хэрэгтэй шүү дээ. Сандарч явахад том дэмжлэг, түшиг болно доо. Гадаад харилцааны яам энэ тал дээр таг дүлий юм шиг л байдаг.
Энд (Сэхээн амьдруулах тасаг) долоон хүүхэд хэвтэж байна. Өнөөдөр Монголд хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд бий. Охин минь хоёр сартайдаа оношлогдсон. Хэдэн нас хүрсэн ч оношлогдоогүй, хэлд, хөлд ороогүй хүүхэд олон. Эх хүний нулимс дахиж битгий урсаасай, хүүхэд бүхэн эрүүл, эсэнд мэнд байгаасай л гэсэндээ би ингэж дуугарч яваа юм. Тэрнээс биш төр засаг, ЭМЯ, эмнэлэг, эмч нарыг буруутгах бодол надад байхгүй. Үнэн, бодит юмыг л хэлж, дуугарч байгаа.
УИХ-ын 76 гишүүн ёстой хуудал, хуурамч. Яагаад гэвэл би охиноо эмчлүүлэх гэж хөөцөлдөөд уулзаагүй төрийн түшээ, холбоо бариагүй эрх бүхий хүн байхгүй. Ёстой нөгөө хүмүүсийн хэлдэгчлэн “худ” хүмүүс байдаг юм билээ. Салбарын сайдууд бол яах вэ, хөөрхий эрвийх дэрвийхээрээ туслах юм сан гэж байна. Ирээд уулзаж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ТЭРГҮҮН ХАТАГТАЙД БИЧСЭН ЗАХИЛДЫН ХАРИУ ИРЭЭГҮЙ БАЙГАА
-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Тэргүүн хадагтайд захидал илгээсэн гэсэн. Хариу ирсэн үү?
-Ямар нэгэн хариу ирээгүй байгаа. Ураг эхээс эрүүл төрөхийг төр хариуцна гэж хуульд заасан байдаг шүү дээ, уг нь. Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нартай биечилж уулзсан. Шадар сайд, Ерөнхий сайд хоёр туслаж, дэмжихээ илэрхийлсэн. А.Ариунзаяа сайд харин ёстой инээдтэй санагдсан шүү, шударга хэлэхэд.
-А.Ариунзаяа сайд таны эгдүүцлийг яагаад төрүүлэв?

-Бүх юм ил тод байх ёстой, хөшигний ард ямар нэгэн худал, хуурмаг юм байх ёсгүй гэж бодсондоо би үүнийг ярих гэж байгаа юм шүү. Би зөвхөн өөрийнхөө бус Монголын бүхий л хүүхдийн асуудлыг яриад орсон байхгүй юу. Гэтэл энэ нь сайдад таалагдаагүй. “Өөрийнхөө л асуудлыг ярьсангүй. Олныг төлөөллөө” гэж уурласан. Зөвхөн өөрийнхөө асуудлыг ярих ёстой байсан юм гэнэ.
Монголд маш олон эцэг, эх хүүхдээ эмчлүүлэх сэн, эдгээх сэн гээд сандарч явахад би яаж өөрийнхөө л хүүхдийн асуудлыг яриад суух вэ дээ. Би үнэндээ тэгж чадахгүй. Сэтгэл тэвчихгүй. Нэгэнт сайдтай уулзсаных зөвхөн өөрийнхөө бус бүхий л эцэг, эхчүүдэд тулгамдаж буй асуудлыг ярихыг, хүрэх ёстой хүнд нь хүргэхийг хүссэн юм л даа.
Одоо Монголын эрүүл мэндийн салбар тогтолцоогоо өөрчлөхгүй бол ахиж, дэвжихгүй ээ. Юу ч өөрчлөгдөхгүй. Одоо байгаа нөхцөл байдал улам дордоно, эцэг, эхчүүд бүр ч туйлдана. Өнөөдөр охин минь найман сар гаруйтай. Өнөөг хүртэлх хугацаанд надаас нэг ч удаа “Чи ямар нөхцөлд амьдардаг вэ. Жирэмсэн байхдаа ямар эм хэрэглэсэн бэ” гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар асуугаагүй, судлагаа аваагүй. Дараа, дараагийн жилүүдэд ч Монголд ийм хүүхэд төрсөөр байх вий гэхээс би айж байна. Охин минь ургийн гажиггүй. Миний шинжилгээнүүд бүгд хэвийн гарч байсан. ЭХО-нд ургийн гажгийг нь үзүүлэхэд зүгээр байсан.
Охиныг минь Америк, Солонгос эмч ирж үзлээ. Нэг л юм хэлж байна. Тэр нь “Тархинаасаа бус уушгины асуудлаас болж ингэж өвдөж” гэж байгаа. Тэгэхээр охин маань анхнаасаа буруу оношлогдсон болж таарч байгаа юм. Анх үзүүлэхэд нь л уушгийг нь зөв оношилж, эмчилсэн бол охин минь эдгэрэх боломж бүр нэмэгдэх байлаа.
ОХИНОО НАД ШИГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛЧИХ ВИЙ ГЭХЭЭС АЙЖ БАЙНА
Хөгжлийн бэрхшээлтэй болно гэдэг бол Монголын нийгэмд хар там руу унахаас өөрцгүй. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. Энэ зовлонг би сайн мэднэ. Автобусанд суугаад явахад хүртэл ямар байдаг билээ. Охиноо би өөр шигээ хөгжлийн бэрхшээлтэй болгочих вий гэхээс үнэхээр айж байна.
-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Монголд эмчлэх боломжгүй, зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлж буй иргэдэд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал гаргасан. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Дэмжихгүй. Төрийн, Д.Сарангэрэл гишүүний шоу шүү дээ. Битгий ийм байгаач ээ. Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд байсан хүн. Ийм санал гаргахад нь миний лав уур хүрсэн. Д.Сарангэрэл сайд байхдаа хөшигний цаана хэчнээн асуудалд орооцолдож, эм, тарианы бизнесийг цэцэглүүлчихээд өнөөдөр ийм юм ярьж болохгүй.
“Эмчилгээнийхээ мөнгийг яах вэ” гэж яваа хүмүүст 100 сая төгрөг шиг хэрэгтэй юм байхгүй. Зүгээр бэлэнчлэх сэтгэлгээгээр харвал хоёр гараа өргөөд дэмжмээр. Гэхдээ Монголын өнөөгийн эдийн засаг ямар байгаа билээ. Гадаадад эмчлүүлж буй хүн бүхэнд 100 сая төгрөг өгч чадахгүй. Өглөө ч зөвхөн тухайн хүний санхүүгийн асуудлыг л шийдэж өгнө. Хамгийн гол нь монгол хүн өвдөөд, гадаад руу эмчлүүлэхээр явахгүй байх нөхцлийг л бүрдүүлэх чухал байгаа юм. Гаргалгаагаа маш зөв гаргах хэрэгтэй. Төсвийн мөнгө ёо гэхгүй ч бидний төлсөн татвар шүү дээ.
ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХ ИРГЭДИЙГ ТӨР ХОЛБОЖ ӨГДӨГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
-Эрүүл мэндийг салбарыг өөрчлөхөд, хүүхэд бүхэн эрүүл, аз жаргалтай амьдрахад хамгийн чухал зүйл юу байна вэ?
-Би өнөөдөр хүүхдийнхээ хандивыг цуглуулаад, дуугүй явж болох л байсан. Зүгээр л өөрийгөө бодоод. Гэхдээ би тэгж тэвчээгүй. Ганц ч болтугай хүүхэд хүнд битгий өвдөөсэй, ганц ч болтугай эцэг, эх “Хүүхдээ яаж эмчлүүлэх вэ” гэж сандарч битгий гүйгээсэй гэсэндээ л би ингэж яваа.
Аль тогтогтолцоо нь буруу болоод өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар ийм байдалд хүрэв. Яг хаанаа алдаа, дутагдал байгаа болоод ийм олон хүүхэд хүнд өвчин тусаж, гадаадад эмчлүүлж байна вэ. Миний охин шиг хүүхдүүд яагаад төрөөд байна вэ. Аль тогтолцоо нь буруу болоод миний ээж хавдраар өөд болов. Хаанаа гажуудал байгаагаас иргэн Б.Бадамцэцэгийн хөлөнд чихээсний марл байв. Ерөөсөө тогтолцоогоо өөрчлөх, эрүүл мэндийн салбарт бугласан идээ бээр, гажуудлыг л арилгах чухал.
Тэрнээс биш “Засгийн газар огцор” гэж орилоод энэ бүхэн өөрчлөгдөхгүй. “Чиний буруу, миний зөв” гэж талцаад ямар ч шийдэлд хүрэхгүй.
Өнөөдөр эмч, сувилагч, асрагч нарын цалин хэд байгаа билээ. Хөгжлийн бэрхшээлтэй 11.000 хүүхэд өнөөдөр дээр, ямар ч аз жаргалыг мэдрэхгүй амьдарч байна.
Эмээлтэд ямар аймар хортой мах боловсруулж байна вэ. Тэрийг нь бид 13.000 төгрөгөөр худалдаж аваад, хүнсэндээ хэрэглэж байгаа шүү дээ. Хоол биш хор худалдаж авч байгаа. Хэн нэгэн рүү дайрах, бурууг өгөх шиг амархан юм байхгүй. Асуудлыг эрүүлээр, бодитоор харж зөв шийдэл гаргах хэрэгтэй. Өнөөдөр нийгмийг яаж л бол яаж эргүүлж болохоор тийм цаг үед бид амьдарч байгаа. Гэхдээ хэзээ ч тэгж болохгүй.
Гадаадад эмчлүүлэхээр болсон иргэдийг төр холбож өгдөг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол гадаадын зарим эмнэлэг өвдсөн хүнийг зүгээр л мөнгө гэж хардаг. “Баахан эмчилгээ хийлгэж, төлбөр авснаа “Эмчлэх боломжгүй юм байна” гээд буцаадаг. Үнэхээр эмчлэх боломжгүй байсан уу. Эмчилгээний явцад алдаа гарсан уу, буруу оношилсон уу гэдэг дээр ямар ч хяналт байдаггүй.

Тэгэхээр иргэн Б.Бадамцэцэг гадаадын нэг эмнэлэгтэй холбогдож очоод эмчлүүлэх нэг өөр. Тухайн эмнэлэгтэй Монголын төр иргэнээ төлөөлж холбоо тогтоовол илүү албан ёсных. Тэр хэрээр иргэд бид эмчилгээ хийлгэхэд, холбогдоход хялбар болно шүү дээ.
Одоо асуудалд шинжлэх ухаанч хандах хэрэгтэй. Ямар ээж, ааваас яагаад ийм хүүхэд төрөв. Эхийнхээ хэвлийд хэвийн бойжив уу. Гадаад орчин нөлөөлөв үү гээд олон талаас нь судлах хэрэгтэй. Тэгж байж эрүүл хүүхэд төрж, эсэн мэнд бойжих орчин нөхцлийг бүрдүүлнэ. Жишээлбэл, надаас нэг ч удаа судлагаа аваагүй, “Яагаад хүүхэд нь ингэж өвдөв, ийм төрөв” гэж асуугаагүй. Уг нь асууж, судлах хэрэгтэй байхгүй юү. Тэгж байж дахиад ийм хүүхэд төрөх эрсдэлийг бууруулна.
Хөгжлийн бэрхшээлтэй ээжид улсаас ямар ч дэмжлэг байдаггүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ээжүүд биднийг басамжлан доромжилж байна. Би энийг бүр тодотгож хэлмээр байна.
МИНИЙ АРД ХАНЬ, ХҮҮ, ОХИН МИНЬ Л БАЙГАА

-Олны өмнө ил гараад, үзэл бодлоо илэрхийлэхээр “Ард нь хэн байгаа вэ. Хэний захиалгаар ингэж дуугарав” гэх хардлага зарим хүнд төрж байгаа болов уу. Таны ард хэн нэгэн бий юү?
-Байхгүй ээ. Яг тэгдэг юм билээ. “Чиний ард хэн байгаа вэ” гэж хүмүүс надаас их асуудаг. Миний ард Цэрэнлхам охин минь, таван настай хүү минь, хань минь байгаа. Өөр хүн байхгүй. “Ингээд дуугараадах” гэж надад хэн ч хэлээгүй, би хэний ч захиалгаар хөдлөөгүй. Энийг ёстой нүүр бардам хэлчихье.
Өнөөдөр хойд аав, ээждээ хүүхэд зодуулахад, амиа алдахад миний сэтгэл эмтэрдэг. Траншейны хажууд аав нь тасраад уначихсан, дэргэд нь уйлж суугаа хүүхдийг хараад би өрөвддөг. Зүгээр л эмэгтэй хүн бүхэн ийм сэтгэлтэй байгаасай. Нэг ч хүүхдийн нулимсыг үзэхгүй юм сан гээд дуугардаг, үзэл бодлоо илэрхийлдэг байгаасай.
Энэ дээр би бүр тодотгож хэлмээр байна. Хүн зөв амьдрах хэрэгтэй. Би яах вэ, орчлонгийн жамаар нэг өдөр өөд болно. Үр минь үлдэнэ. “Сайн хүний хүүхэд” гэж хүмүүст хэлүүлээд, нүүр бардам амьдраасай л гэж боддог.
-Та хэд хоногийн өмнө ээжүүдийн гарын үсгийг цуглуулж НҮБ-д хандахаа мэдэгдсэн. Одоо цуглуулж байгаа юу?
-Цуглуулж байгаа. Бид УИХ-ын 76 гишүүнийг хамгийн эрх мэдэлтэй, нөлөөтэй гэж боддог. Тийм биш. Монголын хүүхэд, ээжүүдэд тулгамдаж буй асуудлыг НҮБ-д хүргэх, гарц, гаргалгааг нь эрэлхийлэхийг хүссэндээ би гарын үсэг цуглуулж байгаа. Монголын хүүхэд, ээжүүдийн асуудлыг НҮБ хараандаа авдаг, шийдэж өгдөг байгаасай гэсэндээ.
Охины минь бие ийм хүнд байна. Өдөр бүхэн сахих шаардлагатай. Хажуугаар нь орон сууцаа заран нүүдэл хийгээд завгүй л гүйгээд байна. Би асуудлыг хоёр талаас нь харж байгаа. Охин минь эмчлүүлээд, эдгэрэх боломжтой. Бурхан болчихож ч мэднэ. Эх хүн эвлэрэхэд хэцүү зүйл л дээ. Аль нь ч надад тохиолдсон би зогсохгүй, хүүхдийн төлөө үргэлжлүүлэн дуугарсаар байх болно.
Хүүхэд нь өвдөхөд аав, ээж нь муу хэлэгдээд, эрвийх дэрвийхээрээ гүйдэг. Хүүхдэд зориулсан бодлого хаана байна вэ. Хүүхэд гэр бүл, хөгжлийн төв, Эрүүл мэндийн сан, даатгалын сангууд хаана байна вэ. Хүүхдийн төлөө фонд гээд л хэдэн тэрбумаар нь цуглуулсан. Одоо яг юунд зарцуулж байна вэ.
3.5 тэрбумаар усан оргилуур барьж чаддаг төртэй шүү дээ, бид. Өнөөх нь зуны улиралд л ажилладаг. Үнэхээр амин шаардлагатай зүйл мөн үү гэвэл тийм биш. Тэрний оронд ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн өрөөг 3.5 тэрбум төгрөгөөр тохижуулаад, шаардлагатай байгаа тоног, төхөөрөмжийг нь аваад өгчих сэтгэл алга уу.
ЭХЭМҮТ-ийн цонхыг хар л даа. Стандартын бус. Аль 1984 онд баригдсан барилга. Өнөөдөр үнэндээ эмч, сувилагч, асрагч нар борви бохисхийх чөлөөгүй ажиллаж байгаа. Ажлыг нь ойлгож, үнэлэх, хүндлэх хэрэгтэй. Хэдийгээр ээлжтэй ч гэсэн хэдэн хоногоор ямар их ачаалалтай ажилладаг гэж санана. Энд байгаа эмч нарыг ээлжнээсээ буугаад, 09.00 цагт гэр рүүгээ явж байхыг би хараагүй. Охиныг минь эмчлэхийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа эмч нартаа баярлалаа гэж хэлье.
ХҮҮХДИЙН БАЯРААР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛНЭ

-Охиныхоо эмчилгээнд зориулсан хандивын аяныг цаашид үргэлжүүлэх үү?
-Үргэлжлүүлнэ. Эмч нар, бүх хүн “Оройтсон” гэж байгаа ч би бууж өгөхгүй. Эх хүний сэтгэлийн, итгэлийн гал хэзээ ч унтрахгүй. Би зүтгэсээр байх болно, хандивын аянаа цаашид ч явуулна.
Би гурван удаагийн аян өрнүүлж, 60 сая төгрөг цуглуулсан. Охиныхоо эмчилгээний зардлыг бүрдүүлэхийн тулд орон сууцаа зарлаа. Ер нь “Энэ л тэдэн төгрөг болчих болов уу” гэсэн юмнуудаа худалдаж байгаа. Аав, дүү хоёр минь их туслаж байгаа. Эд, материалыг бол яах вэ дахиад олж болно. Худалдаад авчихна. Охин минь надад хэзээ ч олдохгүй. Хүүхдийг минь юу ч орлохгүй.
Хүүхдийн маань эмчилгээний зардал 100 хувь бүрдээгүй байгаа. Тиймээс зургаадугаар сарын 1-нд Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайд хандивын аян өрнүүлнэ.

Хандивын данс:
Аав Баасанжав: 5084066183 ХААН банк
Ээж Бадамцэцэг: 5007424392 ХААН банк.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ураг байхад нь оношлох, төрөх эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, эмч нарын ур чадварыг хөгжүүлэхийн оронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө гэсэн худлаа шоуг улс нь ч хийгээд, эцэг эхчүүд нь ч хийгээд хэдэн сэргээн засахын мэргэжилтэй мэдлэггүй эмч нар дунд нь тоглоод хаа хаанаа зүгээр л мөнгө хөөгөөд байхад яаж эрүүл монгол хүүхэд мэндэлж, эрүүлээр өсөж хөгжих вэ.
Ийм аймаар сайдтай байгаа улсад баяр хүргэе
Зоригтой дайчин ээж
Ардын намын амарбаясг�##�ангийн тэжээвэр сайд ариунзаяа гэж
Хүүхэд өвдөхөд улсынхаа систем буруу байгааг НҮБ-д хэлье гэж ЗОРИГЛОСОН ЭЭЖ, нөгөө т�##�д өөрийнхөө хүүхдийг ярь гэж уурласан АМИНЧ САЙД. Хоёрын ялгаа энэ юм.
Тэр тэсэрсэн. Монголын бүхий л ээж, хүүхдийг төлөөлж хэвлэлийн хур�##� хийн, НҮБ-д хандахаар болсноо мэдэгдсэн
Тэр хүн хүний үг сонсох чадваргүй ш�##� тэнэг амьтан байна