Энтертайнмент

VLOG #4| Япон дахь ээжийн НЭГ ӨДӨР...

Япон, Солонгос зэрэг орнуудад гэрийн эзэгтэй гэж тусдаа мэргэжил шахуу болтол хөгжсөн, цэвэр цэмцгэр бөгөөд эмх цэгцтэй байдал, энгийн боловч гоо зүйн өндөр таашаалтай эдлэл хэрэгслүүд зэрэг нь шинэ төрлийн урлаг гэлтэй байх болжээ...


Би 2010 онд оюутан байхаасаа л эхлээд сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж, арав гаруй жилийг салбарын тогоондоо цаг наргүй хөдөлмөрлөн өнгөрүүлжээ.

Сэтгүүлзүйн мэргэжлийн хичээлийн багш маань "Сэтгүүлч хүн үргэлж ажлаа бодож явдаг, амарч чаддаггүй хэцүү мэргэжил шүү гэж хэлж байв. Энгийн боловч одоо бодоход яг л голчтой үг.

Ажлын цаг дууссан ч ажил дуусдаггүй, хаана хэзээ юу болохыг хэлж мэдэхийн аргагүй учир цагдаа онцгой байдлынхантай ижил, байнга л бэлэн байна. Маргааш уншигчдад ямар гэгээлэг мэдээ уншуулах билээ, маргааш уулзахаар цаг товлосон хүнээсээ юу асуух билээ, өчигдөр ярилцлага өгсөн хүн өөрийн яриандаа сэтгэл дундуур байгаа юм биш биз, утсаа хараагүй сууж байх хооронд чухал үйл явдал өрнөчих вий гэх мэт бодлууд үргэлж толгойд эргэлдэн, утас компьютер тийш байнга л нүд бэлчинэ. Хаана, хэн, содон гоё зүйлс хийж вэ, хаана хэн харин болохгүй бүтэхгүйг хийгээд явна, яагаад түүнийг хийв гээд унших, судлах, ухах, төнхөх...

Ингэж явсаар ээж болов. Гэвч байдал өөрчлөгдсөнгүй, сэтгүүлчийн өдөр тутмын хэвшлээсээ гарч өгөхгүй суусаар хүүгээ нэг нас хүрэхтэй нь зэрэгцэн ажилдаа дахин орлоо. Ахиад л өдөр бүр "буцалж байдаг редакцийнхаа тогоонд ирж, энэ удаа илүү хариуцлагатай албан тушаалд, редактор болж томилогдов. Үнэндээ сэтгүүлчид ихэвчлэн л зовлон гачлан тохиосон хүмүүстэй уулзаж, хүнд хэцүүг нь шийдэхэд чадахын хэрээр туслана. Хүүхэд алга боллоо туслаач, эмчийн хариуцлагагүйгээс хүүхэд эндлээ туслаач, жаахан үр минь өвдчихлөө мэдээлж өгөөч, хэлмэгдээд хоригдчихлоо шударга ёсыг нэхэж өгөөч, дээрэмдүүлчихлээ, хулгайд алдчихлаа, хүнд зодууллаа, цохиуллаа, бэлгийн хүчирхийлэлд өртлөө... гэх мэт хэцүү бараан мэдээтэй өдөр бүрийг угтана. Энэ бүрд хохирогчид нь туслаад өгөх сөн гэсэн ганц сэтгэлээр мэдээлэл бэлдэж, түүнийхээ хариуд дараагийн өдөр нь цагдаагийн хаалга "манаж өнжих нь энүүхэнд. Сэтгүүлч мэргэжил хэцүү дээ, хэцүү... Гэвч сэтгэлзүйн хувьд үргэлж чанга, бэлэн, хатуужилтай, эрүүл, соргог байх ёстой...

Ийм л 10 жилийн дараа Япон улсад гэр бүлийн хүнийхээ ажлын шаардлагаар ирж амьдрахаар сэтгэл шулуудав. Ингээд минут, секундээр хэмжигдэн хурд шаардах, гадуур алхаж явахдаа ч байн байн санаа алдаж, "за байз өө, за байз гэж өөртэйгөө ярин алхдаг, өдөр болгон л хоолойн дээр тулчхаад амаар арай л гарчихдаггүй их ажлуудаа Монголдоо үлдээв.

Харин энд ирээд өмнөх 10 жилийн амьдралын хэв маягаас тэс өөр хэмнэлд шилжиж, ахуйн ажлуудад дадав. Хоол унд шинээр турших дургүй, ахуйн ажлуудыг огт сонирхдоггүй, энэ тал дээр өөрийгөө авьяасгүй гэж бат итгэсэн, гэрийн тохижилт, тавилга, эдлэл хэрэгслүүдэд ач холбогдол огт өгдөггүй би өөрийнхөө хувьд нэгэн шинэ ертөнц бүтээн эхлүүлж буй тухайгаа өмнөх болон энэ удаагийн влогтоо буулгав. Тухлан үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button