Улс төрийн мэдээ

"Д.Сумъяабазарыг би Нийслэлийн МАН-ын дарга болгосон. Бидэнд тэмцэл байхгүй"

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан голчлон танилцуулав. Тэрбээр энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр Нийслэлийн Засаг даргаар ажиллуулах шийдэлд хүрснээ тэмдэглэсэн.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон цаг үеийн асуудлууд хариулт өгснийг багцлан хүргэе.

Нийтийн тээврийн парк шинэчлэл, "Тэнүүн-Огоо" ХХК-ийг Д.Амарбаясгалан "зуучилсан" гэх мэдээллийн талаар:

"Ерөнхий сайдаар ахлуулсан танхимын гишүүд нийслэлийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзсан. Энэ үед миний бие болон Ж.Сүхбаатар сайд нарын төлөөлөл оролцсон. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн тээврийн салбарыг либералчлах бодлогыг баримталсан. Түүнээс хойш дахиж хуралдаж, тайлан тавигдаагүй. Би хувийн хэвшил талын хүмүүсийг танихгүй, мэдэхгүй. "Тэнүүн-Огоо" гэж компанийн удирдлагыг огт мэдэхгүй"

Допинг, Парисын олимпод "Цагаан туг"-ийн дор оролцох эрсдэлийн талаар:

"Допингийн эсрэг манай байгууллага өөрөө нэг гэр бүлийн ТББ болчихсон. Бүх бүтэц бүрэлэдэхүүний талын мэдээллийг бид гаргаж авсан. Ажиллаж байна.

2022 оны гуравдугаар сард дэлхийн допингийн байгууллагаас манайд 21 төрлийн шаардлага тавьсан. Учир нь манай тамирчид олимпын төрөлдөө амжилт гаргаж байгаа учир хоёрдугаар шатлалд дэвшсэн. Үүнтэй холбогдуулан, хоёрдугаар шатлалын орнуудад тавигддаг шаардлагуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй болсон. Харамсалтай нь манай допингийн эсрэг байгууллага эдгээр шаардлагыг хангаагүй учраас олимпод цагаан тугтай оролцож магадгүй нөхцөл байдал үүссэн.

Одоо бидэнд хугацаа өгсөн. Энэ хугацаанд цаашид Монголын допингийн эсрэг үйл ажиллагааг нээлттэй, шилэн болгож хамтарч ажиллана. Монголд өөрөө допинг гэдэг нь авлигалын шинж чанартай, өрсөлдөөний хэлбэрт орсон байдлыг бүрэн таслан зогсоохоор ажиллаж байна.

АТГ-аас бол энэ хүрээнд сэжиг бүхий алдаа дутагдлууд илэрч байгааг мэдээлж байна.

Засгийн газрын зүгээс энэ байгууллагыг шилэн болгож, дараа дараагийн удаа дахиж ийм асуудал үүсдэггүй байх тал дээр анхаарна.

Монголчууд наадам бүрээр шинэ аваргатай болдог, тэр аваргаас нь допинг илэрчихдэг. Ийм юмыг болиулна"

Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн зөрчилдөөн үүссэн гэх асуудлын талаар:

"С.Батболд дарга хотын дарга байх үед Нийслэлийн МАН-ын даргаар Д.Сумъяабазар болгоход асар их зөрчилдөөн үүсэж байсан. Би өөрөө оройлж оролцон түүнийг дарга болгож байсан. Нийслэлийн МАН-ын төлөөх тэмцэлдээн манайд байхгүй"

"Админерал" ХХК-тай Д.Амарбаясгаланг хамааралтай гэх асуудлын талаар:

"Ц.Чулуунзагдтай хамтарч ажилладаг гэдгээр түүний ахын компани надтай холбогдох ямар ч боломж байхгүй. Алгын чинээ цаасан баримтгүйгээр тэгж гүжирдэж болохгүй. Үг хэлэх эрх чөлөөг эдэлж буй нэрийн дор бусдын эрх чөлөөнд хандаж болохгүй. Мэдээж улс төр хатуу, ширүүн. Тэгсэн ч ор үндэсгүй зүйлээр удаа дараа гүжирдэх нь хариуцлага, ёс зүйгүй үйлдэл. Миний хувьд нэр хүндээ сэргээх үүднээс хууль хяналтын байгууллагад хандана".

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хэн нь шаацын

Холбоотой мэдээ

Back to top button