МАН хоёр сонгуулийн өмнө бэлэн мөнгө тараах зам руугаа нэгэнт оржээ
Н.Учрал Ерөнхийлөгчийн "хоёр сонгуулийн өмнө мөнгө тараах" чиглүүлгийг сонсон суухдаа үг дуугүй толгой дохисон ч маргааш нь Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурийг хүлээн авахгүй. Засгийн газар үүн дээр нэгдмэл байр суурьтай байгаа гэж З.Мэндсайхан, Т.Доржханд нараар яриулсан.
Үүнээс хоёр хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шатахууны асуудлаар Засгийн газарт дахин чиглүүлэг өгөв. Бичлэгийг үзвэл, гурван минут орчим ярихдаа 50 гаруй удаа ширээгээ тогшиж, дууны өнгө нь жигд бус буй нь ажиглагдана. Маргааш нь, Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Сайншанд суманд “Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалтын үеэрээ танхимын сайд нараасаа тэс өөр байр суурь илэрхийлж орхив.
Тухайлбал, "Ногдол ашгаа дансандаа авах уу, хуримтлалын санд хадгалах уу гэдгийг иргэд өөрөө шийднэ. УИХ хэлэлцэх нь тодорхой болсон, мөн Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Ирэх долоо хоногт хэлэлцээр хийж, яг хэдэн төгрөгийн ногдол ашиг авах тоогоо баталгаажуулна. Хэрэв УИХ-аар иргэдэд олгохоор шийдвэрлэгдвэл ЗГ эсэргүүцэх эрхгүй" гэлээ.
Үүнтэй зэрэгцэн 100,475 иргэний дэмжсэн "Оюу толгой"-н ногдол ашгаас нэг иргэнд 857 мянган төгрөг олгох өргөдөл хэлэлцэгдэхээр Байнгын хорооны хэлэлцэх асуудалд орж иржээ. Огноо нь маргааш.
Ерөөсөө л Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Би тэгмээр л байна" гээд зүгээр яриад суух дүр биш. Ногдол ашгийг иргэдийн дансанд нь тараах зөв гэх байр суурь илэрхийлснээрээ У.Хүрэлсүх аль хэдийн оноогоо авчихсан. Иргэд юунд үрэхээ ч бодож, зэхээд эхэлж. Одоо ярьснаа баталгаажуулах нь У.Хүрэлсүхэд юу юунаас илүү чухал буй. Үүнийгээ Н.Учралтай ч тохирсон бололтой.
МАН-ынхан хоёр сонгуулийн өмнө бэлэн мөнгө тараах зам руугаа нэгэнт оржээ. Одоо 13.4 хувьтай байгаа инфляц эл мөнгө тараагдсаны дараа хэрхэн өсөхийг таашгүй. Зарим эдийн засагчид, Сангийн сайдын мэдээлж буйгаар 2-5 хувь өсөхөөр буй. Эцэст нь иргэдийн халаасан дахь мөнгө улам үнэгүйднэ. Энэ үед тэд "ард түмэн бэлэн мөнгө авахыг хүссэн шүү дээ. Бид ард түмнийхээ саналыг дагасан" гээд мэлзэх хувилбараа ч тэд тооцсон байна.
Засгийн газар, Ерөнхийлөгч, нэр бүхий гишүүдийн хэн нь ч одоо хэрэгжиж буй Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэхгүй. Харин иргэний өргөдөл өндөрт гарч, УИХ хэлэлцэхээс өөр аргагүйд хүрч, хуульд өөрчлөлт орсноор 857 мянган төгрөг иргэн бүрийн халаасанд тараагдсан болж үлдэх нь.
Өмнөх агуулгыг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.