НИЙГЭМ

“Хүүгээ эрийн цээнд хүрэхийг хармаар байна”

Б.Отгонжаргалын гэр бүлээс холбогдож, манай редакцид энэхүү захидлыг илгээв.

Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе.

Намайг Баттогтох овогтой Отгонжаргал гэдэг. Нөхөр дөрвөн настай хүүгийн хамт амьдардаг . Амьдрал надад олон удаа хатуу хандаж, хүнд хэцүү сорилтууд өгсөн ч би хэзээ ч энэ хувь тавиландаа гомдоллож бууж өгөөгүй, амьдралд илүү ихээр шунан дурлаж, амьдралын сорилт бүрийг алдхан биеэрээ туулж, “Бурхан миний талд байгаа даа, үүнийг л давчихвал жаргалтай сайхан амьдарна даа” гэж тэмцсээр ирсэн. Цаашдаа ч нялх үрийнхээ төлөө тэмцсээр байх ган төмөр мэт бат бөх сэтгэлийн хаттай жирийн нэгэн бүсгүй, энгийн нэгэн эх хүн би өөрийн амьдралын түүхээ танд өгүүлж байгааг минь төвөгшөөлгүй уншихыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Би 1989 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод долоон хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлсэн. Аав минь намайг төрөхөөс нэг сарын өмнө ходоодны шархлаа өвчнөөр бурхан болж, хүүхэд ахуй насаа ээж, ах, эгч нарын хамт өнгөрүүлсэн. Би аав гэж ямархуу хүн байдаг гэдгийг мэдэхгүй өссөн ч ээжийнхээ хайранд, ах эгч нарынхаа халамжид жаргалтай өссөн гэж боддог.  Гэхдээ л бусад хүүхдүүдийн адил аавтай байсан бол гэсэн бодол олон төрж байсан. Ээж минь залуу насандаа хань ижлээ алдаж сэтгэлийн хүнд зовлонтой үедээ намайг төрүүлж, нялх биетэй олон өнчин хүүхдээ тэжээх гэж ганцаар зүтгэсээр архаг ядаргаанд орж, голын хий гэх өвчнөөр хэвтэрт орох хүртлээ дордсон. Гэхдээ ээж минь бидний төлөө эргээд хөл дээрээ боссон.  Хэдэн өнчин хүүхдээ хүний дор орохооргүй сургууль номтой болгож, хэнтэй ч зохицоод амьдрах ухаантай болгож өсгөсөн. Миний бие 2007 онд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын 10 жилийн дунд сургуулийг онц дүнтэй төгссөн. 2008 онд амьдралын минь тулах ганц багана хайртай ээжийгээ бурхны оронд үдэж, амьдрал хатуу гэдгийг анх мэдэрсэн. Эд хөрөнгөөр элбэг хангалуун биш ч ээжтэйгээ байхдаа бид үнэхээр баян байсан юм билээ. Ээжээсээ холдож үзээгүй би хоёр, гурван жил ээжийгээ үгүйлж дотроо бэтгэрсэн сэн. Ээжийгээ санахдаа би хичээлээ л хийж сатаардаг байсан. Хичээсээр онц сурч сургалтын тэтгэлэг жил дараалан авч 2012 онд МҮДС-ийн Бизнесийн удирдлага мэргэжлээр улаан дипломтой төгссөн. Их сургууль төгсөх жилээ элэгний бэтэг гэж оношлогдон ХСҮТ-д элэгний хагалгаанд орсон. Цээжээ яруулж эд эрхтнээ тайруулахын зовлон хэцүү ч одоогийн байгаа зовлонг бодоход ингэж цөхрөлд хүрээгүй байжээ. Хүн бүрийн л туулдаг өвчин зовлон намайг дайраад, би ч даваад л гарлаа. Өмнө минь хийх бүтээх их ажлууд, сайхан амьдрал хүлээж байгаа гэсэн бодлоор даван туулж, одоо сайхан амьдрах л үлдлээ гэж итгэж байсан. 2014 онд нутгийн залуу Д. Нямдоржтой гэр бүл болж 2016 оны арванхоёрдугаар сард хөөрхөн хүүтэй болсон. 2017 оноос эхлэн баруун эрүүний ясанд жижигхэн өвдөлт, зовуурьгүй хавдар үүсэж бага багаар хавдах боллоо. Эхэндээ шүд өвдөж буйл хавдаад байна л гэж бодсон. Гэтэл буйлны мах биш яс хавдаж байж. Хавдар бага багаар ахисаар 2017 оны аравдугаар сард УНТЭ-т эрүүний ясанд байгаа хавдрыг хусаж авах мэс засалд орсон. Ингээд зовуурь шаналал дууслаа гэж итгэл дүүрэн байсан надад жил хүрэхгүй хугацаанд дахиад л сорилт... Дахиад л хагалгаа... 2018 оны зургаадугаар сараас хагалгаа хийсэн газраа хавдар дахин хавдаж эхлэв. Мөн хавдар баруун хөлийн шилбэний ясанд үсэрхийлсэн. Ингээд олон удаа шинжилгээ өгч зураг авхуулж явсаар 2018 оны аравдугаар сарын 18-нд ХСҮТ-д эрүүний ясны хавдар оноштой баруун талын эрүүний ясыг бүхлээр нь таллан тайрч зүүн хөлийн шилбэний яснаас /эрүүл хөл/ тайрагдсан хэсэгт нөхөн сэргээх хагалгаанд орсон. Хагалгаа ч амжилттай болсон. Бүтэн нэг сарын турш эмнэлэгт хүний эрхэнд байж, хооллож суухдаа ингээд л өвчний ард гарлаа, жинхэнээсээ эрүүл боллоо гэж итгэсэн. Аюулт өвчнөөс аврагдлаа, одоо л сайхан амьдарна даа гэж итгэл дүүрэн байлаа.

Гэвч мэс заслын дараах эдийн шинжилгээний хариу “Ясны хорт хавдар” гэсэн хариу гарч дөрвөн удаагийн хими эмчилгээнд орсон. Мэс заслын дараа сайн тэнхэрч чадаагүй бие минь химийн эмчилгээндээ улам ядарч, хортой тарианы нөлөөгөөр толгойтой үсээ хусахаас аргагүйд хүрч үс маань туг тугаараа унаж нүд халтирам цонхийсон дүр төрхтэй боллоо. Аймшигт өвчнийг ялж л байвал эргээд царай зүс орно доо гэж бодоод итгэл найдвар минь гал мэт дүрэлзсэн хэвээр байсан. Учир нь, надад дөнгөж хөлд орж байгаа шулганасан хөөрхөн үр минь байгаа шүү дээ. Дөрвөн удаагийн хими эмчилгээний дараа шинжилгээ өгч, зураг авхуулахад яс залгасан эрүүнд хавдар дахин гарч эхэлсэн, ясны хавдарт хими эмчилгээ нөлөө үзүүлэхгүй байна гэж үзээд зогсоосон. Туяа эмчилгээний тухайд толгойн хэсэгт байгаа хавдар учраас туяа эмчилгээ хийх боломжгүй гэв. ХСҮТ-ийн хяналтад байх хугацаанд ясны хавдар гурав дахь удаагаа дахиж аажмаар томорсоор... хяналтын эмч нар миний өвчний талаар “Монголд дахиад мэс засал хийх, хавдрыг зогсоох боломжгүй, монголд хими туяа эмчилгээ хийлгэх нь ч ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй” гэсэн. Арга хэмжээ авна даа гэж найдаж байсан эмч нараасаа ийм найдваргүй хариу сонсоно гэдэг ямар аймаар гээч. Тэр үед л тэнгэр хол газар хатуу гэдэг ийм л байхдаа бурхан надад жинхэнээсээ дургүй болсон юм байхдаа гэхээс нулимс өөрийн эрхгүй урсаж байсан. Тэглээ гээд би бууж өгөөгүй ээ. Бууж өгөх эрх ч надад байхгүй, нэгэн бяцхан зүрхийг энэ хорвоод төрүүлсэн, түүний хувьд би бүх зүйл нь учир надад тэмцэх л зам байсан.

Ингээд би Монголд байгаа бүх л сайн гэсэн уламжлалт, европ эмч, эмнэлгээр явж, очоогүй бөө, лам, зайран үлдээгүй. Бүгд л болно, эдгээнэ, чадна гэж байсан ч хэн нь ч чадаагүй, энэ хугацаанд хүний зовлонгоор далимдуулж ашиг хонжоо олох гэж улайрагчид ч таарч байлаа. Бүр тэдэн төгрөгийн өргөл өгч тэдэн хонины мах, тийм тийм юм авчир засал хийнэ тэгээд л цоо эрүүл болгоод өгнө гэсэнтэй ч таарч байлаа. Өвчинд сөхөрч аргаа барсан хүмүүс эрүүл л болж байвал гэж хамаг байдгаа барин гүйвч үр дүн нь мөн л адилхан хий дэмий найдлага төрүүлж, эм тарианы мөнгөнөөсөө хагаслах юм.

2019 оны арванхоёрдугаар сард ХСҮТ-ийн эмч нар гадагшаа том эмнэлгүүдээр яаралтай эмчилгээнд явах хэрэгтэй гэж зөвлөсний дагуу гаднын эмнэлгүүдтэй холбоо тогтоож байтал коронавирус дэгдэж дэлхий даяар айдас түгшүүртэй болж төлөвлөсөн ажилд маань саад учирч өчүүхэн миний зовлонд үнэхээр их саад учрууллаа. Гэтэл саяхнаас Солонгосын Тэжон хотын нэгэн эмнэлгээс ирж хяналтад орж, эмчилгээ хийлгэж болно. Эдгэрэх боломжтой хавдар гэсэн баяртай хариу ирсэн. Гэвч бид өмнөх гурван жилд гурван удаа хавдартай нүүр тулахдаа хамаг байдгаа барсан хүмүүс гадагшаа явна гэдэг санхүү мөнгөний асуудал тун хүнд учир аргаа барж сууна. Би үнэндээ амьдралаас их юм хүсдэггүй ээ, зүгээр л хайртай хань, хөөрхөн үртэйгээ, хайртай бүхэнтэйгээ эрүүл энх, элэг бүтэн амьдарч, эх хүнийхээ үүргийг гүйцэтгэхийг л хүснэ.  Гэтэл яагаад надад амьдрал ийм хатуурхаж байгаад гомдохдоо би зөндөө уйлдаг. Одоо биеийн байдал маань үнэхээр хүнд, эрүүний хавдар хүзүү чих рүү нэмэгдэж гадагшаа их хавдсан, шөнө өдөргүй ясандаа маш их өвдөнө. Энэ өвдөлтийг би үгээр илэрхийлж чадахгүй нь ээ. Өвчин намдаах тариаг зургаан цагийн зайтай хийх заалттай бичүүлж аваад 2-3 цагийн зайтай хийж байж түр амс хийж өвчнөө даран өдөр хоногийг өнгөрөөж, нэмэгдээд томроод байгаа хавдрын эсийг хянах зогсоох, ямар ч арга хэмжээ авахгүй байгаа болохоор өдрөөс өдөрт томорсоор, дөрвөн мөчиндөө хүчтэй тариа ээлжлэн шахсаар тарианы гаж нөлөөгөөр энд тэндээ идээт шарх үүсэж нэг хэсэг зовсон. Гэхдээ учрыг нь олж арга хэмжээ авч байгаа.

Ясны энэ их өвдөлтийн хажууд энэ бол өчүүхэн зүйл мэт санагдаж байна. Хүн ийм их зүйлийг үзэж туулаад ирэхээр шантрах үе маш их бүх зүйлд бууж өгмөөр байвч хавдсан нүүр, мурийсан ам, олигтой ярьж ч чадахгүй, алхаж гишгэж чадахгүй байгаа намайг “Миний ээж хөөрхөн шүү, хайртай шүү, та минь зүгээр болно оо” гэж чин сэтгэлээсээ намайг хайрлаж, Ээжийг минь эдгээж өгөөрэй гэж бурханд алгаа хавсран залбирч байгаа бяцхан үрээ харахаар байвч бууж өгч чадахгүй юм. Тэглээ ч хийж чадах зүйлгүй дэмий л өвчинтэйгөө тэмцэж, бурхандаа залбиран эрүүл л болж хүүгээ эрийн цээнд хүрэхийг харна даа гэж мөрөөдсөөр. Би уг нь хэнд ч муу юм хийж байгаагүй, ингэж зовох шалтгаан үгүй мэт санагдах юм, бурхан хүнд дааж чадах зовлонг нь өгдөг юм гэсэн. Миний энэ их зовлон даваад гарах ёстой шалгуур юм болов уу даа.  Гэсэн ч надад амьдрах томоос том шалтгаан байгаа учраас амьдралд би дэндүү их хайртай.Хүн болгон л өөр өөрийн зовлонг туулж яваа, надаас хэцүү зовлонтой хүн ч байгаа. Гэхдээ минийх шиг ийм зовлонг хэн ч хэзээ ч бүү үзээсэй. Сэтгэлд оч байгаа цагт хэзээ ч гал болгон дүрэлзүүлж болно гэж би боддог. Би эрүүл болж  ирээд хавдрын эмнэлэг дээр сайн дурын ажил хийнэ гэж шийдсэн. Хүн энэ хорвоо дээр заавал ямар нэг юм хийхээр ирдэг гэж боддог. Магадгүй миний хийх ажил энэ байх гэж сүүлийн үед их бодож байгаа. Аймшигтай онош сонсоод надтай адилхан айсан тэвдсэн, учраа олохгүй, яахаа мэдэхгүй, юу идэж болох болохгүй, гам дэглэмээ мэдэхгүй төөрч будилж яваа хүмүүст итгэл урам хайрлаж өөрийн чадах бүхнээрээ туслах сан гэж боддог. Амьдрал гайхалтай зүйлээр дүүрэн тул надад гар сунган туслах сайхан сэтгэлт хүмүүс олон байгаа гэж итгэж байна. Тэр нэгэн хүн нь миний энэхүү урт захиаг цаг заваа гарган уншиж буй эрхэм та ч байж болох юм. Иймд уншигч авхай та Миний сэтгэлд байгаа өчүүхэн очийг гал болгон бадрааж, дөрөвхөн настай хүү минь ээжийгээ эрүүл болгоно гэж хичээн,тоглож наадах насандаа өвчтэй эхийгээ асарч, үүд хоймрын зайд урд хойно минь түшиж эргэлдэх бяцхан үрийн минь мөрөөдлийг, хүүгийнхээ амны билгээр эрүүл болно доо, хөөрхөн хүүгээ эрийн цээнд хүрэхийг үзнэ дээ гэсэн ээж хүү хоёрын энэхүү нандин мөрөөдлийг биелүүлэхэд туслаач хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна.

Хэрвээ та надад гар сунган туслахыг хүсвэл доорх хаягаар холбоо барьж тусална уу.

Утас: 88991169, 99689819

Хандивын данс: Хаан банк – 5018066681 Б. Отгонжаргал 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-03 18:02

Ардын жүжигчин Бавуугийн Лхагвасүрэн гуайг хаг�##�гаанд ороход улс зардлыг нь БНСУ-ын эмнэлгийн үнээр нь бүрэн төлж даасан энэ бүсгүй шиг хөрөнгө мөнгөгүй эмчилгээ хийлгэх боломжгүй зуу зуун хүнд яагаад улс тусламж үзүүлдэггүй юм бол эсхүл бүгдэнд нь битгий тус�##� иргэдээ ач холбогдолоор нь ялгаж дугаарлаж харьцаж бгаа мэт санагдаж бн

Холбоотой мэдээ

Back to top button