Т.Оюу: Хүний зовлонг хандалт авах хэрэгсэл болгож болохгүй

Улсын начин Ө.Батзул агсны гэргий Т.Оюу "Бидэнд өөрсдийнхөөрөө хайрлан дурсах, өөрсдийнхөөрөө даван туулах, өөрсдийнхөөрөө эдгэрэх боломжийг үлдээгээч!
Mongol Ai Манай гэр бүлийн тухай AI ашиглан видео бүтээсэнд таатай хандахгүй байгаагаа илэрхийлье.
Хэрэв үнэхээр ханийн минь тухай дурсаж, олон нийтэд сайн сайхнаар таниулж, алдар гавьяаг нь мөнхлөхийг хүсэж байгаа бол түүний тамирчны замнал, барилдааны онцлог, дархан мэх, хөдөлмөр зүтгэл, бусдад үлдээсэн үлгэр дуурайлал, туулж өнгөрүүлсэн амьдралын замналынх нь тухай бодит баримтад тулгуурласан барилдааны бичлэгүүд, үнэ цэнтэй нийтлэл, нэвтрүүлэг бүтээхийг бид бүрэн дэмжинэ.
Харин бидний гэр бүлд тохиолдсон хүнд гарз, хагацал, энэ нулимсны цаана нуугдаж буй амьдралын зовлонг хандалт авах гэсэн ядмагхан арга хэрэгсэл, гарчиг болгохыг би хүлээн зөвшөөрөхгүй!
Би өдөр бүр ханиа амьд сэрүүн байгаа мэтээр төсөөлөн, хамтдаа мөрөөдөж байсан ирээдүйн амьдралдаа хүрэхийн төлөө өөртөө хүч нэмж, хүүгээ өсгөж, амьдралаа бүтэн босгохын төлөө хичээн яваа жирийн нэгэн эмэгтэй, ээж хүн.
Хагацал гэдэг хүний амьдралд тохиолдож болох хамгийн хүнд сорилтуудын нэг байдаг юм шүү! Үүнийг хэрхэн даван туулах, хэрхэн дурсах, хэрхэн эдгэрэх нь тухайн хүний өөрийнх нь сонголт бас эрх юм.
Цаашид бидний амьдралын хамгийн эмзэг, нандин хэсгийг хандалт авах зорилгоор бидний өмнөөс дүрслэн бүтээж, бидний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд хүргэхгүй байхыг хүсэж байна. Зөвхөн хувь хүмүүс бус, телевиз, мэдээллийн сайт, олон нийтийн сувгуудаас ч мөн хүсэж байна.
Хүндэтгэл гэдэг хүний зовлонг олон нийтэд харуулахдаа биш, харин түүний туулсан амьдрал, амьдралдаа бүтээсэн үнэ цэн, бусдад үлдээсэн дурсамжыг нь зөвөөр хүндэтгэхэд оршдог юм" гэлээ.
Б.Гэгээ






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.