ЭРҮҮЛ МЭНД

“Үжин төв 2”-оос явсан хүүхдүүд эргээд хүчирхийлэгч, үл хайхрагч гэр бүлдээ очжээ

Эцэг эхдээ үл хайхрагдан бага балчир насандаа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон 16 хүртэлх насны хохирогч хүүхдүүдийг амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан байрлуулах, нөхөн сэргээх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг “Үжин төв 2” нь түрээсийн асуудалтай тулгарсныг бид тус төвийг үүсгэн байгуулагч, хуулийн зөвлөх Д.Ундраатай хийсэн ярилцлагаараа мэдээлж байв. Тус төвд хоёроос зургаан сар үйлчилгээнд хамрагдаж байсан 10 хүүхдийг холбон зуучилсан байгууллагуудад заримыг нь “Хүүхдийн тусламжийн 108 утасны төв” –ийн дэргэдэх “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд хүлээлгэн өгчээ. Энэ тухай тус төвийн үүсгэн байгуулагч, зөвлөх Д.Ундраа:

-Манай Үжин төв эрсдлийн түвшин хамгийн өндөр хүүхдүүдийг авдаг. Тураалтай, амиа хорлох оролдлогыг удаа дараа хийсэн, ураг төрлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан, зан үйлд нь өөрчлөлт орсон, төрөл бүрийн эмгэгтэй хүүхдүүд ирдэг. Манай төвд байх хугацаандаа эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд илааршиж, сэтгэл зүйн хувьд тогтворжсон, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, зарим бичиг үсэггүй хүүхэд маань цагаан толгойн үсгээ сурч, эргэж нийгмийн амьдралд хэвийн оролцоход бэлтгэгдэж, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй, ажил мэргэжлийн чиг баримжаа бий болсон, хоол тэжээлийн дутагдалтай, тураалтай хүүхэд маань хэвийн жиндээ хүрсэн. Мөн тэргэнцэртэй алхаж чададгүй хүүхэд маань бие даан алхдаг болоод байлаа.

Бидний зүгээс асрамж, халамжийн төвд хүлээлгэн өгсөн хүүхдүүддээ санаа зовох нь бага байна. Харин “Хүүхдийн тусламжийн 108 утасны төв” –ийн дэргэдэх “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-нд хүлээлгэн өгсөн хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүддээ маш их санаа зовж байна.

Бидний хэдэн сар, жил ажиллаж байж хүүхдийн бие махбод, сэтгэл санаанд гарсан эерэг өөрчлөлтийг маань эргээд үр дүнгүй болгож байна шүү дээ. Бид гэр бүлд эргэн нэгтгэгдсэн хүүхдүүдтэйгээ холбоотой, гэрээр нь эргэж тойрч ажилладаг. Энэ удаа манай нийгмийн ажилтан гэр бүлдээ эргэн нэгтгэгдсэн хүүхдүүдиийн гэрээр нь очиж хоол хүнс, хувцас зэргийг аваачиж хүүхдүүдээ эргээд ирсэн. Тэгээд хөөрхий хоолой нь чичрээд ярьж байна лээ.

Ингээд мэдээллийн дагуу “Үжин төв 2”-ийн нийгмийн ажилтнаас гэр бүлд эргэн нэгтгэгдсэн хүүхдүүдийн нөхцөл байдлын тухай утсаар тодруулахад:

Одоогоор хүүхдүүдээ ойр ойрхон эргэхээс өөр хийж чадах зүйл алга даа. Зарим шаардлагатай зүйлсийг дөхүүлж өгөх гэх мэтээр чадахаараа хяналт тавин ажиллаж байна.” хэмээх хариултыг бидэнд өгөв.

Тус мэдээллийн дагуу бид “Хүүхдийн тусламжийн 108 утасны төв”-ийн мэргэжилтэн н. Мөнхцэцэгээс “Үжин төв 2” -оос явсан хүүхдүүдийн нөхцөл байдлын тухай асуухад:

“Бид хүүхдүүдийн тухай мэдээлэл өгөх боломжгүй” хэмээх хариултыг өгсөн юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Сургалт судалгаа мэдээллийн төв”, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг 2017 онд анх байгуулсан. Засгийн газрын тогтоолоор хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг өргөжүүлсэн юм. Өмнө нь дуудлага авч, зөвлөгөө мэдээлэл өгдөг байсан бол одоо эрсдэлт нөхцөл байдалд буй хүүхдүүдэд хүрч, яаралтай тусламж үзүүлдэг болсон. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байртай болж, гурваас долоо хоногийн хугацаанд түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлдэг. Гэтэл Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч 2017 оноос хойш 4 удаа солигдсон. Мэргэжил арга зүйн удирдлага тааруу, нийгмийн ажилтан хүний нөөц нь тогтворгүй, сэтгэл дутсан үйлчилгээтэй /байрласан хүүхдүүд бөөстсөн, өлссөн, усанд оруулдаггүй, хиртэй хувцас, яр шарх, сайртсан гэх мэт зөрчил удаа дараа гарч байсан байна./


ХАМТАРСАН БАГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

  • 1.1 Энэхүү журмын зорилго нь гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий сум, хорооны түвшинд ажиллах хамтарсан баг /цаашид хамтарсан баг гэнэ/-ийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулахад оршино.
  • 1.3 Сум, хорооны түвшинд хамтарсан баг нь гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхээс гадна, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлнэ.

ТАВ. ХАМТАРСАН БАГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  • 5.1 Хамтарсан багийн гишүүд нь хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхэд, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах шуурхай тусламж үйлчилгээ үзүүлнэ.
  • 5.6.1 Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтэд үндэслэн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаанд хүүхэд, гэр бүлийн гишүүдийг хамруулах, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах

ДҮГНЭЛТ

Гол нь хамгаалах байранд хүчирхийллийн хохирогч хүүхэд, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж байх хооронд тухайн хохирогч хүүхдийн гэр бүл, асран хамгаалагчтай хорооны засаг даргаар ахлуулсан хамтарсан баг хүүхдүүдийг гэр бүлд нь эргэн нэгтгэхэд бэлтгэж, нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа “Хамтарсан баг” төлөвлөгөө гарган ажилладаг.

Үүнд нь Хамгаалах байранд холбон зуучилсан Дүүргийн ГБХЗХГ-ийн хүүхэд хамгаалал, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн хамтран ажиллаж арга зүйгээр хангах учиртай. Гэтэл “Үжин төв 2” -оос “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хамгаалах байр”-нд очсон гурван хүүхдийг яваад долоо ч хоноогүй байхад нь ар гэртэй нь огт ажиллаагүй хэрнээ буцаан нэгтгэжээ. Одоо хэн хэзээ, тэдгээр хүүхдүүдийг дахин хохироох нь цаг хугацааны асуудал болон үлдэв. Хохирогч хүүхдүүдийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлийн үйлчилгээ явуулж буй “Үжин төв”-ийг улсаас дэмжихгүй байгаа нь даанч харамсалтай. Улсын хэмжээнд хохирогч хүүхдүүдийг амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан байрлуулах, нөхөн сэргээх, хүүхэд хамгааллын хариу  үйлчилгээ урт хугацаар үзүүлдэг төрийн хүүхэд хамгааллын түр хамгаалах байр байхгүй. 2020 онд УИХ-аас Хүүхэд хамгааллын зардалд 7,9 тэрбум төгрөг төсөвлөсөн ч, хагас жил дуусах гэж байхад Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг ТББ-ууддаа нэг ч төгрөгний санжүүжилт өгөөгүй байгаа нь даанч харамсалтай. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүддээ зарцуулах мөнгийг юунд зарцуулах гээд байгаагаа ХНХЯ, ГБХЗХГ хэлэхгүй байсаар өдийг хүрэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button