Д.Оюундэлгэр: Би удам дамжсан төмөр замчин, тэтгэвэрт гарлаа ч буйдхан өртөөнөөсөө холдохгүй
Төмөр замын өртөө, зөрлөгийн тухай бидний олонх нь уран зохиол эсвэл киноноос олж хардаг. Манай сурвалжлах баг ч үүнээс илүүгүй төсөөлөлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Цагаан хяр төмөр замын зөрлөгийг зорив. Тус зөрлөг анх 1956 онд 7 дугаар зөрлөг нэртэйгээр байгуулагдаж байжээ. Саяхныг хүртэл олон улсын төмөр замын нээлттэй өртөө байсан том зөрлөг.
Цагаан хяр зөрлөгийн дарга Д.Оюундэлгэр гэх шавилхан биетэй эмэгтэй биднийг угтав. Хамгийн сайхан нь 70 жилийн түүхтэй энэ өртөөний 50-иад жилтэй түүний амьдрал намтар холбогддог аж. Тэрбээр удам дамжсан төмөр замчин бөгөөд Цагаан хяр өртөөний унаган хүүхэд гэнэ.
Мөн өртөөн дээр тоглож өссөн үеийн хүүтэйгээ амьдрал холбоод 24 жил болжээ. Өдгөө тэд төрөлх сууриндаа гам замчдын халуун сэтгэлээр хөглөгдөн амар тайван аж төрж сууна. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Та төмөр замтай амьдралаа холбоод хэчнээн жил болж байна вэ. Бидэн өөрийнхөө тухай танилцуулбал?
-Би 2002 оны дөрөвдүгээр сарын 1-нд Агуйт төмөр замын зөрлөгт жижүүрээр орж, ажлын гараагаа эхлүүлж байсан. Тэндээ хоёр жил ажиллаад Цагаан хяр зөрлөгт шилжиж ирсэн. 2018 онд Зөрлөгийн даргын ажлыг хүлээн авч, одоог хүртэл ажиллаж байна. Төмөр замын салбарт нийт 24 жил ажиллаж байна.
-Төмөр замчид ихэвчлэн аав ээжийнхээ мэргэжлийг эзэмшсэн харагддаг. Таны хувьд?
-Тийм. Би ч бас удам дамжсан төмөр замчин. Намайг хүүхэд байхад ээж минь Хоолт зөрлөгт сумчин хийдэг байсан. Аав Цагаан хяр зөрлөгт вагон үзэгчээр ажилладаг байсан юм. Багаасаа л төмөр замаар амьсгалж өссөн. Өөр мэргэжилтэй болох талаар бодож ч байгаагүй.
Анх сургуулиа төгсөөд, дүрэмт хувцас өмсөөд жижүүрт гарах мөч үнэхээр сайхан. Өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байлаа. Охин маань нягтлан бодогч мэргэжлээр сурч төгсөөд, төмөр замын байгууллагад орсон. Ингээд гурван үеийн төмөр замчин болж байна манайх.
-Цагаан хяр өртөө таны амьдралын салшгүй нэг хэсэг болж таарах нь ээ?
-Манайх 1958 онд Цагаан хяр зөрлөгт ирсэн. Түүнээс хойш зөрлөгөөсөө хөндийрсөнгүй. Хань маань бас төмөр замчин. Бид Цагаан хяр зөрлөгийнхөө унаган хүүхдүүд нь. Энэ өртөөн дээр хүүхэд насаа өнгөрүүлээд, эргээд эндээ ирж ажиллаж амьдарч байгаа. Манай хүн замын ангийнх. Замын хоёрдугаар ангийн 11 дүгээр хэсгийн 3 дугаар тасгийн бригадын даргаар ажилладаг.
-Цагаан хяр зөрлөгийн онцлог нь юу вэ?
-Манайх гурван замтай. Нэг мухар зам, нэг салбар зам бий. Хойноос 6000 тн-ын хүнд жинтэй галт тэрэгнүүд явдаг болсон. Тэр галт тэргүүд манай дээр түлхэж салдаг онцлогтой. Нэг ээлжинд 20-27 галт тэрэг явна. Хоногтоо 40 гаруй галт тэрэг явж өнгөрдөг. Өртөөний жижүүр, туслах ажилтан гээд нийт долоон ажилтантай. Замын хэсэг гэж бий. Бригадын дарга, есөн замчинтай. Мөн холбооны механик бий. Өнөө өглөө замынхан маань томилолтод гарчихлаа.
-Төмөр замын өртөөний амьдралын хамгийн сайхан нь юу вэ?
-Буйдхан газар ажиллаж амьдарч байгаа учраас хэдэн биедээ ах дүү шиг л ижилддэг. Байгаагаа хуваалцана, байхгүйгээ дэмнэнэ. Нэг нь байж байгаад явахаар гаргаж өгнө, хааяа тэднийгээ үгүйлнэ. Зун хүүхдүүд шуугилдаад бүр ч сайхан. Төмөр замын салбар нийгмийн хангамж сайтай учраас ар гэр, үр хүүхдэдээ санаа зовохгүй ажиллаж чаддаг.
Төмөр замын мэргэжил бол тасралтгүй суралцдаг мэргэжил. Миний хувьд одоогоо 30 орчим залуу төмөр замчин бэлтгэж, сургажээ. Тэднийг сайн явахад баярлана. Өртөөний амьдрал амгалан сайхан. Залуучууд эхэндээ дасахгүй ойр ойр хот яваад байдаг. Сүүлдээ зөрлөг дээрээ л нам гүм сайхан юм гэдэг болчихдог доо. Хань бид хоёр тэтгэвэртээ гарахаараа өртөөн дээрээ байшин бариад аж төрнө л гэж ярьдаг.
Биднийг ийн ярилцах зуур төмөр зам дагасан буйдхан суурингийн гадна талбайд хүүхдүүд шуугилдан тоглож харагдана. Харин төмөр замын зөрлөгийн саарал байшинд холбоо мэдээлэл тасралтгүй дуугарч, галт тэрэгний урт урт цуваа хангинасаар одно. Зөрлөгийн жижүүр Ч.Гэрэлсүрэн мөн л гурван үеийн төмөр замчин гэнэ. Тэднийх ам бүл наймуулаа. Төмөр замын зөрлөгт бүл нэмэн ирсэн залуу гэр бүл юм.
Видео сурвалжилгыг дараах линкээс үзнэ үү:
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хүмүүсийн ачаар төмөр зам тасралтгүй ажиллаж байдаг байх даа хөдөлмөрийг нь хүндэлж байна
Tumur zamiin humuus uneheer tesver tevcheertei ajil hiideg humuus shuu
Гурван үеэрээ нэг салбарт ажиллана гэдэг бахархмаар түүх юм аа
Hotiin humuus bid nar iim gazruudad amidrahad hetsuu gej boddog ch amidraad surchihaar saihan l baidag bh
Тэтгэвэртээ гарсан ч ажилласан газраа орхиод явмааргүй санагддаг байх даа
Udam damjsan mergejil geheer neg l dulaahan medremj turdeg yum
Төмөр замынхан хоорондоо их эвтэй байдаг гэж сонсож байсан үнэн бололтой
Huuhduud ni hurtel ene salbart orj baigaa ni saihan sanagdlaa
Ийм тайван амьдрал зарим хүнд хотын түгжрэлээс хавьгүй дээр байдаг байх
Ийм тайван амьдрал зарим хүнд хотын түгжрэлээс хавьгүй дээр байдаг байх
Gal teregnii duu sonsood ussun humuus uur medremjtei baidag bh daa
Нэг газраа насаараа үнэнч ажиллана гэдэг өнөө үед ховор болж дээ
Нэг газраа насаараа үнэнч ажиллана гэдэг өнөө үед ховор болж дээ
Төмөр замчдын амьдралын тухай илүү ихийг мэдэх хэрэгтэй юм байна
Tever logistik gej yaridag ch ard ni iim humuus baidgiig martdag yum bn
Төмөр зам монголд их үүрэг гүйцэтгэсээр байна үе удмаараа ажилладаг нь онцлог 88 жилийн түүхтэй