Улс төрийн мэдээ

З.Энхболд: Тавантолгойг авч чадаагүй хүмүүсийн хорсол одоо хүртэл явж байна

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.02.05/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Үүгээр шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар эцсийн үгээ хэлж байгаа юм.

Энэ үеэр ЕТГ-ын дарга асан З.Энхболд "Нүүрсний гэх хэрэгт 17 хүн холбогдуулсан. Тэр 17-гоос ял авсан ганц хүн бол ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг. Гэтэл шүүхээс Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын хэрэг нүрсний холбоотой хамаагүй гэж онцолж тайлбарласан байна лээ.

Одоо тэр 17-гоос шүүхээр орж байгаа дараагийн хүн нь би. Бусад нь огт шүүхээр ороогүй, авч хэлэлцээгүй л дээ. Сүр дуулиантай эхэлсэн 40 их наядын нүүрсний хулгайн учрыг Монголын ард түмэн олно. Одоо гэтэл намайг холбож байгаа хэрэг нь нүүрс биш, 2019 онд гаргасан Б.Энх-Амгалангийн хоёр тушаалын асуудал.

Тушаал гаргах явцыг би мэдэх боломжгүй бөгөөд Страто компанид би хамаагүй. Би одоо прокурор Энх-Эрдэнийг буруутгаж эхэлж байгаа.

Нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэж хэнийг хэлэх вэ гэдгийг хуульчилж өгсөн. Тус хуулийн 3.1.5 дээр эцэг эх, төрсөн ах эгч дүү гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр нөхөр гэхчлэн заасан байгаа. Надад энэ заалтад хамаарах компани байхгүй юм. Энх-Эрдэнэ гэдэг прокурор анх энэ заалтыг зөв хэрэглэж хэргийг хаасан. Гэтэл дараа нь 180 градус өөрчлөгдөөд эхэлсэн. Хамаарал бүхий этгээд гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэг үүсгээд шийтгээд байдаг учраас энэ хуулиар тодорхойлж өгсөн юм. Ийм тодорхой хууль нь байхад дэлгэрүүлж хэрэглээд, одоо бид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх гээд хуралдаад сууж байна. Цаашид, Энх-Эрдэнэ шиг дур зоргоор аашлаад байх юм бол selective justice болно. Сонгон авч яллах. Яллаж болно, шүүх учрыг нь олж үүнийг зогсоох ёстой. Давж заалдах шатанд бол зогсоосон. Анхан шатанд алдаа гарсан. Хаа хамаагүй компаниудыг холбож, хамаарал бүхий этгээд гэж надад хамаатуулсан. Тэнд хуулийн заалтаар надад холбогдох ямар ч боломж байхгүй. Би энийг 1937 онтой харьцуулж яриад байгаа. Нэг хүний мэдүүлгээр нөгөө хүнийг яллаж болохгүй гэдэг зарчим үүнээс хойш гарч ирсэн шүү дээ. Намайг ганц хүний мэдүүлгээр л ялладаг. Аз болоход шүүх дээр алдаа нь засагдаад явж байгаа. Тавантолгойг авч чадаагүй хүмүүсийн сонирхол одоо хүртэл үргэлжилж байна. Миний төрсөн дүү "Страто"-гийн ТУЗ-д ажиллаж байсны төлөө холбогдуулан яллаад байна. Би Үндсэн хуулийн цэцэд ч гомдол гаргаж болох юм билээ" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button