Хурдан тэмээний улсын алдарт уяач М.Мөнхбаян: Хүйтэн байх тусмаа л уралдаан гоё болдог

“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн Баянхонгор аймагт хоёр өдөр үргэлжилж, долоон аймгийн 20 гаруй сумын нийт 100 гаруй тэмээчин, малчид оролцлоо. Энэ үеэр улсын хэмжээнд анх удаа алдарт уяач цолыг хурдан тэмээний уяачид олгосон нь онцлог үйл явдал болсон юм.
Анхны хурдан тэмээний улсын алдарт уяач цолыг хүртсэн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн Аймгийн тэргүүн уяач М.Мөнхбаянтай товчхон ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Хэзээнээс тэмээ уяж эхэлсэн бэ?
-Баярлалаа. Хурдан тэмээний улсын алдарт уяач цолыг хүртсэн анхдагч болсондоо маш их баяртай байна. Би 2007 онд айл болж, тусдаа гарснаасаа хойш тэмээ уяж эхэлсэн.
-Энэ удаагийн уралдаанд ямар амжилттай оролцов. Улсын алдарт уяачийг тодруулах гол шалгуур нь юу байсан юм бол?
-Бүх насны ангилалд оролцсоноос хурдан атны төрөлд шар ат маань түрүүллээ. Тором байхаасаа л уралдсан. Улсын уралдаанд гурван жил дараалж түрүүлж байна. Алдарт уяачийн шалгуур нь улс, бүсийн уралдаанд гурван түрүү, гурван айргийн болзол хангасан байх юм билээ. Би найман түрүү, гурван айрагт шалгарч байсан.

-Тэмээний уралдааны гол онцлогоос хуваалцаач та?
-Тэмээний уралдаан өвлийн ид хүйтэнд болдгоороо онцлог. Хүйтэн байх тусмаа л уралдаан их гоё болдог.
-Унаачийн хувьд насны хязгаар бий юу? Та тэмээгээ хэнээр унуулдаг вэ?
-Бага насыг 16, их насыг 18 настай хүүхдээр унуулах насны хязгаартай. Манайх гурван хүүхэдтэй. 16, 18 настай хоёр хүүтэй тул даатгал, аюулгүй байдлыг нь бүрэн хангаад хүүхдүүдээрээ тэмээгээ унуулдаг.
-Бэлтгэлээ хэзээнээс эхэлж, яаж хангадаг вэ?
-Есдүгээр сарын 1-нээс тэмээг барьж, хоёр сарын хугацаанд бэлдэж байгаад 11 дүгээр сараас эхлэн гуравдугаар сарыг хүртэл тэмээнд оролцдог. Тэгээд гурван сараа дуусгаад тэмээгээ тавина. Жилд 5-6 тэмээ барьж, уралдаанд ордог. 60-70 айрагт шалгарсан.
-Тэмээ маллах болсон түүхээсээ хуваалцаач та? Танайх одоо хэчнээн тэмээтэй вэ?
-Би 2000 онд хүүхэд байхаасаа л тэмээ маллаж өссөн. Аавын маань аав, ээж хоёр тэмээчин хүмүүс байсан. Эмээгийнхээ өгсөн 16 тэмээг өсгөж өдий зэрэгт хүрсэн. Манайх одоо 100 орчим тэмээтэй.
Хурдан тэмээний улсын алдарт уяач М.Мөнхбаян өвлийн улиралд тэмээ уяхаас гадна зун нь морь уядаг бөгөөд хурдан морины уралдаанд ч мөн олон түрүү, айраг авсан чамгүй амжилттай уяач аж. Анх 2007 онд 100 орчим малтай тусдаа гарч байсан тэднийх мал сүргээ таван төрлөөр нь өсгөсөөр одоо мянга орчим толгой малтай айл болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.