Нийгэм мэдээ

“Томчуудын мэдлэг-Багачуудын бамбай” сэдвээр хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцлээ

НИТХ, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Мягмар нарын санаачилгаар Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран эцэг, эх, асран хамгаалагчдад мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Томчуудын мэдлэг – Багачуудын бамбай” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтнуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Л.Амармөрөн, УСА-ны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Будзаан нар мэдээлэл танилцуулж, ЕБС-ийн 250 орчим удирдлага, нийгмийн ажилтнууд туршлагаасаа хуваалцлаа.  

Хэлэлцүүлгийг нээж НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ 

“Хүүхдийг аливаа хэрэг, зөрчлөөс хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагч нарын мэдлэг, ойлголт их чухал гэдгийг цагдаагийн байгууллагаас судалгаагаар гаргасан. Хүүхдийг аливаа хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж томчууд бид болзошгүй эрсдэлийг хүүхдүүддээ тайлбарлаж ойлгуулдаг, гарах уршгийг нуух биш хэлж, зөвлөдөг байх нь чухал. Энэ удаагийн хэлэлцүүлгээр хүүхэдтэй хамгийн их тулж ажилладаг ЕБС-ийн нийгмийн ажилтнуудынхаа санал бодлыг сонсож, цаашид юун дээр анхаарч, дэмжих үү гэдгээ хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болж байна.

Томчуудын мэдлэг нь багачуудыг хамгаалах бамбай юм гэдэг санал, санаачлагыг НЦУГ-ын удирдлагууд, Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс дэмжиж хамтран ажиллаж байна. Бид энэ арга хэмжээний үеэр гарсан шийдвэрлэх шаардлагатай саналуудыг бодит ажил болгохын тулд цаашид НИТХ, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлнэ. Өнөөдөр нийгмийн ажилтнууд бидний анхаарах маш олон саналуудыг хэлж байна.

Хүүхдийн төлөө, гэмт хэргээс сэргийлэх нь дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш юм. Хүүхдийн төлөө ажилладаг агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо гээд хамтын хариуцлагын үр дүнд бид хамгаалах, урьдчилан сэргийлж чадна” хэмээн онцоллоо.

НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Л.Амармөрөн

“Бүх шатанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор НИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нар, НЦУГ, УСА хамтран Томчуудын мэдлэг- Багачуудын бамбай нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн хувьд ЕБС-ийн удирдлага, нийгмийн ажилтнуудтай мэдээллээ солилцож, цаашид анхаарах асуудлууд, яаралтай шийдүүлэх саналуудаа нэгтгэлээ. Сургуулийн орчинд хүүхэд ямар хэрэг, зөрчилд холбогдоод байна, сургууль энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ гэдэг чухал.

Эхний есөн сарын байдлаар сургууль орчимд хүүхэдтэй холбоотой 119 хэрэг, зөрчил бүртгэгдсэн. Үүний дийлэнх нь үе тэнгийн дээрэлхэлт, нэгнийхээ биед халдах асуудлууд гарсан. Сургуулийн нийгмийн ажилтнууд цагдаагийн байгууллагатай мэдээллээ сайн солилцох ёстой. Дараагийн үе шатанд хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзалтаа хийж, мэдээллээ солилцоно.

Түүнчлэн хүүхдийн асуудал шийддэг хорооны хамтарсан баг их чухал. Бид энэ “Томчуудын мэдлэг – Багачуудын бамбай” арга хэмжээнийхээ хүрээнд хорооны хамтарсан багуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллээ цаг алдалгүй солилцох, шийдвэр гаргах түвшинд асуудлаа шийдвэрлэхэд анхаарна. Ингээд гурван үе шаттай хүүхдийн эрхийгн хангах үүрэг бүхий оролцогч талууудыг оролцоог нэмэгдүүлж, эцэг, эх, асран хамгаалагчид руу чиглэсэн ажлууд хийгдэх юм” гэв.

Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга н.Алтанхундага хэлэлцүүлгийн үеэр  

“Чингэлтэй дүүргийн хувьд жилдээ 700 орчим дуудлага хүүхдийн тусламжийн 108 утсанд бүртгэгддэг. 102, 107 тусгай дугаартай нэгтгэвэл дунджаар 3000 орчим дуудлага ирдэг. Хүчирхийллийг бие махбод, сэтгэл санаа, бэлгийн гэсэн төрлөөр ангилж, үзэж байгаа. Жил ирэх тусам дуудлага мэдээлэл өсөж байгаа. Нэг талдаа далд байсан мэдээлэл ил болж, илрүүлэлт нэмэгдэж байгаа үзүүлэлт байна. Жишээ нь хажуу айлынх нь хүүхдийг эцэг, эх нь зодлоо гэхэд хөршийн холбоо нь шууд мэдээллэж байна. Чингэлтэй дүүргийн хувьд эцэг, эх нь архины хамааралтай хүчирхийлэл нь нийт дуудлага мэдээллийн 70 орчим хувийг эзэлдэг. Нарантуул 2, Хүчит шонхор зах, 7 буудал, Нарлаг дэнж худалдааны төв орчмоор архидан согтуурах, түүнтэй холбоотой хүчирхийллийн хэрэг их гардаг. Манай дүүрэг гурван төрлөөр шуурхай хариу тусламжийн үйл ажиллагаа үзүүлдэг. Түр хамгаалах байртай. 2022 оны байдлаар түр хамгаалах байр 451 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бол өнгөрсөн онд 202 хүүхдэд түр хамгаалах үйлчилгээ үзүүлсэн. Дуудлага мэдээлэл их байгаа ч хамгаалуулах хүүхдийн тоо буурч байнаа гэдэг нь эрсдэлийн түвшин бага байнаа гэж харж байгаа. Сургууль болгон дээр хүүхэд хамгааллын баг гэж байдаг. Сургуулийн, хорооны, дүүргийн багуудыг бодлогоор нэгтгэх зорилготой” гэсэн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button