Дараагийн хотын даргыг улс төрөөр оромдож томилбол Л.Оюун-Эрдэнэ УХАРНА

Германд, гудамжаар алхалж яваа энгийн нэг иргэнээс нь улс төр асуувал юу ч мэддэггүй, сонирхдоггүй, барагтай канцлерынхаа нэрийг бүтэн зөв хэлж чаддаггүй юм гэнэ лээ.
Төр нь төвхнөн тогтсон улсад улс төр бужигнав ч ажил нь үргэлжилж байдаг. Засаг нь унаад л, сонгуулийн үр дүн алга урвуулахын дайтай өөрчлөлт авчраад л, гэвчиг иргэдийн амьдралд нөлөөллөө шууд нөлөө нь тусдаггүй.
Харин улс төрд тохироо хийгдэх нь мэдээжийн асуудал. Онолоороо бол улстөрчид өөрсдийн дүрмээ тогтооно, хаана ч адилхан.
Өчигдөр Улаанбаатар хотын дарга өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Мэдээж тэр хариуцлага хүлээлээ гэж байгаа ч тийм биш. Ерөнхий сайдтай өдөр уулзаад, орой нь энэ шийдвэрээ танилцуулсан буюу энд улстөрчид тоглоомын дүрмээ ярьсан. Дараагийн хотын даргыг “зурахгүй”-гээр ийм үйл явц түрүүлж өрнөхгүй.
Эдгээрийг улс төр юм гээд орхилоо гэхэд хотын ажил үргэлжлэх ёстой.
Д.Сумъяабазар ч “Эхлүүлсэн ажлууд үргэлжлээсэй. Цаг алдалгүй дараагийн хотын даргыг томилоосой” гэж дуугарсан нь зөв л дөө.
Өөрөөр хэлбэл, улс төр хийв ч улсын ажлыг алаад байж болохгүй. Энэ удаад тэгэх л юм бол ядаж 0 цэг дээрээ ирж байсан Улаанбаатар хотын ажил царцана. Бүр цаашлаад олон реформын эхлэлийг зангидаж байгаа Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ ганцаар тогтохгүй алхам ухарна.
Адаглаад одоо нийтийн тээврийн парк шинэчлэлийг цаг алдалгүй үргэлжлүүлэх ёстой. Сая асуудал тарьсан ногоон автобусны тендер шалгаруулалтыг л гэхэд өнгөрөгч оны сүүлээр эцэсэлсэн байгаа юм. Хөрсөн дээр хэрэгжтэлээ хагас жилийн хугацаа зарцуулсан гэсэн үг. Дахиад багадаа хагас жил болно гэвэл нийслэлчүүд ахиад хөлддөг, чихэлддэг автобусаа хүлээж зогсон өвөлжинө л гэсэн үг.
Уг нь сонгуулийн урд жил улс төрийн далд зодоон ингэж өрнөөгүй бол Д.Сумъяабазар ч, түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар ч “Бид тендер зохион байгуулах эрхийг нь өгч, төсөв мөнгийг нь гаргасан. Гэтэл ингэж хуурсан, хариуцлагагүй хандсан байна. Хариуцлагыг нь тооцно. Тэгээд дахиад шуурхай тендер зарлана, улсын хохирлыг барагдуулна” гэж яриад байж байх нь зөв л. Гэвч тэгсэнгүй, Монголд тэгдэг болох болоогүй ч биз.
Нэгэнт өрнөчихсөн энэ нөхцөл байдалд одоо дараагийн хотын мэйор хэн болох нь л хамгийн чухал. Гурван жил ажиллахдаа Д.Сумъяабазар хотын хууль батлуулж, дахиад нэгийг өргөн барьсан. Нийслэл өөрөө хөрөнгө санхүүгээ зарцуулах боломжтой болж, хашаа хайс нураахаас эхлээд зам засвар шинэчлэлийн олон ажил эхлүүлсэн. Хот бонд гаргахад ч бэлэн зэлэн болоод байлаа. 1.5 сая хүн амьдардаг, анхны төлөлөвтийн нь “хугацаа” дууссан энэ хотод одоо косметик хийдэг улстөрч бол хэрэггүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн хугацаанд Д.Сумъяабазарыг дэмжиж ирсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газар өөрөө Нийслэл Улаанбаатар хотыг эрх зүйн дэмжлэгээр хангаж явсан. Тийм ч болохоор олон суурь ажлын шав тавигдсан.
Харин одоо улс төрийн нугачаанд тэр холбоосоо тасалж, богино настай дараагийн хотын даргыг ойр зуурын тохироогоор томилох юм бол нэгт нийслэлчүүд хохирно. Хоёрт Л.Оюун-Эрдэнэ оноогоо хасуулах болно.
Одоогийн байдлаар Ерөнхий сайд Д.Сумъяабазарыг чөлөөлөх захирамжаа албажуулаагүй байна. Маргааш Засгийн газрын хуралдаанаар энэ үйл явц өрнөж, дараагийн хотын даргын ил марафон өрнөж эхлэх чигтэй байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ засаг огцрох тийшээгээ болчлоо.
Топ өлөн цайрсан хулгайчууд хулгай хийхээ бодохоос улс орныг бодлоо юу
Хаана ч адилхан биш л дээ. Монголд улс төрчид дүрмээ тогтоодог бол Гeрманд хуулиар дүрмээ тогтоочихсон байдаг юм л даа