Нийгэм мэдээ

3 хүртэлх насныхныг үнэгүй харж өгч байгаа цэцэрлэг: Ажил хаялт үр дүнгээ өгтөл тусална

Улс орон даяар 675 байгууллагын 35 мянга гаруй багш нар ажил хаялтад нэгдээд хоёр долоо хонож байна. Энэхүү ажил хаялтыг эцэг эхчүүд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсээр буй.

Тэгвэл өнгөрсөн долоон хоногоос эхлэн Завхан аймгийн "Элит Кидс" цэцэрлэг гурав хүртэлх насны харах хүнгүй, улсын цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдийг үнэгүй харж өгөхөөр болжээ.

Тухайн шийдвэрийн тухай тус цэцэрлэгийн эрхлэгч О.Амгалан Завхан аймгийн групптээ мэдээлэл оруулжээ. Тэрбээр, "Ажилтай байгаа хүмүүсийн гурав хүртэлх насны хүүхдүүдийг улсын ажил шийдэгдтэл харж өгье" гэжээ.

Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгчтэй холбогдож, цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Яагаад энэхүү шийдвэрийг гаргах болсон бэ?

-Манай цэцэрлэгийн багшийн хүүхэд улсын цэцэрлэгт явдаг. Тэгсэн ажил хаялт эхлээд, хүүхэд нь "өдөржин гадаа тоглоод байна" гэж хэлсэн. Тэгээд л шууд "Хүүхдээ аваад ир. Энд бэлэн анги байхад хүүхдээ байлгачих" гэсэн. Ер нь гурав хүртэлх насны хүүхдүүд их эзмэг учраас харах хүнгүй гэртээ байвал цэцэрлэгт авчихая гэж шийдсэн. Бид адилхан багш нараа л дэмжиж байна. Тэд маш том давалгаа эхлүүлсэн. Шийдэгдээсэй гэж битүүхэндээ их хүсэж буй. Эцэг эхчүүд ч мөн адил дэмжиж байгаагаа илэрхийлж байхад бид д хүүхдүүдийг нь үнэгүй харж өгөхийг зорьсон.

-Одоогоор хичнээн хүүхэд танай цэцэрлэгт нэмэгдэж байна вэ?

-Хүмүүс их сайхнаар л хүлээж авч байна. Цахим орчинд зар тавьсан өдөр 10 орчим хүүхэд ирсэн. Түүнээс хойш нийтдээ 30 хүүхэд ирсэн. Манай цэцэрлэгт орон тоо бас байдаг учир хэт их дүүргэхгүйг хичээсэн. Аль чадлаараа авч байна гээд дүүрэн хүүхэд чихээд байж болохгүй шүү дээ. Ямартай ч анги танхимууддаа хүүхдүүдээ чадахаараа хувиарласан.

-Хүүхдүүд нэмэгдэхийн хэрээр багш нарын ачаалал нэмэгдэж байгаа болов уу?

-Бид мэргэжил нэгт багш нараа л дэмжих ганцхан зорилготой. Ачаалал нэмэгдэж байгаа ч гэсэн ажил хаялт үр дүнгээ өгтөл энэ шийдвэрээрээ л байна.

- Хүмүүс хэр хүлээж авч байна вэ?

-Хотоос ч хүмүүс холбогдсон. "Ямар гоё юм бэ, хүүхдээ өгье" гээд ярихаар нь хаягаа хэлтэл "Хаана гэнэ ээ" гээд гайхсан. Тэгэхээр нь та хаанаас ярьж байна гэсэн чинь хотоос гэж хариулсан. Хотод ийм цэцэрлэг байсан бол хүүхдээ өгөх сөн гээд л яриад байсан. Бид хэн нэгнээс илүү гарая гэсэндээ ийм санаачлага гаргаагүй ээ, аль болох л нөхцөл байдалд тааруулахаар шийдсэн.

-Танай цэцэрлэг хэзээнээс эхэлж, үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?

-Үйл ажиллагаагаа эхлээд одоо бараг найман жил болж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button