Ё.Алтангэрэл: Амьд яваагаа өөртөө нотолж, ирж яваа цагийг угтана

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ё.Алтангэрэлтэй ярилцлаа.
Тэр жилийн өмнө “Олз” хэмээх өгүүллэгийн түүвэр хэвлүүлсэн нь анхаарал татсан. Жүжигчдээс бичдэг нь, уран зохиол оролддог нь, түүнийгээ хэвлүүлдэг нь хэд билээ дээ?
Харин саяхан түүний фитнессийн танхимд дасгалжиж буй бичлэг ч нийгмийн сүлжээнд түгээд амжсан. Ё.Алтангэрэл хагас харваж, биеийнх нь зарим хэсэг тулгуур эрхтний хамт мэдээгүйжсэн ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цэвэр өөрийн хичээл зүтгэлийн дүнд хөл дээрээ босоод байгаа юм.
Уулзахаар Яармагийн “Sky” гэж фитнесс зааланд ирэхэд тэр хамт дасгалждаг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байлаа. Эмэгтэй автомашины осолд орж, бүсэлхийнээс доош мэдээ алдсан нэгэн гэв, одоо шатаар зүгээр л гүйж байх юм. Фитнессийн танхимд булчин урлахаас гадна өөрийгөө ингэж ялж чаддаг хүмүүсийн түүх ч бүтээгддэг ажээ.
Ё.Алтангэрэлийн хувьд явган шатаар өгсөхдөө таягны тусламж авах ч бусад үед үгүй. Хоёр гаруй жилийн өмнө тэргэнцрийн, хэвтрийн хүн байсан бол одоо...

-2024 онд хэвлүүлсэн “Олз” өгүүллэгийн түүврээс өмнө гэвэл танд уран зохиолын бүтээл бий юу?
-Байхгүй, энэ анхных нь. Хэвлүүлсэн нь ноднин, бичиж эхэлсэн нь бүр 1992 он хавьцаа юм.
-Тэгэхээр та угтаа уран зохиолын нуугдмал хүсэл сонирхолтой байсан юм биш үү?
-Тийм. Хүүхэд байхдаа жүжигчин биш бол сэтгүүлч болно гэж боддог байсан.
-Энэ удаа өгүүллэгийн түүвэр “боох” болсон шалтгаан?
-Гэртээ зүгээр хэвтэж байхаар бичиж барьсан юмаа гаргавал яадаг юм гээд. Талыг нь биччихсэн байсан. Үлдсэн талыг харваснаасаа хойш шинээр бичиж дуусгасан.
-Аливаа бүтээлд санаа, хэлбэр гэдэг хоёр зүйл чухалчлагддагаас таны хувьд илүүтэй ямар санаа руу тэмүүлсэн бэ?
-Янз бүрийн юм бий. Шог хошин ч юм байгаа байх. Түүхийн агуулгатай өгүүллэг ч бий. Амьдрал дээрээс ихэнхдээ урган гарсан. Ер хүүхэд байхаасаа бичих дуртай байсан. Жаахан эмзэг, өөрөө их эмзэглэсэн нэг бол догдолсон тэр зүйлс л “юм” болоод байх шиг санагддаг. “Элч” гэдэг түүхэн өгүүллэгийн хувьд Монголын 10 элчийг оросууд алаад хаячихсан тухай. Монголчуудыг хиар хийснээр оросууд өөрсдөө бут ниргүүлж, одоогийн Орос орон бүрэлдэх суурь тавигдсан гэж би ойлгоод байгаа юм. Талын нүүдэлчин зэрлэгүүдийн эрхшээлээс гарахын тулд нэгдэх шаардлагатай болсон. Сүбээдэй жанжин хариуг нь бол сайн барьсан.
-Таны дэвшүүлж буй санаа, ажиглалт үнэний ортой байж мэднэ. Японы түүхчид лав Орос гүрний жинхэнэ нэгдэн нягтарсан эхлэл монголчуудаас улбаатай гэж нотолдог юм билээ?
-Хавь дэлхийг гайхуулаад буй Орос, Хятад хоёрыг их гүрэн болгосон ард түмэн бид өөрсдөө юм. Гэтэл одоо тийм түүхгүй, тэгж яваагүй юм шиг нялхраад хэвтээд байдаг. Энэ их эмзэглэмээр сэдэв мөн. Бид түүхээ мэдэхгүй байна уу, эсвэл ийм харанхуй мулгуу үе нь таарчихав уу. Гүрнийг гүрэн болгож чадсан ард түмэн яагаад ийм сул, сульдаатай байгаад байдаг юм.
-Бид ер нь оюун санааны хувьд нэлээд уналттай цаг үеийг л туулж байх шиг байна. Харин шалтгааныг нь та юу гэж хардаг вэ?
-Сүүлийн 30 жилээр авч үзэхэд ямар ч төр гарч ирсэн бай соён гэгээрүүлэх ажлыг хөсөр хаячихсан юм. Ард түмэн мэдлэггүй, сульдаатай байхад улс орныг нь мөхөөх амархан. Эцсийн дүндээ чадалтай хүмүүсийн тоглоомын золиос болж байна. Монгол сэхэхгүй, өөдлөхгүй байх нь хэнд хэрэгтэй юм. Энэ том газар нутаг алсдаа хэнд ашигтай юм. Ийм байлгах бодлогыг хийсээр байхад дагаж далдаганаад л.
-Таныг ер харваснаас хойш гэртээ суугаад, хувийн амьдралын, дурсамжийн сэдвүүдээ хөвөрдсөн болов уу гэж төсөөлсөн. Харин нийгмийн шинжтэй асуудалд ч эмзэглэснээ бүтээл болгожээ.
-Нэг талдаа завшаантай хэрэг болов. Хүн бүр хорвоод нэг юм хийх гэж ирнэ шүү дээ. Харин би хэн билээ, миний эцэг өвгөд ямар хүмүүс байв гэж эрэхээс энэ бүхэн эхэлдэг бололтой. Манай удам судар гэвэл үнэндээ Өмнөговийн улс байж гэх мэтээр хайж байна. Эрдэм номтой, үзэж хардаг мэргэн түргэн хүмүүс ч явж. Харин үндэстнээр нь авч үзвэл монголчууд гэж ямар улс байв аа. Үүнийг л бодох тунгаах цаг хугацааг надад өгсөн юм байна, өвдсөн нь. Ямарваа нэг юм цаанаа учир шалтгаантай гэвэл энэ нь ном бичих, бодож тунгаах байжээ гэж л ойлгоод байна.
-Таны бишрэн шүтдэг зохиолч хэн бэ?
-Хамгийн анх хүүхэд байхдаа гэвэл С.Эрдэнэ гуай. Түүний “Хулан бид хоёр” өгүүллэг. Энэ бол Монголын уянгын өгүүллэгийн төрөлд оргил нь шүү дээ. Цамбад атаархаж, Хуланд дурлаж явсан нь 17 настайд. Цамба гэж яасан ч шазуураа зуусан, гараа дандаа атгаж явдаг хүн юм. Би өөрийгөө тэр хүүгийн оронд тавин Цамбад дургүй хүрээд л, ингэж С.Эрдэнэ гуайд дуртай болж билээ.
-Гадаадын гэвэл?
-Шууд Расул Гамзатов. “Миний Дагестан”. Оюутан байхад манай багш үүнийг уншаагүй хүн тэнэг гэж хэлдэг байв. Сүүлд дахин уншихад Гамзатовоос гадна орчуулсан М.Цэдэндорж гуайд их учир байна. Тэгж орчуулсан учраас тэр уулынхны, хот айлын амьдрал, хэл, соёл бүгдэд автсан юм байна. Түүгээр дамжуулж “Би харин монгол хүн шүү” гэдгийг буулган мэдэрсэн юм байна.
-Жүжигчнээр суралцаж байхад уншихыг тэгж чухалчилдаг байж дээ.
-Тэгэлгүй дээ. Дээр нь номноос өөр юм байгаагүй. Би ч уйгагүй уншдаг, гэрийнхээ номыг дуусгаад дараа нь номын санг барсан. Тэгж уншдаг, уншуулдаг ч байсан.
-Таны карьер жүжигчин гэдгээр 30 гаруй жил явчихлаа. Эргээд харах нь ээ энэ оносон зам мөр мөн үү гэдгийг дэнслэх үед юу бодогддог вэ?
-Наадах чинь их сонин юм. Би өөрөөсөө их ичдэг шүү дээ. Заримдаа зурагтаар миний тоглосон кино гарах юм бол, “Ишш, чааваас” гэнэ. Хэцүү. Хүн чинь шуналтай гэж жигтэйхэн юм аа. Миний шунал бас хөдлөөд байгаа. Дахиад нэг сайхан дүр бүтээх өдөр ирнэ дээ гэж мөрөөдөх юм. Хүн ирээдүйг хүлээж биш тосож угтдаг. Сайхан чөлөө учрал ирнэ дээ, ирж байгаа даа гэж боддог. Түүнийг тосох гэж л би өнөөдөр энд дасгал хийгээд сууж байна. Харин зурагтын суваг эргүүлээд л гэртээ хэвтвэл би үхдэл болно. Амьд байгаагаа нотлох гэж, “Би чадах юм уу?” гэдгээ өөртөө харуулах гэж хийж байгаа зүйл, наад зах нь энэ ном. Хүн харахад осолгүй амьд яваа таяг тулсан этгээд ч өөртөө түүнийг нотлох гэж оролдоод байгаа нь эдгээр.
-Танд Драмын театрын жүжигчин болох боломж байсан уу?
-Мэдэхгүй байна, бидний үед шууд сонгож авдаг байсан. Манай ангиас И.Одончимэг, Г.Золбоот, У.Батбаатар, О.Энхтуул гээд чадалтай, илүү авьяас тэнгэртэй нь сонгогдоод явсан. Би бол шууд хөдөөгийн театрт найруулагчаар томилогдсон.
-Харин таны мөрөөдлийн тайз?
-Мэдээж Драмын театр. Тэр тайзан дээр гарах бол оюутан бүрийн мөрөөдөл. Гэхдээ хүний зураг шүү дээ.

-“Өнгөт инээд” хамтлагт та хэр удсан билээ?
-Долоон ч жил юм.
-Таныг “Өнгөт инээд”-ээр их мэддэг болов уу, миний хувьд залуу болохоор бас тэгж байна.
-Дандаа нэг үеийнхэн л дээ. Нэг үеийнхэнтэйгээ тайзан дээр гарах сайхан байсан.
-Энэ бол хошин урлагийн олон продакшн үүсэн байгуулагдах тэр цагийн эхлэлд анхдагч болсон тухай яриа шүү дээ?
-Хошин урлагийн анхны хувийн хамтлаг юм. Түүнээс бусад нь салаалаад гарсан.
-Одоо нэг их үзэхээ больчихжээ. Тийм учраас танаас бас асуумаар байна. Тэр үед хошин урлагийн театр байгуулаад явж байсан зорилго юу байв, өнөөдөр эргээд харахад таны дүгнэлт ямар вэ?
-Миний хувьд нэлээд хойно, 2000-аад оны үед орсон хүн. Гэхдээ аргагүй нийгмийн захиалга байсан. Тийм учраас л олон продакшн байгуулагдаж, амьдарч, бүтэн сар тоглоход өдөр бүр үзэгч дүүрэн байсан. Нийгэм нь захиалсан, хүмүүс үзээд байгаа учраас оршин тогтнож байсан. Нийгмийн шилжилтийн завсрын үе ч таарчээ. Тэнд үзэгч шинэ сонин, илүү сонирхолтойг, мөн стресс тайлах зүйлийг хүсдэг байна. Харин одоо тэр захиалга дуусчихлаа. Дууссан хойно нь эргээд харлуулах, муу хэлэх бол тэнэг үйлдэл.
-Харин танд найруулагчаар ажилласан бүтээл хэр олон бэ?
-Ангийнхаа хоёр, гурван хүүхдээр нэг иймэрхүү жүжиг тавьчихмаар юм уу гэсэн сонирхол оюутан байхад их. Тийм болохоор хөдөөгийн театр луу явсан. Хүн мэдэхгүй газарт. Гэхдээ гадаадад оччихож байгаа биш, Монголдоо юм чинь гээд л хийсэн. Гурван жил ажилласан даа. Миний номын хавтас болон доторх зураг чимэглэлийг хийсэн С.Төрбурам зураач, жүжигчин Д.Бямбацогт, Намхайн Долгор бид хэд хамтарч, би найруулаад Соёлын төв өргөөнд жүжиг тавьж байв, 1995 онд. Дараа нь 2000 он хүртэл МҮОНТ-д найруулагчаар ажилласан.
-Өдий хэрийн уншиж бясалгаад явдаг хүнд өөрийн санаагаар бүтээл хийчих юм сан гэсэн эрмэлзэл үргэлж дагаж явдаг л даа?
-Яг өнөөдрийн байдлаар би харвачихаад учраа олохгүй яваа хүмүүст зориулж контент хиймээр байна. Харвахаар наад зах нь энэ гар атгачихаад тэнийдэггүй байхгүй юу. Үүнийг яаж тэнийлгэх вэ. Тохойгоороо ингэж тэнийлгэвэл амар уу, хамгийн амар дөхөм арга дасгал юу вэ. Тийм жижигхэн цуврал контент хийчихмээр санагдаад байх юм. Одоогоороо амьдарч байна л даа. Босох юм сан гэж яваа хүмүүст жаахан урам тэнхэл болъё. Би өөрөө босвол тэргэнцэр дээр, ердөө л хэвтэрт байхдаа гар утас шагайж яваад Баярдаваа гэж залуугийн түүхийг үзсэн. Бүтэн харвасан мөртлөө босоод ирсэн хүний баримтат кино юм даа. Би асгартлаа уйлсан. Би босдоггүй өвчин юм байна гэж бодож байсан. Гэтэл тэр надаас аймаар байв. Одоо харвалт гадуур маш их болчихсон юм байна.
-Өнгөрсөн амьдралаа бодохоор яг хүссэн замнал мөн байв уу, жаахан боломж олдоогүй, тохироо бүрдээгүй маягийн цаг хугацаа өнгөрсөн мэт санагддаг уу?
-Үгүй ээ. Би одоог хүртэл зөв явсан байна. Харин орхиж болохгүй нэг зүйлийг орхисон нь эрүүл мэнд юм билээ. Болж байна, бүтэж байна, би ёстой алж байна гээд явсан. Залуу насанд сэлэм гялс, толгой бөндгөс явлаа. Заримдаа хүн өөрийгөө алган дээрээ тавьж, хөндлөнгөөс харж байх ёстой юм шиг билээ. 2009 онд би сахартай гэдгээ мэдээд л арга хэмжээ авчих байтал хүндрүүлсээр, 14 жилийн дараа унаад өгсөн. Үүнийг хүн бүр анхаармаар байна. 18 настай хүүхэд харвасан байгааг харлаа. Тэдэнд мань мэт нь л үлгэр болъё. Бид нэг нэгэндээ урам, тэнхээ өгөх гэж ирсэн байж ч мэдэх юм шүү дээ. Тийм атал бид дөрвөн уулын дундаа л өөр хоорондоо томорч, баярхаж амьдардаг. Хойшоо Эрхүү, урагшаа Эрээн гараад хэн ч биш болдог. Зүгээр нэг гүзээ дааж ядсан бүдүүн монгол болно. Энэ дөрвөн уулын дундаас гараад хүний мөнгө биш нүдний харц, сэтгэлийн тэмүүлэл нь юун түрүүнд харагддаг юм. Би намар Эрээнд хэд хоног эмчлүүлсэн. Зээлийн газраар орлоо бол би таяг тулсан хужаа биз дээ. Тэгэхэд л би бодсон юм. Ерөөсөө бидэнд нэг нэгнээ үзэн ядах шалтгаан байхгүй биз дээ. Гэтэл яагаад заавал гахай нохойндоо тулдгийг би ер ойлгодоггүй. Нэг л их нэгнээсээ илүү гарах гэсэн тамын тогооны үлгэр үзүүлэгсэд байх. Цагаан сар болж байна, үнээ буулгаж буй нэг ч үндэсний үйлдвэр алга байна шүү дээ. Намайг хэт их улстөржвөл хасаад тавиарай. Бидэнд нэгнээ, монгол хүн монголоо гэсэн сэтгэл байхгүй болчихсон байна. Энэ 30 жилд ерөөсөө ядаж бие биенээ хайрлах гэдэг зүйлийг устган арчиж хаясан. Одоо СУИС-ийн оюутнууд оны ялгаа гаргаж нэгнээ дээрэлхдэг гэж байна. Тэр бол цэвэр багш нарын буруу. Тийм бүтээгдэхүүнүүд төгсөн гарах юм бол СУИС-ийг татан буулгах ёстой. Эхэлж хүн байх, хайрлаж сурахыг чухалчлахаа больсны гор л доо. Хайр түгээж амьдрах гэдэг л энэ дөрвөн уулын дунд байхгүй болчихлоо.
-Хэзээнээс ийм болчихов. Таны багад энэ зүйл байсан уу?
-Өвгөд маань амьд байлаа. Тэд бидэнд хүн байхыг заадаг байлаа. Аав ээж нь ядаж хэлдэг байсан байхгүй юу. Гудамжид хоёр хүүхэд зодолдвол аав ээж нь тус тусад нь дахиад зодно. Урдуур нь ороод хоорондоо зодолдох биш. Болохгүй юм болохгүй гэдгийг бид маш сайн ойлгож өссөн. Одоо тэгээд хэцүү, нэг юм ярихаар заавал мушгина. Хүний эрх, хүүхдийн эрх болгоод явчихна. Заримдаа элдвийн эрх гэдэг ойлголт дандаа зөөгдмөл, бодлоготой хаяж яваа зүйлс гэдгийг бодолцмоор санагдах юм. Хэт их хавтгайруулж, туйлширч алив асуудалд хандах юм.

-Тэгвэл үеийн залгамж халаа алдагдсан гэж дүгнэж болох уу. Гэр бүлийн хүмүүжлээр өвлөгдөж очдог соёл, сэтгэлгээ их байсан. Харин нийгмийн шилжилтийн дараа эцэг эхчүүд мөнгө хөөхөөс аргагүй болохдоо хүүхдүүдийг цоожлоод л орхицгоосон гээд ярьдаг шүү дээ?
-Энэ үнэн. Би одоо аавынхаа дайны аав байж чадаж байна уу гээд бодохоор гологддог. Эхээс 10-уулаа юм. Арвын арван хүүхдэд, арван өөр ертөнцийг хүн болгох гэж хэрхэн ухаан зарж байсан бол. Атал би одоо гурван хүүхдэдээ аав болж чадаж байна уу, мэдэхгүй байна шүү дээ.
-Та чихрийн шижинг мэдсэн мөртлөө 14 жилийн турш нэг их тоохгүй явчихсан гэж хэллээ. Харвалт гэдэг гэнэт л нэг өдөр хэрхэн тохиодог юм бэ?
-Миний багад сахар буюу чихрийн шижин гэж өвчин байдаг байсан эсэхийг мэдэхгүй л юм. Энэ иргэншлийн өвчин байх. Идэж ууж буй хүнсний бүтээгдэхүүн дандаа л хэт чихэртэй, химийн боловсруулалттай. Малын мах ч 30, 40 жилийн өмнөх шиг биш болчихлоо. Намайг анх сахар тусахад эмч нар өөх битгий ид гэдэг байсан. Одоо өөх сайн ид гэж байх юм. Тийм завсрын үед тусчихгүй юу. Ямар ч байсан буулгах ёстой гээд тариад л давхиад байдаг. Харин хөдөлгөөнөөр өнөөх сахарыг тогтоон барьж авна гэдгийг мэдэхгүй байв. Гэтэл сахарын өвчний тавилан хөл гараа тастах, амьдаараа сүг болох л юм байна.
-Дагаад харвалт их болж байна. Ковидын вакцины талаарх шинэ судалгаанууд яах аргагүй цус өтгөрүүлөх гаж нөлөө үзүүлснийг нотлоод эхэллээ. Энэ анти-вакцинист үг биш юм шүү гэдгийг уншигчдадаа давхар хэлье.
-Дээр нь стрессийн нөлөө их юм билээ. Унтаад л сэрээгүй гэдэг юм их сонсогдож байна шүү дээ. Тийм учраас ядаж агаарт, хөдөө гармаар байна. Өвгөдийн үлдээсэн юм дуусаагүй байна, хотоос гараад л байж байна. Амжиж хуучин иргэншлийнхээ дэргэд очин, чөлөө зав гаргаж сур.
-Тэрхүү баримтат кино-ялан дийлсэн түүхийг олж үзэхээс өмнө таны сэтгэл зүй ямар байсан бэ?
-Хүн өөрийгөө өвдөнө гэж хэзээ ч боддоггүй. Гэнэтийн болохоор гэнэтийн тусдаг. Тархи толгойнд ч тэр хэрээр маш гүнзгий нөлөөлдөг юм билээ. “За, за. Чи ингээд амьд үхдэл боллоо” гэж бодогдоно. Заримдаа тагтан дээр гараад л тамхи татаж зогсоход есөн давхраас газар их ойр харагдана. Уначихмаар, оччихмоор ч юм шиг. Ингэтлээ сэтгэл санаа шалдаа буусан. Гэтэл үүнд л хөтлөгдөж, даамжруулж болохгүй. Энэ үед л өөрийгөө хөндлөнгөөс харчих хэрэгтэй юм билээ. Өөрийгөө татаж авах л хэрэгтэй. Тэгээд хүн босож болж байгаа л юм бол, би тэгье гэж шийдсэн. Хоёр, гурав бөгсөө арчуулаад ирэхээр боддог юм билээ л дээ. Босно гээд л гүрийсэн, боссон. Таяган дээрээ гармаар байна гэсэн, гарсан. Одоо таягаа хаяна.
-Эмч нар юу гэж байв. Үнэхээр дасгал хөдөлгөөн хийвэл босоод ирнэ шүү, энэ боломжтой гэдгийг хэлж ойлгуулж байсан уу?
-Хэлж л байсан. Гэхдээ нэгэнт босоод ирсэн хүний түүхийг сонсох зүрх рүү ордог юм билээ.
-Та тэр хүнтэй уулзсан уу?
-Би өөрөө очиж уулзсан. Одоо үүнээс муу байхдаа хотын төвөөр алхаж очиж уулзсан. “Би ийм хүн байна. Өөрөө яаж босов” гээд бүх түүхээ ярьж, уудалсан. Намайг босно гэсэн. Өөрөө гал усан дундуур туучиж, хаалга тогшиход онгойлгохгүй байхаар нь буцаад ирсэн хүний үг ондоо гардаг юм билээ л дээ. Би өөрийгөө зүхээд л тэндээс гарсан. “Хайран цаг хугацаа, одоо больё чи минь”.
-Ингээд фитнесс. Хэдэн он бэ?
-2022 оны аравдугаар сард, 10-р хорооллын фитнесст анх явж эхэлсэн. Одоо би фитнесс дотор таяг тулдаггүй. Тэр үед таягтайгаа л. “Төхөөрөмж гомдоочихно” гээд л бүх төхөөрөмж дээр дасгалжаад. Одоо харин энэ фитнесст Б.Мөнх-Эрдэнэ гэж багш зааж байгаа. Өдөрт 2-3 цаг, заримдаа дөрвөн цагийг энд өнгөрүүлж байна.
-Ямар дасгалууд ихэвчлэн хийх вэ?
-Мэдээгүй болон том булчингуудыг ажиллуулна. Энэ бол нөхөн сэргээх төв биш, булчин ургуулж гоо сайхан урладаг газар. Тийм болохоор булчин талаас зөвлөхөд нь би өөртөө хувирган дасгалжиж байгаа.

-Бодит үр дүн яаж гарсныг, гарч болдгийг та ижил нөхцөлд буй хүмүүстээ яриач?
-Саажсан гар нь тэнийдэггүй юм. Одоо чөлөөтэй тэнийнэ, өргөнө. Хүн өдөр бүр сууж босох ёстой юм билээ л дээ. Энэ бүдүүн гуя, хамгийн том булчинг байнга ажиллуулах ёстой. Би огт сууж босож чаддаггүй байсан. Одоо бол өдөр бүр 100 удаа хийнэ. Дээр нь энэ дасгал сахар буулгадаг. Гар дээш доошоо хөдөлдөггүй байсан. Одоо хоёр гараа дээш алдална, энэ их сайн дасгал. Тэргэнцэртэй хүнийг босгодог дасгал байхгүй юу. Энэ таяг миний насны хань биш. Одоо цагтаа бол хань болж байна. Нэг өдөр л бид хоёр нэг нэгэндээ баяртай гэж хэлнэ. Тэр хүртэл би заавал яарахгүй. Шөнө 03.00 цагт босчихоод, манддагаараа мандах нарыг хүлээж хараагаад байж болохгүй биз дээ.
Өвдсөн хойноо биш, өвдөхөөс өмнө гэдэг л гол гаргалгаа юм байна. Хайран сайхан цагийг залуус дэмий өнгөрүүлж байна даа. Энэ фитнесс гэж газар ирээч ээ. Хүний булчин гэдэг бол маш залхуу, эзнээ уруу татдаг хачин эрхтэн юм байна. Жаахан ажиллуулбал өвдөөд, орилж хашгираад. Хөдөлгөөд байвал баярлаад, ургаад байдаг. Орхичихвол унтаад, хатангиршаад л явчихдаг. Тэгэхээр өөрийгөө ялах гэж энэ шиг байна. Үүнийг амьдралынхаа нэг хэсэг болгочих л доо. Дараа нь идэж уух юмандаа анхаармаар байна. Наад зах нь баяраар хүүхдэд дандаа чихэр авч өгдгөө болих цаг ирээгүй гэж үү. Би есөн настай хөөрхөн жаахан охиныг архаг чихрийн шижинтэй гээд эмнэлэгт хэвтэж байхыг харсан шүү дээ.
-Юуны төлөө босож ирэхээр тэмцэж байна вэ гэвэл?
-Ирээдүй урд байна. Дасгал хийх тусам надад хийх зүйл өшөө их байгааг ойлгож байна. Алдаа байсан бол түүнийн цэгнэе. Амжилт урд байгаа учраас л намайг дахиад жаахан эрүүл байлгах гэж амьд үлдээлээ, ийм цаг хугацааг олголоо гэж бодоод байна.
-Дараагийн номоо бичиж байна уу?
-Болоогүй ээ. Ноднин энэ түүврийг хэвлүүлсний дараа цадсан санагдаад, бичсэн юмаа дахиж бичих гээд байгаа. Өөрийгөө давтмааргүй байна л даа. Мэдээж бичлэгийн хэлбэр өөрчлөгдөхгүй байх.
-Харин нэг сайхан дүр бүтээчих юм сан гэж боддогоо та дурдсан. Ер нь жүжигчин байхын юу сайхан юм бэ. Одоо ч боддог гэхээр энэ таны хувьд уран зохиолоос хамаагүй илүү таашаал, мөрөөдөл юм аа?
-Хэчнээн сайхныг нь хэлж мэдэхгүй юм. Эмэгтэй хүний уруул дээр үнсэх яагаад тийм сайхныг яг таг мэдэхгүй шүү дээ. Илэрхийлж чадамгүй сайхан учраас л тэгж татагддаг байх.
-Дотор нь ямар дүр төсөөлөгдөж байна вэ?
-Би нэлээд залуу байхдаа Ромъёо гэж өөрийгөө боддог байсан. Харин буурь суугаад Гамлет гэж бодох болсон. Нэг хэцүү зүйл бол, миний найруулагч хэн бэ? гэдэг асуулт юм. Миний дотоод Гамлетыг таньж, таниад зогсохгүй гаргаж ирэх найруулагч хэн байх вэ, хаана байна вэ. Би өөрөө юм уу. Би өөрөө юм бол түүнийг монодрамаар гаргах юм уу. Би өөрийгөө Гамлет гэдгийг яаж нотолж харуулах вэ. Нотлохгүй юм бол хэн намайг, хаанаас олж харах вэ. Тэгэхээр энэ хамтын урлаг гэгддэг шалтгаан. Одоо миний найруулагч хаана, Гамлет маань ч одоо хаана явааг мэдэхгүй байна. Намайг одоо хэн Гамлет гэж харах вэ дээ, буудуулчихсан нохой шиг этгээдийг.
-Тэгж хэлж болохгүй шүү дээ. Одоо театрууд сэргэж, шинэ найруулагч нар төрөн гарч байна шүү.
-Залуус гоё байна. Гоё залуус гараад ирэхээр баярлах юм. Шувуу шиг л жиргэж, элин халин дүүлж байна. Хийе гэснээ бүтээл болгож байна шүү дээ. Гайхалтай нь, ийм залуус энд тэндгүй байгаа шүү дээ. Асчихсан залуус. Асаад ирэхээр гоё. Тэр холоос гэрэлтдэг байхгүй юу. Даанч өнгөрсөн 30 жил жүжигчид гэж бид нар эзэнгүй хэдэн тахиа энд тэнд донгодохтой адил явсан л даа. Монгол төр энэ хугацаанд соён гэгээрэл рүү буюу ард түмний оюун тархи руу нулимсан. Нэг ажил хийх гэж Фэйсбүүкээр шийддэг балай төр гэж юу байх вэ дээ. Дугаарын хязгаарлалт хийх үү, хийхгүй юу гэдгийг ард түмнээс асуух юм гэнэ шүү.

-Ярилцлагын төгсөлд, эдгээр амаргүй жилүүдэд таныг дэмжсэн гайхамшигтай хүмүүст талархал илэрхийлнэ үү?
-Хамгийн түрүүнд би ханьдаа баярлалаа гэж хэлье. Хагас хүнийг өдийг хүртэл чирч байна. Өглөө босгохоос эхлээд ам руу орох хоол унд, эм тариаг бэлдэх, гараад явсан ч бүдэрч халтирчих вий гэж санаа тавина гээд тоймгүй. Өшөө хар багаас нөхөрлөсөн олон сайхан найз маань байна. Бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Хүн өвдчихөөрөө хараад байдаг юм билээ. “Сайн уу, хөгшөөн?” гээд л мессеж биччихвэл тавираад явчихдаг, “Болоо ш дээ, миний найз” гэж бодогддог. “Цагаан тугаа мандуулж болохгүй шүү” гэхийг нь дуулаад л хэдэн жил зүрхэндээ тээж байна шүү дээ. Тэр үгийг энэ өдөр хэлэх гэж л миний нөхөр явсан юм уу. Хэрэгтэй үед нь хэрэгцээтэй үгийг хэлдэг байх сайн нөхрийн шинж шүү. Анх намайг фитнесст ирэхэд дуртай болгосон С.Одбаяр гэж багш байгаа. Өөрөө харваад босож ирсэн хүн. Одоо хүрлээр хийчихсэн юм шиг биетэй, миний үеийн хүн байна шүү дээ. Тэр намайг хат суулгасан шүү. Тийм юмнаас босоод ирсэн хүн чинь мань мэтийг “Хөдөл өө, хөдөл. Зүгээр” гэхэд л “Нээрэн зүгээр юм байх” гэж бодогдоод хичээдэг юм билээ. Тааралдсан, тааралдаж байгаа бүх хүнд баярлалаа л гэж хэлье. Энэ номын зураач С.Төрбурам, редактор Ц.Буянзаяа нартаа талархал илэрхийлье. Дандаа миний багын найзууд л даа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Хүний эвдрэлийг яг үнэн хэлжээ. Танд сайн сайхныг хүсье. Хурдан тэнхрээрэй та. Бага байхад ТВ караоке MNB дээр хөтөлж байхыг харж, хошин урлагт тоглодог байснаар мэднээ ах хүүг. Урагшааааааа ахааа
Амжилт, амжилт хүсье. Контентаа заав�##� хийгээрэй.
Ё. Алтангэрэл гэдэг з�##�уутай 1997 онд анх танилцаж байсан. Тэр үед Монгол телевиз үүсэн байгуулагдсаны 30-н жилийн ой болж байв. Монголын Радио Телевизийн Техникийн компаний ажилчид Та Таа Тун Гаа нэвтрүүлэгт оролцож билээ.
Та Таа Тун Гаа нэвтрүүлгийн хөтлөгч нь Ё. Алтангэрэл.
Ё.Алтангэрэл танд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе Та хат сайтай, сэтгэлийн тэнхээтэй хүн тул бүрэн эдгэрнэ ээ. Таны бичсэн номыг авч уншина аа.
Сайхан тууштай зүтгээд хурдан эдгээрэй.Мундаг байна.Сайн сайхныг хүсэе.
Урлагийнхан архинаас болж эрүүл мэндээрээ хохирох юм. Одоо архины найзуудаа түр цааш нь түлхчих. Хатуу боловч үнэн үг шүү.
Ясны эр хүн гэдэг бас өөр байдаг юм байна даа.амжилт хүсэеэээ
Агуу жүжигчин, гайх�##�тай хөтлөгч таньд эрүүл энх, саруул сайхан байхын ерөөл өргөе. Амьдр�##� сайхан, амьдрах бүр ч сайхан. Та сайхан амьдарч ирсэн. Цаашдаа ч гоё амьдарна аа. Таны ярилцлагаас маш их зүйлийг ухаарч ойлголоо. Бурхан таныг үргэлж ивээг.
Уг нь REHA буюу харвасы дараа хөдөлгөөн эсвэл яриагаа хүүхэд шиг дахин эхлэн сурахад чиглуулдэг нөхөн сэргээх эмчилгээ гэж байдаг. Хараад байхад манай улсад байдаггүй бололтой. Мэргэжлийн хүмүүс тухайн хүндээ тааруулж юуг хэдэн удаа хийхийг нь зааж өгч хамт хичээллээд төдий хугацаанд төд хий гэртээ гэж зааж өгдөг болов уу. Яг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан заадаг мэргэжлийн хүмүүстэй харвасны дараах эмчилгээ байдаг.
Харин одоо элэгний өөх гэх мэт өвчин, сахарын өвчинд өөх тос биш , нүүрс ус болдог бүтээгдэхүүнүүд буруутай гэдэг болчихсон. Нүүрс ус гэдэгт сахар, цагаан гурил будаа түүгээр хийсэн бүх юм гэхээр дэлгүүрийн лангуун дээр тавьсан үйлдвэрийн баглаатай бүх бараа орох гээд байгаа юм. Муу өөх тос нь муу нь үнэн. Тиймээс хүмүүс өөх тос сайн гэж заав�##� сохор итгэхгүйгээр ямрыг хэр хэмжээгээр тааруулб�##� аюулгүй вэ гэдгээ бодох. Европууд болон Манай Монголчууд оройн хоолноос бусад үед дан гурил сахаран суурьтай юм иддэг тул 10-15 жилийн дараа сахарын өвчний эхний шинж тэмдэг мэдэгдэнэ. Өвчлөхөө хүлээхгүй хоол ундаа бага багаар соливол эхэн үедээ бие засрах нь засардаг юм байна. Одоо хүүхдүүдийг л харахад хэцүү байна даа. Мөн Д витамины дутагд�##� зэрэг витамины дутагдлаа өндөр доозоор нөхөд дараа нь хугацаа нь дуусахааар бага доозоор үргэлжлүүлээд завсарлах эсвэл ногоотой хоол их идэх шаардлагатай.
Саяхан л гялгар зангиатай гяллзсан хүн зурагтаар гардаг байсан их ядарчээ. Өвдөх хэцүү дээ. Эрүүл энх болохыг хүсьe
Танд амжилт хүсье
Авъяаслаг сайн жүжигчин дээ. Амжилт, эрүүл энхийг хүсье!
Хүний үнэн амьдр�##� хүн ернь хамгийн түрүүнд бодох асууд�##� эрүүл мэнд энэ эрхэм зүйлээ тоодоггүй дараань харам�####�гдаа
mongolchuud jujigchid alailagchidaa ih sonsoh ymdaa haha
Хүний үнэн амьдр�##� хүн ернь хамгийн түрүүнд бодох асууд�##� эрүүл мэнд энэ эрхэм зүйлээ тоодоггүй дараань харам�####�гдаа
Өө,�######�уул харваа юу.Мундаг ухаантай хүн бна.Сүүлийн үед ийм уха�##�аг ярилцлага уншаагүй юм бна.Их уншдаг ухаантай жүжигчиндээ амжилт!!! Босож л таараа.
Авьяаслаг уран бүтээлчдээ амжилт хүсье,Номыг нь авч уншнаа .Жарг�##� зовлон 2 ээлжилж, бэрхшээл боломж 2 бас зэрэгцэн оршдог гэж боддог доо .Эрүүл энхийг хүсье.Сэтгэлийн хаттай байж бодсон санасан мөрөөдөл болгоноо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Сайхан ярилцлага болжээ. Сэтгэл их хөдөллөө. Ханьдаа маш их баярл�##�аа. Хамтдаа ирж яваа цагийг аз жарг�##�тайгаар угтанаа.
ene hund ter gaviyat gedeg tsol baimaar ymdaa !