НИЙГЭМ

Бахархлаа "барж идээгүй" Чингисийн Монгол

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын Шинийн 1 буюу Монгол бахархлын өдөр. Монгол хүн бүр "Бид хэн сэн билээ" хэмээн тархи, зүрхээ тэмтрэх өдөр. Дэлүүн болдогт мэндэлсэн Эзэн богд Чингис хаан шигээ цог заль төгс хөвгүүд, охид халхын саруул талд ар араасаа төрсөөр байгаа гэдэгт итгэх өдөр. "Монголын заяа их"-д сүслэн бахархаж, үүх түүх, үндэс угсаагаа санаж сэрэх өдөр. Хамгийн гол нь үндэсний эв эеийг хичээн сэхээрэх өдөр.

Төрийн ордны гадна өчигдөр уриа лоозон барин жагсаж байсан, хижээл насны хэсэг монгол "Маргааш бүх нийтийн амралтын өдөр юм байна. Чингис хааны мэндэлсэн өдөр гэв үү. 26-нд бас дахиад амарна гэнэ. Чингис хаан чинь сард хоёр төрөөд байгаа юм уу" хэмээн өөр зуураа ярилцахыг сонсов.

Монгол бахархлын өдрийн нэг утга учир нь тэр мэт олон хүнд үндэснийхээ түүх, өв соёл, оюун санааны баялаг уламжлалаа мэдүүлж, таниулсны үндсэн дээр үнэн голоосоо бахархах сэдлийг төрүүлэх явдал билээ. 820 жилийн тэртээд Их Монгол улсыг байгуулсан Чингис хааныхаа билиг сургаал, үйл хэргийг үеэс үед, үрийн үрд уламжлан дээдэлж явах учиртай юм, бид.

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан "Чингис хаан" үндэсний музейд лекц уншсан Төрийн шагналт, түүхч Д.Өлзийбаатар гуайн илтгэлийн гол цөм ч үүнд чиглэж байв. Бахархмаар нь, тус лекцэнд дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүд, оюутан залуучууд зорин ирж, чих тавин сонордож байсан юм шүү. Чингис хааны сургаалыг орчин үеийн хэл найруулгаар энгийншүүлж сийрүүлбэл "Эвийг эрхэмлэж, хүчээ нэгтгэх, Ахмадын сургаалыг сонсож, ухаантны үгийг дагах, Амласандаа хүрч, анд нөхөртөө үнэнч байх, Аливаа ажилд тэвчээр, зориг, хариуцлагатай хандах, Шударга ёсыг дээдэлж, төр улсаа бататгах"-ын төлөө алд бие алжаалгүй хичээхийг сануулдаг.

Эзэн Чингисийн гэрээсэлсэн эв нэгдэл, эрдэм мэдлэг, үнэнч шударга байдал, тэвчээр хатуужил, үүрэг хариуцлага, эх оронч үзэл нь найман зууны дараах өнөө үед ч хүн бүрийн ажил, амьдрал, үйл хэрэг, ёс суртахууны үнэлэмжийн чиг баримжаа болсоор байна. "Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино" гэдэг үгийг нь бид олонтоо эш татдаг.

Төрийг төвшитгөх удирдагчаасаа эхлээд ер хүн бүр урвалтын оронд үнэнч зүтгэлийг эрхэмлэж, өс хонзонгийн оронд эвлэрлийг, дайсагнахын оронд хамтрахыг урьтал болгож, итгэлцэл андлалыг эрхэм болговоос гүрэн улс дотроо бүү хэл, хүж дэлхийд энх амгалан тогтоохыг Чингис өвөг бидэнд үлгэрлэжээ.

Нүүдэлчдийн төрт улсын суу алдрыг ертөнцийн дайдад нүргэлүүлэн дуурсгасан Чингис хаан монголчууд бидний бахархлын уг хийгээд мөн чанар. Чухам эндээс үндэс мөчир тэлж салаалсан "Бахархлын мод" монгол хүн бүрийн тархи, зүрхэн дотор өөр өөрийнхөөрөө ургаж дэлгэрсээр байнам. Ийм "тулах цэг"-тэй байхад дэлхийг ч өргөх энүүхэнд буй за.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эргүү мал юу бичээд байгаан

Холбоотой мэдээ

Back to top button