Онон голд иргэнийг тав дахь өдрөө эрэн хайж байна
Онон голын гүүрээр зорчиж явахдаа машинтайгаа голын ус руу унасан нэг иргэний цогцосыг олж, хамт зорчиж явсан иргэнийг тав дахь өдрөө эрэн хайж байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Өгөөмөр” гэдэг газарт есдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд тус өдрийэн 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн. Харин зорчигч И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг есдүгээр сарын 18-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан байна.
Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг есдүгээр сарын 22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.
Харин есдүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагаас иргэн И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Батширээт сумын гүүрнээс Биндэр сумын “Яргуй хавцал“ гэдэг газар хүртэл 40 км-т голын урсгалын дагуу завиар урсаж, 8 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр өглөөний 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.