Хойд Солонгос: Трэвис Кинг манай улсад хоргодох хүсэлтэй

“АНУ-ын цэрэг Трэвис Кингт армийнхан нь хүнлэг бус хандаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан тул энд орогнох хүсэлтэй байна" гэж Хойд Солонгосын эрх баригчид дүгнэсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лхагва гарагт/2023.08.16/ мэдэгдэв.
АНУ-ын албаны хүмүүс Трэвис Кингийг санаатайгаар хил давсан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд одоог хүртэл түүнийг олзлогдогсдын ангилалд оруулахаас татгалзаж байна.
"Мөрдөн байцаалтын явцад Трэвис Кинг АНУ-ын арми дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж, сэтгэл дундуур байгаа тул БНАСАУ-д ирэхээр шийдсэнээ хүлээсэн" гэж KCNA мэдэгдэв.
АНУ-ын албаны хүмүүс Кингийн талаар мэдээлэл авах хүсэлтэд “Умардаас бодитой хариу өгөөгүй” гэж мэдэгджээ. Кингийн ээж түүний аюулгүй байдалд санаа зовж байгаа бөгөөд түүнд хүнлэг хандахыг Хойд Солонгост уриалсан байна.
Тэгвэл Сөүл дэх Хойд Солонгос судлалын их сургуулийн профессор Ян Му Жин “Кинг Хойд Солонгос эсвэл гуравдагч улсад орогнох хүсэлтэй байгааг дурдаж байгаа нь түүний хаашаа явахыг хүсч буй нь тодорхойгүй хэвээр байгааг харуулж байна” гэсэн юм.
23 настай Кинг нь армид идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг бөгөөд АНУ, Хойд Солонгос хоёр техникийн хувьд дайны байдалтай хэвээр байгаа ч Трэвис өөрийн хүслээр Хойд Солонгос руу нэвтрэхээр шийдсэн зэрэг хүчин зүйл нь түүнийг олзны цэргийн статусаас хасах шалтгаан болжээ.
Тэрээр Өмнөд Солонгост хоёр удаа танхайн хэрэгт орооцолдсон бөгөөд шүүхээс цагдаагийн машинд гэмтэл учруулсан буюу нийтийн өмчийг сүйтгэсэн гэж дүгнэсэн байдаг. Мөн АНУ-д буцаж ирэхэд нь сахилгын арга хэмжээ авах ёстой байжээ.
Эх сурвалж: Reuters
Б.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ким сахилгагүй цэргийг хүмүүжүүлээд өх биз