"Цагаан сар бол бууз, дээлний баяр. Хүмүүстэй золгож, бэлэг авдаг болохоор гоё санагддаг"

Сар шинийн баярын өдрүүд хаяанд иржээ. Тэгвэл хиргүй тунгалаг бөгөөд илэн далангүй ярих цэцэрлэгийн багачууд цагаан сарын талаар ямар бодол тээж, яаж тэмдэглэдэг талаар ярилцахаар БЗД-т байрлах "Бидний үрс" цэцэрлэгт зорин ирэв.
Биднийг ирэх үед тус цэцэрлэгт Цагаан сарын баярыг таниулах үйл ажиллагаа болж байсан бөгөөд энд буй хэн бүр Монгол дээл, хувцсаараа гоёсон байлаа.
Видео:
-М.Сэцэндэй: Би хөөрхөн болохоороо айл хэсэхдээ ядардаггүй-

Цагаан сарын баяр надад гоё санагддаг. Яагаад гэвэл зөндөө их бууз иддэг учраас л гоё санагдаад байгаа. Манай гэр бүл цагаан сараар бууз, хэвийн боов болон бусад амттай зүйлсийг идэж тэмдэглэдэг.
Яг одоо миний өмсөж байгаа дээлийг Дорнод аймагт амьдардаг Нараа эмээ минь авч өгсөн. Өнгөрсөн жилийн цагаан сараар би Монгол гэрт орж үзсэн. Өмнө нь үзэж хараагүй олон сонирхолтой зүйлс байсан. Жишээ нь аргал, чулуу, галын хайч. Надад их гоё санагдсан.
Цагаан сарын баярын бас нэгэн гоё зүйл нь бэлэг авах. Хүмүүс бие биедээ бэлэг өгөөд л байдаг шүү дээ. Надад цагаан сараар машин, динозавр бэлэглэвэл их гоё санагдах байх. "Айл хэсэхээр их ядардаг" гэж хүмүүс хэлдэг. Би лавтай ядардаггүй. Яагаад гэж үү, би хөөрхөн болохоор л тэр. Угаасаа хөөрхөн хүмүүс ядардаггүй юм л даа.
-Э.Энхлэн: Би цагаан сарын баяртаа маш их хайртай. Гэр бүлээрээ хамт байдаг, хичээл орохгүй амардаг, аялдаг болохоор их гоё л доо-

Цагаан сарын баяр бол өвөө эмээтэйгээ очиж золгодог баяр. Өвөө эмээ минь хөдөө амьдардаг болохоор манай гэр бүлийнхэн хөдөө л очиж цагаан сараа тэмдэглэдэг. Мөн буузаа жигнэж, хэвийн боов, ааруулаараа тавгаа засдаг. Дараагаар нь Монгол гэрт амьдардаг айл руу очиж золгодог. Миний дүү дөрвөн настай. Надаас саяхан цагаан сарын баярын талаар асуухад нь би тайлбарлаж өгсөн.
Цагаан сарын өглөө ээж хамгийн эрт сэрдэг. Дараа нь намайг сэрээдэг учраас бусад гэр бүлийн гишүүдээ би дуудаж сэрээдэг. Бас ээждээ тусладаг.
-Ээждээ яаж тусалдаг вэ?
-Ширээ засахад нь тусладаг. Таваг, аяга зэргийг нь дөхүүлж өгдөг. Тэгээд хамтдаа баярынхаа ширээг засдаг л даа.
-Танайх буузаа хийсэн үү?
-Хийсэн. Зургаа…, үгүй есөн бууз хийсэн юм байна. Аав хоёрыг, эгч гурвыг, харин би тавыг иддэг. Би угаасаа буузанд их дуртай л даа. Ах маань Японд амьдардаг. Гэхдээ тэнд очоод буузаа чанахаа мартчихсан гэсэн. Тэгээд л захиалгын бууз иддэг болсон.
Би цагаан сарын баяртаа маш их хайртай. Гэр бүлээрээ хамт байдаг, хичээл орохгүй амардаг, аялдаг болохоор их гоё л доо.
-И.Ивээлт: Би ч гэсэн цагаан сараар мөрөө гаргана. Их цастай газар их мөр гарна-

Цагаан сарын баяр бол хүмүүс нэгэнтэйгээ золгодог л баяр юм шиг санагддаг. Бас буузны, дээлийн л баяр байх. Бас морь унадаг баяр л даа.
-Цагаан сарын баяраар юу хийдэг вэ?
-Би цагаан сарын баяраар ээждээ тусалдаг. Яаж вэ гэвэл, гэрийнхээ бүх ажлуудыг ээж, аав бид гурав тэнцүү хуваагаад хийчихдэг. Ерөнхийдөө тавгийн идээг засах ажил надад оногддог. Харин ээж том өрөөний цэвэрлэгээ бусад ажлыг хийж, аав миний өрөөг цэгцэлдэг.
-Тавгийн идээ засах хэцүү ажил уу, хэр хугацаанд засдаг вэ?
-Хэцүү л ажил. Зарим хүүхдүүд чадахгүй ч байж мэднэ. Гэхдээ би амжина л даа. Намайг 30 секунд хүлээхэд л би тавгаа засаад дуусчихдаг.
-Цагаан сараар хүмүүс биедээ бэлэг өгөөд л байдаг шүү дээ. Чи хүмүүсээс ямар бэлэг авахыг хүсэж байна?
-Тийм ээ хүмүүс нэгэндээ бэлэг өгдөг. Энэ цагаан сараар би ч гэсэн таньдаг хүмүүстээ бэлэг өгнө гэж бодож байгаа. Одоогоор бэлдэж амжаагүй л дээ. Гэхдээ ямар ч хамаагүй л бэлэг өгнө дөө. Яг шинийн хоёр нь болохоор л өгнө гэж төлөвлөж байна.
Харин хүмүүс надад сансрын бэлэг өгөөсэй гэж бодож байна Би сансарт л дуртай. Гэхдээ одоо бодоход миний ээж л надад тоглоом өгч байсан. Бусад хүмүүс гутал, хувцас, чихэр л өгөөд байдаг.
-Хүмүүс цагаан сар болохоор "мөрөө гаргадаг" шүү дээ. Чи мөр гаргах талаар мэдэх үү?
-Мэднэ ээ. Би ч гэсэн цагаан сараар мөрөө гаргадаг юм, цасан дээр. Эхлээд цагаан сарын өглөө эртлэн босно, хувцсаа өмсөнө. Дараагаар нь гадна гараад цас хайна. Тэгээд олж очоод гутлынхаа бас гарынхаа мөрийг гаргана. Тэгээд их цас орсон байвал мөрөө их гаргана.
-Энэ цагаан сараар хэчнээн бууз идье гэж бодож байна?
-Шинийн гурав гэдэг шиг гурван ширхэг бууз идье л гэж бодож байна. Хэрэв цадахгүй бол буузнаас өөр төрлийн л хоол идчихнэ дээ. Ядах юм байхгүй.
-Дүү бий юу?
-Дүү байгаа гэхдээ ээжийн гэдсэн дотор л байгаа. Миний ээж хэлэхдээ эрэгтэй дүү гэсэн л дээ. Гэхдээ миний бодлоор дүү минь цагаан сарын баярт их дуртай байна байх.
-Б.Бэхицэцэн: Цагаан сарын баяраар айлд очиж, хүмүүстэй золгодог болохоор надад гоё санагддаг-

-Сайн уу, Өөрийгөө танилцуулаач?
-Намайг Бэхицэцэн гэдэг. Би таван настай, бэлтгэл бүлэгт сурдаг. Том болоод үсчин болох мөрөөдөлтэй. Яагаад гэвэл үс засаж байгаа хүмүүс гоё харагддаг болохоор.
-Өнөөдөр танай цэцэрлэг дээр ямар баяр болж байна вэ?
-Цагаан сарын баяр болж байна. Цагаан сарын баяраар айлд очиж, хүмүүстэй золгодог болохоор надад гоё санагддаг.
-Танай гэр бүл цагаан сараар ямар ямар айлд очиж золгодог вэ?
-Монгол айлд очиж золгодог.
-Танайх яаж цагаан сарын баяраа тэмдэглэдэг вэ?
-Цагаан идээгээр тавгаа засаж, гэрээ цэвэрлэдэг. Заримдаа ээж өглөө эрт босож малгайгаа өмсдөг. Дараа нь цайгаа чанаж, дээжээ өргөдөг.
Мөн шагайгаар тоглодог. Ингэхдээ шагай няслах болон морь уралдуулж болно. Миний хувьд шагайгаар морь уралдуулж тоглох дуртай. Би нэг удаа ээжтэйгээ шагайгаар тоглоод хожиж байсан. Их гоё санагдсан. Тэр үед би зургаан морь уралдуулсан ч цэнхэр морь л хурдан байсан.
-Цагаан сараар хэчнээн хүнтэй очиж золгодог вэ, хүмүүстэй золгохдоо юу гэж хэлдэг юм бол?
-Би дөрвөн хүнтэй л очиж золгодог. Ингэхдээ "Амар байна уу, сар шинэдээ сайхан шинэлж байна уу" гэж хэлдэг. Хариуд нь хүмүүс "Мэнд ээ амар байна уу" гэж хэлдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхөн байна.