Доктор Н.Наранжаргал: Зөвлөлтийн эсрэг тулалдсан гэж Халимаг айл бүрийн үүдэнд Орос офицер цөллөгийн бичигтэй очиж байсан

Одоогоос 82 жилийн тэртээ Халимагийн ард түмний хувьд хар өдөр тохиосон юм. Чухамхүү 1943 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗХУ халимагуудыг Сибирьт цөлж байв. Энэ өдөр халимагуудын хувьд Үндэсний гашуудлын өдөрт тооцогддог бөгөөд энэ хүнд цаг үед халимагууд хэрхэн аж төрж байсан, цөллөгийн шалтгаан болон үр дагаврын талаар ШУА-ийн ОУСХ-ийн Орос судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Н.Наранжаргалтай ярилцлаа.
- 12 дугаар сарын 28-ны өдөр халимгуудын хувьд хүнд өдөр. Халимаг түмний цөллөгийн золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр гэж Халимаг даяар тэмдэглэдэг. Энэ өдрийн утга учрын талаар та уншигчдад товчхон ярьж өгөхгүй юу?
Тийм ээ, жил бүрийн 12 сарын 28-ны өдрийг ОХУ-ын Халимаг улсад үндэсний гашуудлын өдөр болгосон байдаг. Энэ өдөр ямар нэгэн баяр ёслолын үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Халимагийн цөллөг халимаг айл, хүн бүрт маш хүндээр нөлөөлсөн байдаг. Энэ өдөр Халимагийн нийслэл Элиста хотод байгуулсан уг цөллөгийн үеэр амиа алдагсдад зориулсан дурсгалын цогцолбор дээр Халимагийн төр засгийн удирдлагууд болон ард олон цугларан цэцэг өргөж, амиа алдсан элгэн садан бүртээ хүндэтгэл үзүүлдэг. Мөн Халимагийн бурханы шашны төв болох “Бурхан багшийн алтан сүм”-д буяны ном хурах үйл ажиллагаа явагддаг. Энэ үйл ажиллагааг хөдөө район, тосгодод ч мөн ийм байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тавдугаар сарын 9-ний Ялалтын баяр Орос хүн бүхэнд хамааралтай байдгийн нэгэн адил 12 сарын 28-ний гашуудлын өдөр халимаг хүн бүрт хамааралтай байдаг юм. Би энэхүү үйл ажиллагаанд 3 жил дараалан оролцсон. Тэнгэр хангай хүртэл энэ ард түмний зовлон гашуудлыг ойлгосон юм шиг. Энэ л өдөр хүйтэрч, цасаар шуурсан нэг тийм хүйтэн зэврүүн өдөр болдог.
Үндэсний гашуудлын өдрөөр амь насаа алдсан гэр бүлийнхнийгээ дурсан хүндэтгэл үзүүлж буй халимагууд
- Халимагуудыг яагаад цөлөх болов?
Халимагуудыг цөллөгт явуулсан энэ асуудлыг уг үндсийг эртнээс авч үзмээр юм шиг санагддаг. Оросууд XVII зуунд халимагуудыг зүүн өмнөд бүс нутагтаа суулгасан асуудал тэдний хүчирхэг нум сум морин цэргээр хилээ хамгаалуулах явдал байв.
Гэтэл галт зэвсэг бий болж оросууд армиа галт зэвсгээр зэвсэглэснээр халимагийн нум сумт морин цэргийн хэрэгцээ багассан. Тиймээс тэдний бие даасан байдлыг багасгахын тулд христийн шашинд оруулах, малын бэлчээрийг нь тариалангийн талбай болгох бодлого явуулан хавчих болсон байгаа юм. Үүний зэрэгцээ томоохон дайн тулалдаануудад ихээр оролцуулах болсон зэрэг нь халимагуудын дургүйцлийг хүргэж байлаа. Энэ байдал ХХ зууны эхэн хүртэл үргэлжилсэн. Орост өрнөсөн иргэний дайн ч халимагуудын хувьд хүндээр тусаж, малчин халимагууд шууд утгаараа хувийн хөрөнгөтөн болж байсан юм. Тэд улаантан, цагаантны аль алинд нь хуваагдан байлдсан байдаг.
Гэтэл 1920-иод оны эхээр болсон ган, зуд нь маш хүнд өлсгөлөнг дагуулсан. Хөгшид, хүүхэд, залуус гэлтгүй өлсгөлөнгөөр маш ихээр хорогдож, нутаг орноосоо дүрвэх болсон. Өлсгөлөнгийн улмаас зарим район, тосгон амьдрах хүнгүй болсноор засаг захиргааны нэгжээс хасаж байсан баримт бий. Халимагийн алдарт жангарч Ээлэйн Овлай хүртэл өлсгөлөнгийн улмаас нас барсан.
1920-иод оны дундуур өлсгөлөнгийн аюул намжих үетэй зэрэгцээд ЗХУ-д хамтралжуулах бодлого хэрэгжиж, өлсгөлөн, ган зудаас үлдсэн цөөхөн малыг нь нийгмийн өмчид хүчээр нэгтгэсэн юм. Халимагийн газар нутаг нь уулгүй, модгүй тал нутаг шүү дээ. Тэдэнд малаа нуун үлдэх ямар ч боломж байхгүй, бүх мал сүрэг нь тал нутагт ил харагдаж байсан гэсэн үг. Хөрш зэргэлдээ тариачин оросууд үр тариагаа газарт булаад авч үлдэж байсан бол халимагуудад үхэр малаа нуух уул, модтой газар байхгүй тул бүгдийг нь хамтралд өгсөн. Энэ нь эдийн засгийн хүнд цохилт болсон юм. Улмаар 1930-аад оноос ЗХУ-д шашныг шахан хавчсан бодлого явуулах болж, халимагуудын бусдаас голлон ондоошиж байсан бурханы шашныг нь шахан хавчиж сүмхийдийг хааж, лам хуврагуудыг нь хэлмэгдүүлэн хороосон.
Ийнхүү тэд эдийн засгийн хүнд нөхцөлд сэтгэл санааны том дэмжлэг болж байсан бурханы шашнаа шүтэж чадахгүй болсон нь сэтгэл зүйн хүнд цохилт болсон юм. Ийм тал талын хүнд нөхцөл үүсээд байхад нь дэлхийн II дайн эхэлж, германчууд ЗХУ-д халдан довтолсон. Германчуудын довтолгооны нэг гол чиглэл нь Сталинград байсан юм.
Сталинградыг эзлэх энэ чиглэл нь Халимагийн нутгаар дайрч байсан. Оросын төлөө олон тайн тулалдаанд орж туршлагажсан дайчин халимагууд Германчуудын эсрэг сайн тэмцэж байв. Энэ үед Германы талаас явуулсан нэг гол ажил бол суртал ухуулгыг маш хүчтэй оновчтой явуулсан явдал юм.
Тэд халимагуудад зориулан “Бурхан шашнаа чөлөөтэй шүтэхийг зөвшөөрнө”, “хувийн өмчтэй байхыг зөвшөөрөх тул мал сүргээ өөрсдөө тэжээн өсгөж, хувийн хэрэгцээндээ хэрэглээрэй”, “Халимагийн ард олныг алж хороохгүй”, “Хүнсний тусламж олгоно”, “Тусгаар улс байгуулж өгнө” гэх мэтээр ухуулж байсан. Энэ нь олон жилийн турш эдийн засаг, сүсэг бишрэлийн хүнд нөхцөлд амьдарч ирсэн халимагуудын зарим хэсэгт багагүй таалагдсан байдаг. Ингэснээр тэд Германы талд морин хороо байгуулан ЗХУ-ын эсрэг тулалдах болсон нь тэднийг цөллөгт явуулах шалтаг болсон юм.


-Цөллөгт халимагуудын хэдэн хувь нь явсан бэ?
Цөллөгт халимуудыг бүгдийг нь явуулсан. Халимагийн тал нутагт нэг ч халимаг хүн үлдээгүй.
-Тэд бүгдээрээ Германы талд байлдсан гэсэн үг үү?
Үгүй. Тухайн үед Халимагийн хүн ам 130 мянга орчим байсан. Тэднээс Германы талд 5000 орчим халимаг хүн байлдаж байсан бол, Улаан армийн эгнээнд 30000 орчим халимагууд эх нутгийнхаа төлөө байлдаж байсан. Өөрөөр хэлбэл хүн амын нь 2,2 хувь л германы талд орсон гэсэн үг.
Улаан армид байлдаж байсан халимагуудын эрэлхэг явдал фронт даяар гайхагдаж байсан түүхтэй. Дайны эхэн үед Улаан армийн халимаг дайчдаас 11 хүн ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан байдаг. Сүүлдээ халимагуудын шагнал урамшуулал олгохыг маш ихээр дарах болсон тэгээгүй бол энэ тоо илүү олноор нэмэгдэх байсан. Нийт байлдсан 30 гаруй мянган халимаг дайчдаас 10 мянга шахам нь амь үрэгдэж, 8000 халимаг цэрэг одон медалиар шагнагдсан байна. Халимагуудаар гол болгон байгуулсан 110-р морьт дивиз тулалдааны үед хүн хүчээ бүрэн алдаж, дахин шинэчлэн байгуулахад хүрч байсан.
-Цөллөгт явуулах ажиллагаа хэрхэн явагдсан бэ?
ЗХУ фронт дээр давуу байдалтай болсон үеэсээ халимагуудын асуудлыг авч хэлэлцэж эхэлсэн. Халимагуудыг цөллөгт явуулах асуудлыг 1943-8-21–нд “Германаас чөлөөлөгдсөн халимагуудын асуудал” гэсэн сэдвээр ЗХУ-ын эрх баригчид хэлэлцэж, Сибирьт цөлөх нь зөв гэсэн шийдвэр гаргасныг 1943 оны 10 сард Сталин баталсан.
Шийдвэр гарсны дараа 12 сар гэхэд элдэв эсэргүүцэл гарахаас сэргийлэн 10,000 гаруй цэргээр Халимагийн хот, тосгон, сууринуудыг бүслүүлснээс гадна Дотоод хэргийн ардын комиссарын газрын (ДХАК) 4421 төлөөлөгч, 1226 цэрэг, 1355 ачааны машин бэлтгэж, ажиллагааг бүхэлд нь Иваново мужийн ДХАК-ийн дарга, Улсын аюулгүй байдлын хошууч генерал Маркеев хянаж байв.
Халимагуудыг Ижил мөрнөөс нүүлгэн цөлөх ажиллагааг нууцлан “Улус” хэмээн кодолсон байдаг. Шийдвэр эрх зүйн хувьд бүрэн баталгаажсан 1943 оны 12-р сарын 28-ны өглөө халимаг айл бүрт ДХАК-ийн төлөөлөгч цэргүүдийн хамт очин хаалгыг нь балбаж, Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолыг танилцуулсан байна. Энэ үед Халимагт зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настан, тахир дутуу болон дайнаас шархдан ирэгсэд байв.
Орос цэргүүд уг тушаал зарлигийг уншиж танилцуулахад ямар учраас хөөгдөж байгаагаа мэдэх орос хэлтэй хүмүүс цөөхөн байв. Тэдний ихэнх нь Калининий гарын үсэгтэй тушаалаар хөөгдөж байгаагаа л мэдэж байсан гэдэг. Нэг айлд ДХАК-ийн төлөөлөгч хоёр цэргийн хамт очиж байсан бөгөөд гурван хүний бүрэлдэхүүнтэй нэг ийм баг гурван айлыг нүүлгэх үүрэг хүлээж байжээ.
12 сарын 28 –ний үүрээр айл бүрийн үүдэнд нэг офицер, хоёр цэргийн хамт очиж цөллөгт явуулах болсон тухай тогтоолыг танилцуулж, нэг хүн 5 кг ачаа авч явахыг зөвшөөрч, ачаагаа бэлдэхэд 15 минутын хугацаа өгсөн байдаг
Халимагуудыг нүүлгэх ажлыг дараах үед шаттай явагдсан. Эхний ээлж нь 1943.12.28-12.31-ны хооронд явагдаж Халимагийн автономит улсын нутаг дэвсгэр дээрх халимаг иргэдийг бүгдийг нь нүүлгэсэн
Юутай ч “Улусы” ажиллагааг ДХАК-ийн газраас өндөр түвшинд бэлтгэж,тухайн үед Халимагийн нутгаас 26360 гаруй өрхийн 92983-115355 халимагуудыг нүүлгэсэн. Нүүлгэх 1,400 халимаг замдаа, тэр хэмжээний хүн өвчилж, Сибирьт очоод нас баржээ. Нас барагсдын ихэнх шалтгаан уушгины хатгалгаа өвчин байв. Тухайлбал, Алтайн хязгаар руу нүүлгэсэн 478 хүний 290 нь уушгины хатгалгаа, сүрьеэ өвчнөөр замдаа нас барсан байдаг. Хоёр дахь ээлжинд 1944 оны 1-р сарын 8-нд генерал И.В.Смородинов улаан армид алба хааж байсан 40000 халимаг дайчдыг цэргээс халах тухай тушаал гаргаснаар эхэлсэн.
Эхний шатанд улс төрийн ажилтнууд болон удирдах офицеруудыг нь Ташкент болон Новосибирск хотод цуглуулсны дараа цэргийн албанаас халжээ. Халагдсан офицерүүд Сибирь даяар тараан цөлөгдөөд байсан ар гэрийнхнээ хайхаар явсан. Өөрөөр хэлбэл тэд сайн дураараа цөллөгт байсан ар гэр дээрээ очиж, цөллөгийн хатуу хяналттай суурины оршин суугчид “хоригдлууд” болсон юм. Бодит байдал дээрээ тэдэнд сайн дураараа цөллөгт очихоос өөр зам байгаагүй юм.
Хоёр дахь шатанд улаан армид алба хааж байсан жирийн халимаг цэрэг, түрүүч, ахлагч нар хамрагдсан бөгөөд тэднийг офицер, удирдах албан тушаалтнуудтай харьцуулахад илүү эмгэнэлтэй хувь заяа угтсан. Зөвхөн халимагуудаас бүрдсэн тусгай хороо, анги байгуулах гэдэг нэрийн доор тэднийг армиас буцаан татсан. Фронтоос эргүүлэн татагдсан цэргүүдийг Астрахань руу илгээжээ. Тэндээс шархадсан, тахир дутуу, өвчтэй цэргүүдийг Сибирь руу явуулаад эрүүл цэргүүдийг нь Молотов (одоогийн Пермь) мужийн VII буудлагын бэлтгэл бригадын хяналтад шилжүүлэн, ДХГ-ын хатуу хяналтад Широковскийн цахилгаан станцын бүтээн байгуулалтад ажиллуулсан байна.

Гуравдугаарт, Ростов мужийн 22 районд амьдарч байсан 548 өрхийн 2628 Халимагийг 1944 оны 3-р сарын 24-нд 35 вагоноор нүүлгэж, Томскийн төмөр замын Чернышовд 800, Шигарскт 800, Асинск-т 800 халимагийг 4–р сарын 10 гэхэд суурьшуулж дуусжээ. Нүүлгэлтийн үеэр 12 хүн нас барж, 10 хүн эмнэлэгт хүргэгдэх байдлаар нийтдээ 22 хүн замдаа үлджээ. Дөрөвдүгээрт Сталинград мужид амьдарч байсан халимагуудыг нүүлгэх ажил 1944 оны 6–р сарын 2-нд эхэлж 7–р сарын 4-нд дуусжээ.
Энэ удаагийн нүүлгэн шилжүүлэх ажил цаг агаарын хувьд дулаан улиралд болсон учраас төдийлөн бэрхшээл учраагүй байна. Тус мужаас 387 өрхийн 1169 хүнийг 32 вагонд ачсан бөгөөд тэднийг дотоодыг хамгаалахын 25 албан хаагчид харгалзаж байв. Тэднийг Свердловскт хүргэсэн байна.
-Тэднийг ямар ямар газруудад цөлсөн бэ?
Ингэснээр халимагууд ЗХУ-ын цаг уурын хүнд нөхцөлтэй газрууд болох Красноярск, Омск, Новосибирск, Свердловска, Томск, Казакстан, Тюмень, Молотов, Кемеровск, Эрхүү,Сахалийн арал, Тува, Горны алтай, Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан, Тобольск, Ямало-Ненецкийн автономит тойрог, Ханты Мансигийн автономит тойрог зэрэг газруудад цөлөгдсөн. Өөрөөр хэлбэл тэднийг Уралыннуруунаас Сахалин хүртэл тараасан юм.
Халимагуудыг тараан байрлуулсан байдлыг харуулсан тойм зураг
-Идээшиж дассан нутгаас нь цөлсний дараа тэдний ахуй амьдрал ямархуу байсан бол?
Нөхцөл байдал маш хүнд байсан. Өвөлдөө цас бараг ордоггүй уудам тал нутагтаас битүү цастай, -30 градусаас дээш хэмтэй, зах хязгааргүй үргэлжлэх ой модон дунд очоод орон зайн баримжаа алдсан гэдэг. Тэдний ихэнх нь орос хэл мэддэггүй, аман мэдээнд дурдагддагаар тэдний тухай очиж байгаа тосгоны нь ард олон хүний мах иддэг хүмүүс гэх мэт цуу яриа тарааснаар орон нутгийнхантай хэл амаа ойлголцож чадахгүй байсан нь асуудлыг улам хүндрүүлсэн. Ардын дайсан гэдэн нутаг заагдан ирж байгаа тэдэнд нутгийн иргэд хэрхэн хандах нь ойлгомжтой. Тэд хүйтэн цаг уурын улмаас өвчин тусаж олноороо үхэж байв. Мөн хоол хүнсгүй болсноор өлсгөлөнгөөр тэр хэмжээний хүмүүс нас барсан.
Тэд аргагүйн эрхэнд ногооны талбайд үлдэж хоцорсон хөлдсөн төмс түүж идэх, зарим тохиолдолд өвчнөөр үхэхэд нь булсан малын малтган гаргаж амь зогоож байсан гэдэг. Аргагүй эрхэнд орсон ээж нь хүүхдүүдийнхээ аль нэгийг нь сонгон авч үлдэх сонголтой тулгарч, бусдаасаа ариа илүү амьд үлдэх боломжтой гэсэн хүүхдээ ахиухан хоолоо өгөөд бусдад ариа бага хоол өгсөөр нэг л хүүхдээ үлдээгээд бусад нь өлсгөлөнгөөр үхэх тохиолдлууд гарч байсан гэдэг.
Халимагууд төмсийг маш эрхэмлэдэг бөгөөд хөлдсөн төмс харах бүрийдээ тэдний сэтгэлд цөллөгтэй холбоотой гунигт дурсамжууд нь сэдэрдэг юм шиг санагдсан. Халимагуудын энэхүү цөллөгийн хүнд хэцүү байдлыг даван туулахад нууцаар шүтэж байсан бурханы шашин, жангартууль хоёр нь сэтгэлийн хүч өгч байсан гэдэг.
Сибирь хүрэх зам нь ч маш хүнд байсан. Тэднийг ес эхэлсэн хүйтэнд ачааны вагонд ачаад л явсан тул замдаа олноороо хөлдөж үхэж байсан. Хүүхэд эмэгтэйчүүдээ голдоо оруулаад настайчууд нь гадуур нь хүрээлж суугаад явахад дараагийн өртөөн дээр очиход гадна талаар нь суусан настайчууд осгож үхсэн байсан гэдэг. Нас барсан хүмүүсээ нэрийг нь үл мэдэх өртөөн дээр вагоны цонхоор гаргаж үлдээгээд л явж байсан юм билээ. Тэднийгээ хүний ёсоор хөдөөлүүлэх боломж ч байгаагүй.
Залуу эмэгтэйчүүдийн хувьд ч хүнд байсан, настайчуудынхаа хажууд бие засаж чадахгүй явах, төрөх дөхсөн эмэгтэй настайчуудынхаа хажууд төрж чадахгүй хүүхдийнхээ хамт нас барах тохиолдлууд гарч байжээ.
- Халимагуудаас өөр хүмүүсийг цөлсөн үү?
Зөвхөн халимагуудыг чөлөөгүй кавказын бусад угсаатнуудаас ч бас цөллөсөн. Германы талд зөвхөн халимагууд байлдаагүй. Кавказийн бусад угсаатнууд ч урваж байв. Энэ ч үүднээс ЗХУ-ын Засгийн газраас “халимаг, чечень, ингуш, карачай, балкар, крымийн татар, герман, турк, финланд, солонгос гэсэн 10 урвагч ард түмэнуравлаа” хэмээн зарлаж тэднийг амьдарч байсан газар нутгаас нь албадан гаргаж, хүйтэн Сибирь, халуун Дундад Азийн нутагт тарааж цөлөхөөр шийдсэн аж. Гэхдээ халимагуудаас бусдыг нь нэг газар бөөнөөр нь суулгасан бол халимагуудыг Уралаас Сахалин хүртэл тараасан. Энэ нь тэднийг бүрэн устгах бодлого байсан юм болов уу гэж үзмээр. Халимагуудыг нүүлгэх болсныг 3 цагийн өмнө мэдэгдсэн бол, бусад ард түмнүүдэд 3 хоногийн өмнө мэдэгдсэн байдаг.
Энэ ч үүднээс ЗХУ-ын Засгийн газраас “халимаг, чечень, ингуш, карачай, балкар, крымийн татар, герман, турк, финланд, солонгос гэсэн 10 урвагч ард түмэн уравлаа” хэмээн зарлаж тэднийг амьдарч байсан газар нутгаас нь албадан гаргаж, хүйтэн Сибирь, халуун Дундад Азийн нутагт тарааж цөлөхөөр шийдсэн аж.
Гэхдээ халимагуудаас бусдыг нь нэг газар бөөнөөр нь суулгасан бол халимагуудыг Уралаас Сахалин хүртэл тараасан. Энэ нь тэднийг бүрэн устгах бодлого байсан юм болов уу гэж үзмээр. Халимагуудыг нүүлгэх болсныг 3 цагийн өмнө мэдэгдсэн бол, бусад ард түмнүүдэд 3 хоногийн өмнө мэдэгдсэн байдаг.
Тэд ч цөллөгийг өөр өөрөөр хүлээн авч ялгаатай хандаж байв. Халимагууд тэднийг цөллөгт явуулсныг Сталинмэдэхгүй байгаа, Сталины туслахууд нь нугалаа үүсгэн тэднийг цөллөгт явуулсан хэмээн үзэж Сталинд ихээр захиа бичиж байсан гэдэг. Мөн өөрсдийнхөө буруугүй гэдгийг хөдөлмөр зүтгэлээрээ харуулахын тулд маш сайн ажиллаж байсан гэдэг. Хөдөлмөр болон сурлагадаа онцгой амжилт гаргасан халимагуудын тухай жишээнүүд маш их бий. Гэтэл Чечень зэрэг бусад кавказийн ард түмэн тэдгээрийг эсэргүүцэж, хүүхдүүдээ сургуульд сургахгүй, залуучуудаа нам эвлэлд элсэхийг эсэргүүцэж байсан гэдэг. Энэ утгаараа цөллөгийн үед халимагууд хэл, соёлоо маш ихээр алдсан юм.
- Цөллөгийн чөлөөлөгдөх үйл явц хэрхэн явагдсан бэ?
Дайны үед ЗХУ-аас дүрвэн гарсан Халимагууд цөлөгдсөн нутаг нэгтнүүдээ цөллөгөөс чөлөөлүүлэхийн төлөө идэвхтэй тэмцсэн. Тэднээс АНУ-д цагаачлаад байсан ЖабБурхинов маш идэвхтэй тэмцэж байв. Тэд АНУ-ын конгрессболон хүний эрхийн байгууллагуудад энэ асуудлыг мэдэгдэж ЗХУ-ын удирдлагуудад шахалт үзүүлэхийг хүсэж байв. мөн Эвсэлд үл нэгдсэн улсуудад энэ тухай мэдэгдэн тусламж хүсэж байв.
Улмаар 1953 онд И.Сталин нас барж, Н.Хрущев төрийн эрхэнд гарсны дараа 1956 оны 2-р сарын 24-нд болсон ЗХУ-ын Коммунист намын ХХ их хурал дээр Н.ХрущевИ.Сталины Кавказын угсаатнуудыг Сибирьт нүүлгэсэн гэх мэт бодлогуудыг буруутгасан “нууц” илтгэл тавьсан. Тэрбээр уг илтгэлдээ Халимагийн асуудлыг, нэгдүгээрт, халимагийн ард түмний үндэсний автономит эрхийг сэргээх, хоёрдугаарт, халимагийн автономит мужийг Ставрополийнхязгаарт байгуулах, гуравдугаарт, 1943 оны 12-р сарын 27-ны өдрийн Зөвлөлт социалист Халимагийн автономит улсыг татан буулгаж Астархань мужид оруулах тухай зарлигийг хүчингүй болгох тухай өгүүлсэн.
Ингэснээр 1956 оны 11-р сарын 24-ний өдөр ЗХУКН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаас “халимаг, карачай, чечень, ингуш үндэстний асуудалд дүгнэлт хийж, тэднийг Сибирьт албадан нүүлгэсэн нь үндэслэлгүй байсан”гэж үзсэн.
Улмаар Халимагийн автономит эрхийг сэргээх, үндэсний аж ахуйг хөгжүүлэх, нам олон нийтийн байгууллагыг сэргээхийн тулд 1956 оны 12-р сард Бүс нутгийн намын хорооны зохион байгуулалтын товчоо, бүс нутгийн Ажилчдын депутатын зөвлөлийн комиссыг байгуулжээ.
1957 оны 1-р сарын 9-нд Ставрополийн хязгаарын бүрэлдэхүүнд Халимагийн өөртөө засах мужийг 12 районтой байгуулах зарлигийг ЗХУ-ын Дээд Зөвлөл тэргүүлэгчдээс гаргаж, К.Ворошилов, А.Горкин нар гарын үсэг зурсан байдаг. Уг зарлигийг ЗХУ-ын ХХ их хурлын шийдвэрийн дагуу 1957 оны 2-р сард болсон ЗХУ-ын Дээд Зөвлөлийн VI чуулганаар баталжээ. Энэ шийдвэрийн дагуу Автономит Халимаг улс байгуулагдахад өмнө нь Халимагийн нутагт тооцогдож байсан Лиман, Приволж дүүргийг Астрахань мужид, Дагестаны мэдэлд 158 га талбай бүхий “Хар газар” хэмээх нутаг үлджээ.
Угсаа гарал нэгтэй халимагуудыг цөллөсөн энэ асуудлыг Монголчууд хэрхэн хүлээн авсан бэ? Тэдэнд туслах ямар нэг оролдлого хийж байсан уу?
Тухайн үед өөрийн улсын тусгаар тогтнолыг дэлхийн олон улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх ажлыг идэвхтэй явуулж байсан БНМАУ энэ асуудалд оролцох боломжгүй байсан.
Х.Чойбалсан тухайн үед халимагуудыг Сибирь даяар тараан цөллөөж байснаас БНМАУ-д цөллөх хэрэгтэй. Монгол хэлтэй тэд БНМАУ-ын бүтээн байгуулалтад ихээхэн дэм болох тухай И.Сталинд санал тавихад И.Сталин нь монгол угсаатнууд нэгдэхээс сэргийлж халимагуудыг БНМАУ-д явуулаагүй бөгөөд тэдний оронд олзлогдсон япончуудыг БНМАУ-д илгээсэн гэсэн аман мэдээ байдаг ч баримтаар нотлогддоггүй.
2013 онд Халимагийн Бага дөрвөдийн районы Чонос тосгонд очиход 80 настай өвгөн босож ирээд “Сталин бид нарыг хүйтэн сибирьт хөөж явуулаад” гээд л яг л жаахан хүүхэд аавдаа хандаж байгаа аятай сибирьд цөлөгдсөн тухайгаа ярихад өөрийн эрхгүй уярч байсан шүү.
Б.МӨНХЦЭЦЭГ
Судлаачийн энэ сэдвээр бичсэн “Сибирьт цөлөгдсөн Халимагууд” хэмээх бүтээл 2024 онд хэвлэгджээ. Та бүхэн энэ сэдвээр сонирхож байгаа бол уг номноос илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч авах боломжтой






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угсаа нэгтэй монгол түмнии минь нэг хэсгииг фашистуудаас ч илүү харгислан тамалж бсан энэхүү гашуун түүхииг уншаад сэтгэл маш их хямран эмзэглэж.өрөвдлөө. Ер нь Халимагууд анхнаасаа халхуудтайгаа эвдрэлцэн тэмцэлдэж тусдаа гарах гж буруу замыг сонгосноос блж бурхан тэднииг гэсгээсэн юм блуудаа..зайлуул.
Муусайн ородуэд сөнөтүгэй
Монголруу нь цөлсөн бол бид өдийд олуулаа бх бжээ