ДЭЛХИЙ

Жо Байдены Твиттер хуудас ямар ч дагагчгүй тэгээс эхэлнэ

Жо Байден “PresElectBiden” нэртэй АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны Твиттер хуудсаа хүлээн авчээ. Тус Твиттер хаяг нээгдээд нэг цагийн дотор 400 мянган дагагчтай болсон юм. Харин Жо Байдены хувийн Твиттер хуудас 24 сая гаруй дагагчтай.

 Өмнө нь Трамп Барак Обамагаас 13 сая дагагчтай Ерөнхийлөгчийн Твиттер хуудсыг хүлээн авсан байдаг. Харин энэ удаа тийм зүйл болохгүй ажээ. Жо Байдены Ерөнхийлөгчийн Твиттер хуудас ямар ч дагагчгүй тэгээс эхлэх юм гэнэ. Тус Твиттер хуудасны нэрийг нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөх ёслолын үед солин “POTUS” болгох юм байна.

Твиттер компани яагаад ийм шийдвэр гаргасан шалтгаанаа дэлгээгүй бөгөөд үүний талаарх албан ёсны нийтлэлдээ нэмж тайлбар хийхгүй хэмээсэн юм. Тус нийтлэлд шалтгаан дурдалгүй “Эдгээр хуудаснууд өмнөх захиргааны хаягуудын дагагчдыг хүлээн авахгүй” гэсэн байна. Гэхдээ үүний өмнө “POTUS” болон “VP” хаягийг дагадаг байсан хүмүүст Жо Байден болон Камала Харрис нарийн шинэхэн хуудасны талаар мэдэгдэл очих юм.

Барак Обама албан ёсны Твиттер хуудастай болсон АНУ-ын анхны Ерөнхийлөгч байжээ. Түүний бүх жиргээг Үндэсний архив, бүртгэлийн газар “POTUS44” нэртэй хаяг нээн хадгалсан байгаа юм. Твиттер хэлэхдээ Дональд Трампын ашигласан Ерөнхийлөгчийн хаягийг “POTUS45” нэртэй хуудас нээн хадгална гэсэн боловч түүний хувийн хаягийн талаар дурдаагүй байна.

Харин Үндэсний архив, бүртгэлийн газар Дональд Трампын хувийн хаягийн жиргээнүүдийг ч мөн хадгална гэдгийг мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button