ДЭЛХИЙ

ЭКО НЭЭЛТ: Нүүрсхүчлийн хийг ОНГОЦНЫ ТҮЛШ болгосноор дэлхийн дулааралтай үлэмж тэмцэнэ

Нисэх онгоцнууд дэлхийн дундаж температурыг ихэсгэдэг буюу дэлхийн дулаарлын хүчин зүйл бологч нүүрсхүчлийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг билээ. Тухайлбал 2019 онд нисэхийн салбар нэг тонн гаруйг буюу тэр жилд дэлхийд ялгарсан нийт нүүрсхүчлийн хийн 2.5 хувийг ялгаруулсан байдаг.

Хэрвээ хүн төрөлхтөн хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгахгүй бол далайн хар шуурга, зуд, ган гачиг, ойн түймэр гэх мэт байгалийн гамшиг илүү хүчтэй, ойр давтамжтай тохиолддог болно хэмээн эрдэмтэд сэрэмжлүүлсээр ирсэн. Тэгвэл бид нисэхийн салбарын ялгаруулдаг нүүрсхүчлийн хийг хэрхэн багасгаж болох бол? Электрон нисэх онгоц ашиглах эсвэл түлш шатсанаас үүсэх нүүрсхүчлийн хийг өөр бодис болгон хувиргах хоёр арга байна.

Электрон онгоцнуудад баттерейн асуудал бий. Нислэг үйлдэхийн тулд онгоцонд их энерги хадгалж чаддаг, хэмжээний хувьд жижиг баттерей ашиглах шаардлагатай. Одоогийн байдлаар эрдэмтдийн бүтээсэн хамгийн сүүлийн үед бүтээсэн зай хураагуур 250 ватт/кг багтаамжтай. Бид 800 ватт/кг багтаамжтай баттерей бүтээсэн цагт л электрон онгоцоор нислэг үйлдэж болох юм.

Мөн зай хураагуурууд хүнд жинтэй. Электрон онгоцны хөдөлгүүрийг илүү хүчтэй болгохыг хүсвэл илүү том зай суурилуулах хэрэгтэй болно. Тэгснээр онгоц илүү хүнд болж, тэр жинг нисгэхийн тулд илүү том зай суурилуулах хэрэг гарна. Баттерейтай харьцуулахад онгоцны түлшээр ашиглан килограмм бүрд 12 мянган ватт энерги гаргаж авдаг аж.

Тэгвэл одоогийн байдлаар хамгийн оновчтой шийдэл бол түлш шатсанаас болж үүссэн нүүрсхүчлийн хийг өөр бодист хувиргах болж таарлаа.

Эрдэмтэд нүүрсхүчлийн хийг нисэх онгоцны түлш болгон хувиргадаг шинэ бодис гарган авчээ. Өмнөх түлш гаргаж авах оролдлогуудад кобальт гэх мэт үнэтэй элемэнт шигладаг байсан тул харьцангуй өндөр үнэтэй тусдаг байжээ. Харин эл шинэ бодисыг төмөр гэх мэт хямд үнэтэй орц найрлагаар хийдэг юм байна.

Нүүрсхүчлийн хийн бүтэц

Уг шинэ төмөр суурьтай нүүрсхүчлийн хийг нисэх онгоцны түлш болгон хувиргадаг бодисын тухай “Nature” сэтгүүлд өнгөрсөн мягмар гарагийн өдөр (2020.12.22) мэдээлжээ. Хэрвээ бид нүүрсхүчлийн хий ашиглан гаргасан түлш ашиглан нисвэл цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхээр хийсэн нэгэн том алхам болох юм.

Эрдэмтэд тус бодисыг нүүрсхүчлийн хий, устөрөгчийн молекултай цуг урвалд оруулжээ. Тэгэхэд тэр бодис нүүрсхүчлийн хий дэх нүүрстөрөгчийн атомыг  хүчилтөрөгчөөс салж, устөрөгчтэй холбоо үүсгэхэд тусласан байна. Ингээд урвалын бүтээгдэхүүнээр нисэх онгоцонд түлшээр ашиглагддаг гидрокарбон үүссэн ажээ. Нүүрсхүчлийн хийнээс тасарч урвалд ороогүй үлдсэн хүчилтөрөгч нь устөрөгчтэй нэгдэн ус үүсгэсэн байна.

Бодисыг анхны удаа туршихаар Оксфордын их сургуулийн химич Тякун Шиао бусад эрдэмтэдтэй хамтран химийн урвалыг явуулсан аж. Тэд шинээр гаргаж авсан бодисоо нүүрстөрөгчийн атомд үзүүлэх нөлөөг нь шалгахаар урвалын саванд хийж 300 ° цельс температурт халаан, даралтыг 10 дахин нэмжээ. Ингээд хорин цагийн дараа тус бодис урвалын сав дотор хийсэн нүүрстөрөгчийн 38 хувийг шинэ бодис болгон хувиргасан байна. Үүнээс 48 хувь нь онгоцны түлшинд ашиглагддаг гидрокарбон байжээ. Бусад нь этилен, пропилен гэх мэт хуванцар гаргаж авдаг бодис болсон юм.

Эх сурвалж: Science news

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button