Нийгэм мэдээ

Н.Ганбат: Сүүлийн 20 жилд БНХАУ хэрэглээний ба туршилт, хөгжлийн судалгааг тогтвортой санхүүжүүлж байна

Энэ онд БНМАУ, БНХАУ-ын хооронд найрамдал, харилцан туслалцах гэрээ байгуулагдсаны 65 жилийн түүхэн ой тохиож байгаа юм. 1960 онд БНМАУ, БНХАУ-ын хооронд байгуулсан найрамдал, харилцан туслалцах гэрээ нь тухайн цагийн манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой үр нөлөө үзүүлсэн билээ.

ШУА-ийн ОУСХ-ээс БНМАУ, БНХАУ-ын хооронд найрамдал, харилцан туслалцах гэрээ байгуулагдсаны 65 жилийн ойд зориулан “БНМАУ, БНХАУ-ЫН НАЙРАМДАЛ, ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАХ ГЭРЭЭ” БА МОНГОЛ, ХЯТАДЫН ХАРИЛЦАА сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. 

1960 онд хоёр улсын найрамдал, харилцан туслалцах гэрээ байгуулах үйл явц, ач холбогдол, мөн тухайн үеийн олон улсын нөхцөл байдал хийгээд 1950, 1960-аад оны БНХАУ-ын гадаад бодлого болон өнөөгийн хоёр талын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын харилцааны тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж, олон нийтэд танилцуулахын хамт, холбогдох салбарын судлаачдын байр суурийг хэлэлцүүлэх зорилготой зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, МУИС-ийн эрдэмтэн судлаачид болон Монгол Улсын  ГХЯ, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөл оролцлоо.

Хурлын үеэр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын Эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Н.Ганбаттай цөөн хором ярилцлаа.

-Өнөөдөр Монгол, Хятадын шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагаа ямар түвшинд байна гэж та судлаачийн хувьд дүгнэж байгаа вэ?

-Монгол Улс, БНХАУ-ын шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагаа хоёр улсын харилцаанд чухал байр суурь эзэлдэг. Газарзүйн ойр байршил, түүхэн холбоо, стратегийн ашиг сонирхлыг харгалзан үзсэнээр хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нэгэн хүчин зүйл нь болов уу. Сүүлийн үед боловсролын хамтын ажиллагаа идэвхижихээс гадна академик түвшний солилцоо, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн тоо нэмэгдэж байна.

Монгол, Хятад хоёр улсын судалгааны ажлуудыг багцлаад харвал байгалийн, нийгмийн гэсэн хоёр чиглэлээр хэрэгжиж байна. Археологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хүрээлэн буй орчин, цаг уур, амьтан ургамлын судалгаа, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч зэрэг гол чиглэлүүдээр хамтарсан судалгаа явуулж байна. Харин эдгээр хамтарсан судалгааны ажлуудыг харж байхад нэг талын ашиг сонирхол давамгайлсан, хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд баталгаажуулсан болон холбогдох яамдын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдэд “харилцан ашигтай, тэгш эрхтэй” гэсэн заалт тэр бүр хэрэгжихгүй байгаа дүр зураг ажиглагдаж байна.

БНХАУ сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь шинжлэх ухааны салбарт ихээхэн хөрөнгө оруулсантай холбоотой гэгддэг.

Аливаа улсын засгийн газар шинжлэх ухааны судалгааг санхүүжүүлэхдээ тухайн улсынхаа тулгамдсан асуудлыг эн тэргүүн харгалзан үзэж, тэрхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үр дүн үзүүлж болохуйц судалгаануудад дэмжлэг үзүүлдэг. Дэлхийн хөгжингүй улсуудын шинжлэх ухааны санхүүжилтийн 70-аас доошгүй хувь нь технологи-инновацийн салбарт, үлдсэн 30 хувь нь суурь ба хэрэглээний судалгаанд зарцуулагдаж байна. Энэ хөрөнгийн ихэнхийг хувийн хэвшил бүрдүүлдэг юм. Шинжлэх ухаан нь танин мэдэхүйн хувьд даяар шинжтэй боловч, харин санхүүжилтийн хувьд үндэстэн-улсын хил хязгаараар хуваагдаж, цаагуураа тодорхой нэг улсын үндэсний ашиг сонирхолд зориулагдах буюу тухайн улсын ашиг сонирхолд нийцэж байдаг.

Суурь судалгаанд улс тус бүрийн ашиг сонирхол нэгдмэл байдаг тул хил хязгаараар зааглагдаагүй шинжлэх ухааны илэрхийлэл болон олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан хөгждөг бол хэрэглээний судалгаанууд нь ихэвчлэн ижил төстэй асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор улс хоорондын хамтын ажиллагаа өрнүүлэхээс бусад үед ихэвчлэн тухайн улсын нутаг дэвсгэрт хэрэгждэг. Технологи-инновацийн судалгаа нь үйлдвэрлэлд суурилж, үндэсний эдийн засагтай нягт уялдаатай хөгждөг бөгөөд үүн дотроо тэргүүлэх чиглэлийн судалгаанууд нь ихэнхдээ улсын ба компаниудын нууцын зэрэглэлд хамаарч, ширүүн өрсөлдөөн дунд хөгжиж байна. Шинжлэх ухаан дахь хэрэглээний ба технологийн судалгаанууд нь мэдээллийн эрин үед улс хоорондын геополитикийн өрсөлдөөний нэгэн үндсэн хэрэгсэл болон нэгэнт хувирчээ.

China Power төслийн судалгааны үр дүнд үндэслэвэл, Хятадад 2016 оны байдлаар шинжлэх ухаан, технологи, хөгжүүлэлтэд нийт 411 тэрбум америк доллар зарцуулсан. Энэ хөрөнгийн 74.1%-ийг хувийн хэвшил, 20%-ийг Засгийн газар гаргажээ. Шинжлэх ухаанд зарцуулж буй Хятадын санхүүжилтийг 2016 оны байдлаар авч үзвэл суурь судалгаа 5.2%,хэрэглээний судалгаа 10.3%, туршилт-хөгжүүлэлт 84.5%-ийг эзэлж байна. АНУ-д суурь судалгаа 16.9, хэрэглээний судалгаа 19.6%-ийг эзэлж байгаатай үүнийг харьцуулбал огт өөр дүр зураг гарах бөгөөд БНХАУ нь суурь судалгаанд бус, харин хэрэглээний ба туршилтын судалгаа, технологи хөгжүүлэлтэд илүү анхаардаг бололтой.

Энэ байдал 2000 онд ч хэвээр байсан бөгөөд лавтайяа сүүлийн 20 жилд суурь судалгаанаас илүүтэй хэрэглээний ба туршилт, хөгжлийн судалгааг санхүүжүүлэх бодлого Хятадад тогтвортой хэрэгжиж иржээ. Монгол-Хятадын шинжлэх ухааны хамтын ажиллагаанд хэрэгжиж буй хамтарсан судалгаанууд нь Хятадын талын санхүүжилтийн хувьд байгалийн ухаан ба нийгмийн ухаанаар ялгаатай зарчимд суурилж байгаа бөгөөд нийгмийн ухааны хамтарсан төслүүдэд Хятадын Засгийн газрын захиалга давамгайлсан болов уу гэсэн таамаглал дэвшүүлж болохуйц байна.

Бидний бүртгэн үзсэн хоёр улсын хамтарсан судалгаануудын төслийн нэр, судлагдахуунаа томьёолсон байдал дээр үндэслэн дүгнэхэд, Монгол-Хятадын хамтарсан судалгаанд хэрэглээний ба технологийн судалгаа илүүтэй жин дарж байна. Монгол-Хятадын хамтарсан судалгаанд глобал ач холбогдол бүхий суурь судалгааны төслүүдийг түлхүү санаачлах, хэрэглээний ба технологийн хамтарсан судалгаануудад үндэсний эрэлт хэрэгцээг эн тэргүүн харгалзан үзэх механизм бий болгох хэрэгцээ шаардлагууд оршиж байна. Засгийн газраас ШУ-д олгодог санхүүжилтийг хэрэглээний ба технологийн судалгаануудад илүүтэй зарцуулдаг дэлхийн жишиг рүү шилжих, онолын суурь судалгааг гадаадтай хамтрах хэлбэр рүү оруулах Өөрсдийн тулгамдсан асуудлаа дотооддоо өөрсдөө судалдаг байх, хязгаарлагдмал хүрээнд ашиглавал зохих мэдээллийн дата санг тодорхой хүрээнд ашигладаг байх.

Монгол Улсын хэрэглээний ба технологийн судалгааны тулгамдсан зарим сэдвийг гагцхүү дотоодын эрдэмтэн судлаачдын хүчээр, өөрийн Засгийн газрын санхүүжилтээр гүйцэтгэх, Бодлого боловсруулагчдын хэрэглээнд зориулсан шинжлэх ухаан, технологийн судалгааны тусгай захиалгат мэдээллийн сан бий болгох, түүнийгээ хязгаарлагдмал хүрээний болон нийтэд зориулсан гэж ангилах нь зүйтэй болов уу.

БНХАУ нь дэлхийн шинжлэх ухааны нэгэн том төв болон хөгжихдөө хэрэглээ, технологийн судалгааг эрс түлхүү хөгжүүлж буй бөгөөд Монгол Улс өмнөд хөрш БНХАУ-ын дэвшилтэт туршлагыг өөрийн онцлогт тохируулан хэрэглэх, зөвхөн манай улсын үндэсний ашиг сонирхолд чиглэгдсэн хэрэглээний ба технологийн судалгаануудыг БНХАУ-ын адил тусгайлан санхүүжүүлэх нь зүйтэй болов уу. Ингэж чадвал бидний бодоход манай улсын шинжлэх ухааны салбар улсын нийгэм-эдийн засагт өгөх өгөөжөө нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын мэдээллийн, соёл иргэншлийн аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулж эхлэх болов уу.

-Сүүлийн жилүүдэд БНХАУ-аас Монголд ирж сурах оюутны тоо нэмэгдэж байгаа нь ажиглагдах боллоо. Манай улсын зүгээс энэ тал дээр тухайлсан ямар бодлого баримталж байгаа бол?

-Статистик тоо баримт сөхвөл 2019 оны орчимд Хятад оюутны тоо 1000 орчим, 2020-2023 оны үед энэ тоо огцом өсч 3000 хүрсэн байдаг. Энэ нь онлайн сургалтанд шилжсэнтэй холбоотой байж болох юм. 2023 он гарсаар энэ тоо буурсаар өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг тусгай үүргийн нэр бүхий сургуулиудаас бусад улсын болон хувийн хэвшлийн сургуулиудад нийтдээ 2000 орчим хятад оюутан сурч байх шиг байна. Бид “Монгол, Хятад хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа: бодит байдал ба ирээдүй” сэдэвт судалгааны ажлаа бүрэн дуусаагүй учир ийнхүү ойролцоо тоо баримт дурдаж байна. Бодит үр дүн гарах хараахан болоогүй. Монгол Улсын Боловсролын яамнаас гадаадын оюутнуудын сургалтын үйл ажиллагаа, тавигдах шаардлага, үнэлгээ зэргийг зохицуулах журам, заавар гарсан байдаг.

Зохицуулах дүрэм журам нь байлаа гээд хэрэгжилтэд нь хяналт тавьж хариуцлага тооцдог механизм нь хэр үр дүнтэй юм, бодох л асуудал. Явж, явж Монгол Улсын хууль дүрмийг гаднаас хэн нэгэн хүн хүрч ирээд үнэгүйдүүлээд л, нэр хүндийг унагаад байгаа биш бид өөрсдөө “нүд улаан мөнгө цагаан” гэгч болж хууль дүрмээ уландаа гишгээд байгаа юм биш биз гэсэн бодол төрж байгааг нуух юун.

Боловсролоор дамжуулж өөрийн улсын хэл, соёл, ёс заншил зэргийг гадаадын оюутанд зааж сургах, зөв таниулж гэмээнэ энэ бол хамгийн үр дүнтэй сурталчилгаа мөн үү гэвэл яриангүй мөн. Монгол Улсад боловсрол эзэмшинэ ээ гээд ирэх гадаадын харьяат залуусыг алгаа дэлгэн тосч авч хамгийн сайнаараа зааж сургах нь сургалтын байгууллага, багш сурган хүмүүжүүлэгч гээд монгол хэн хүний эрхэм үүрэг мөн байх. Эрдэм боловсрол эзэмшихэд тавигдах шаардлага аль ч улсад ижилхэн, өндөр байдаг. Аль ч улс эхлээд өөрийн улсын хэлийг тодорхой түвшинд эзэмшсэн тохиолдолд дараагийн шатны сургалтанд хамрагдаж болно гэсэн болзол гэх үү шаардлага гэх үү тавьдаг шиг билээ.

Монгол Улсад холбогдох хууль, журмын дагуу боловсрол олгож байгаа нэр хүндтэй сургуулиуд цөөнгүй байна. Эхлээд монгол хэл заагаад түвшин тогтоох шалгалт аваад дараагийн шатны сургалтанд хамруулдаг гээд яриад байвал сайхан жишээ олон байна.

Монгол Улсад хятад судлалыг уламжлалт түүх, соёл, гүн ухаан, шашин, хэл шинжлэл, үндэстний цөөнхийн судалгааны салбарт үргэлжлүүлэн хөгжүүлж байгаагаас гадна орчин үеийн хятадын гадаад, дотоод бодлого, нийгэм эдийн засгийн хөгжлийн судалгаа, хоёр орны харилцааны тулгамдсан асуудлуудад чиглүүлэн хөгжүүлж байна. Гэсэн хэдий ч хятад улс эдийн засгийн хувьд хүчирхэгжин хөгжиж, олон улсын тавцанд түүний эзлэх байр суурь, нэр хүнд өсөн нэмэгдэж, гадаад харилцаа, ялангуяа эдийн засгийн гадаад харилцаагаа эрчимтэй хөгжүүлж байгаа өнөө үед Монгол Улсын Хятад судлалыг цаг үеийн хэрэгцээ хангасан прагматик хятад судлалд хөгжүүлэх шаардлага улам бүр тулгарч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button