НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

Үндэсний үйлдвэрлэгчид боловсролд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

“Жи Пи Брайт Холдинг” ХХК-ийн харьяа 80 жилийн түүхтэй “Мах Импэкс” ХК, 42 жилийн түүхтэй “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК-иуд Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, нийт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эхний жилийн сонгон шалгаруулалтаар 22 оюутан дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэж, батламжаа өнөөдөр гардан авлаа.

Архангай аймгийн Чулуут сумаас Улаанбаатар хот хүртэл 600 гаруй км зам туулан ирсэн ШУТИС-ийн II курсын оюутан Э.Насанжаргалын өвөө, аав хоёр охиныхоо тэтгэлэг гардаж авах баярт мөчийг хуваалцахаар ирсэн байлаа. Малчин гэр бүлийн хувьд жил бүр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бүрдүүлэхийн тулд малаасаа зарж борлуулдаг байсан бол энэ удаа ач охин нь дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртсэн нь тэдний сэтгэлийг догдлуулсан баярт мэдээ байв.

Зургийн тайлбар: Архангай аймгийн Чулуут сумаас 600 гаруй км зам туулан ирсэн өвөө, аав хоёр нь охиныхоо баярт мөчийг хуваалцав

Тэтгэлэгт тэнцсэн оюутнууд сургалтын төлбөрөө төлөхийн тулд ар гэртээ санхүүгийн дарамт учруулах, цагийн ажил хийх зэргээр хичээлээсээ хөндийрөх эрсдэлийг багасгаж, сурлагадаа илүү төвлөрөх боломжтой болж байгааг энэ үеэр онцолж байлаа.

Малчин гэр бүлийн төлөөлөл Э.Насанжаргалын өвөө С.Чулуунбаатар гуайн хэлснээр “Хөдөөгийн малчин бид жил бүр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд малаасаа зарж борлуулдаг. Ач охин маань дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авсанд маш их баяртай байна. Багаасаа сурах хүсэл тэмүүлэлтэй, мэрийлттэй хүүхэд байсан. Аав, ээж нь хөдөө малаа маллаж, охин маань сумын төв дээр манайд сууж хичээлдээ явдаг байлаа. Хичээлээ тараад гэртээ орж ирээд л ном барьж аваад суучихдаг хүүхэд байсан. Тэтгэлэг олгосон байгууллагынхаа итгэлийг дааж, сайн суралцана гэдэгт итгэж байна” хэмээн ярив.

-Тэтгэлэг биднийг зорилгодоо хүрэхийн тулд илүү тууштай суралцах боломж олгож байна-

Тэтгэлэг хүртсэн оюутнуудын хувьд энэ нь зөвхөн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх асуудал биш. Цаашдын амьдралаа мэргэжлээрээ бүтээх, гэр бүлийнхээ ачааг хөнгөлөх, өөрийн хүссэн салбартаа үнэ цэнтэй мэргэжилтэн болох боломж юм. ШУТИС-ийн цахилгааны инженер хөтөлбөрийн II дамжааны оюутан Б.Энхсайхан ч малчин айлын хүүхэд. Тэрбээр дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртсэнээ аав, ээждээ дуулгахад гэрийнхэн нь эхэндээ итгэж ядан, маш их баярласан гэнэ. Сургуулиа төгсөөд цахилгаан станцад ажиллан, өвлийн улиралд үүсдэг цахилгааны хязгаарлалтын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүү ийнхүү дөрвөн жилийн тэтгэлэг авсан нь энэ зорилгодоо хүрэхийн тулд илүү тайван, тууштай суралцах боломж олгожээ.

Тэтгэлэг хүртэгчид компанийн үйлдвэрүүдэд цалинтай дадлага хийж, үйлдвэрлэлийн бодит орчинд ажиллан туршлага хуримтлуулах боломжтой. Мөн гадаад, дотоодын түнш байгууллагуудад дадлага хийх, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, судалгаа, инновацын төсөлд оролцох нөхцөлийг бүрдүүлэх юм.

“Жи Пи Брайт Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаагийн хэлснээр, нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар оюутнуудын сургалтын төлбөрийг даахаас гадна их сургуулийн зарим анги танхим, лабораторийг шинэчлэх, судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажилд хөрөнгө зарцуулах аж. Компанийн зүгээс оюутнуудад тавьж буй гол шаардлага нь амжилттай суралцаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх юм. Төгсөгчид цаашид тус компанид ажиллаж, эзэмшсэн мэргэжлээрээ хөдөлмөрлөнө гэдэгт итгэж байгааг илэрхийллээ.

ШУТИС-ийн ректор Т.Намнан уг хөтөлбөрийг их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам хэмээн үзэж байна. Түүний хэлснээр, бакалаврын түвшний оюутнуудаас гадна магистрын түвшний тодорхой тооны оюутан хамрагдсан бөгөөд цаашид судалгаа, шинжилгээний ажлыг үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбох боломжийг нэмэгдүүлэх юм.

УИХ-ын гишүүн Ө.Шижир оюутнуудын өмнө тулгардаг сургалтын төлбөрийн бэрхшээлийг онцолж, санхүүгийн асуудлаас шалтгаалан зарим нь нэг жил өнжих, бүр сургуулиасаа гарах хүндрэлтэй тулгардаг. Залуус сургалтын төлбөрт санаа зовохын оронд мэргэжлээ сайтар эзэмшихэд төвлөрөх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлээд энэхүү санаачилгыг дэмжсэн компаниудад талархал илэрхийлэв.

Эдгээр үндэсний үйлдвэрлэгчид өмнө нь спортын салбарт хөрөнгө оруулж, Монголын тамирчдын амжилтыг дэмжиж ирсэн. Харин “Амжилт-2030” хөтөлбөрөөр дамжуулан боловсрол, мэргэжлийн хүний нөөцийн хөгжилд урт хугацааны хөрөнгө оруулалт хийж эхэллээ.

Нэг оюутны дөрвөн жилийн сургалтын төлбөрийг даах нь тухайн залуугийн ирээдүйд өгч буй дэмжлэг төдийгүй гэр бүлийнх нь санхүүгийн ачааллыг хөнгөлж, улс орны ирээдүйн мэргэжилтнийг бэлтгэхэд оруулж буй хувь нэмэр юм. Харин энэ боломжийг хүртсэн 22 оюутны хувьд тэтгэлэг нь илүү сайн суралцаж, эзэмшсэн мэдлэгээ эх орныхоо хөгжилд зориулах их хариуцлага, итгэл найдвартай хамт ирж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button