Монгол Улс эрүүл мэндийг хамгаалах асуудлаар дэлхий нийтээс хоцрох ёстой юу

“Оролцогч талуудын бага хурал 26” буюу КОП26 хэмээн нэрлэгдсэн олон улсын байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх хуралд 100 гаруй орон оролцож, эхний ээлжинд цөлжилттэй тэмцэх, ой мод устгах явдалтай тэмцэх асуудлаар санал нэгдэж байна. Цаашид ч талууд мөн энэ талаар бусад тохиролцоонд хүрэх шинжтэй байна.
Гэвч саяхан бас нэг өөр “Оролцогч талуудын бага хурал” болж өнгөрсөн. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хүрээнд байгуулагдсан Тамхины хяналтын суурь конвенцид нэгдсэн оролцогч талуудын КОП9 хэмээн нэрлэгдсэн бага хурал болсон ба үүнд мөн 100 хэмээх бэлэг тэмдэгтэй тоо дурдагдсан байна.
Уг “Оролцогчдын бага хурал” буюу КОП9-тэй холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 18-нд дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарт ажилладаг 100 эмч, мэргэжилтнүүд тус бага хурлын төлөөлөгчдөд зориулан нээлттэй захидал ирүүлсэн байх бөгөөд тамхины хор нөлөөг бууруулах асуудлаар илүү идэвхтэй байр суурь баримтлахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Конвенцид нэгдэн орсон улс орнуудад хандаж уриалга гаргасан.
Тус захидалд “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь тамхийг орлох халаадаг тамхи, утаагүй тамхин бүтээгдэхүүн, хүлхдэг никотин бүхий бүтээгдэхүүн, мөн цахилгаан тамхи буюу никотинтой ууршуулагч бүтээгдэхүүн зэргийг хэтэрхий зохицуулж, өндөр татвар ногдуулах замаар хориглож байгаа нь үндэслэлгүй бөгөөд шинжлэх ухааны судалгаа, үр дүнг харгалзаж үзээгүй явдал болжээ” гэж дурдсан байна.
Тус захидалд Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн орсон улс орнуудад зориулан 7 асуудлыг хөндөж тавьсан бөгөөд мөн 6 зүйлээр зөвлөмж гаргажээ.
Дээр дурдсанаар тамхины талаарх бодлогод орчин үеийн нөхцөл байдалд зохицуулан өөрчлөлт оруулахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас шаардсан байна. Мөн Тамхины хяналтын суурь конвенцод тамхины хор хөнөөлийг багасгах зарчмыг тусгах талаар эрдэмтэд, мэргэжилтнүүд голчлон шаардсан байна.
Тус захидлаас иш татвал: “. . . Дэлхий нийтээр тамхины хэрэглээнээс үүдсэн үхлийн ихэнх хэсгийг янжуур болон бусад утаат тамхины хэрэглээ голчлон эзэлж байна. Утаагүй, никотин бүхий бүтээгдэхүүн нь тамхи татах явдлаас үүсэж буй хор хөнөөлийг харин ч багасгах ирээдүйтэй арга зам мөн юм. Утаагүй бүтээгдэхүүн нь янжууртай харьцуулахад хор хөнөөл маш бага бөгөөд хувь хүмүүсийн хувьд төдийгүй хүн амын түвшинд тамхи татах явдлыг бууруулах бололцоотой болох талаар үндэслэл бүхий нотлох баримтууд байна. Ийнхүү тамхины зах зээлийг өндөр эрсдэлтэйгээс бага эрсдэлтэй болгож бууруулах боломж байхад Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үүнийг үл тоомсорлож, харгалзаж үзэхгүй байгаа нь харамсалтай юм. Тамхинаас үүдэлтэй үхлийн тоог олон саяар бууруулж, зайлсхийх боломж бүхий олон нийтийн эрүүл мэндийн стратегиас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үндсэндээ татгалзаж байна” гэжээ.
Түүнчлэн мэргэжилтнүүд гишүүн улс орнуудын зохицуулагчдын хувьд анхаарвал зохих хэд хэдэн үндэслэлийг гаргаж тавьсан байна. Ялангуяа тамхины хор хөнөөлийг багасгах асуудал нь олон нийтийн эрүүл мэндэд нааштай нөлөө үзүүлэх дорвитой боломж бөгөөд e-cigarette буюу электрон янжуур нь тамхинаас гарах, тамхи татах явдлыг зогсооход гол хүчин зүйл болж байна гэж дурдсан байна. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тогтоосон Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд энэхүү тамхины хор хөнөөлийг бууруулах явдал нь томоохон хувь нэмэр оруулах юм. Тогтвортой хөгжлийн зорилгод дурдсанаар 2015 онтой харьцуулахад 2030 он гэхэд халдварт бус дөрвөн хүнд өвчнөөс хэт эрт нас барах явдлыг 33 хувиар бууруулна гэж заасан байдаг.
Олон орны зохицуулагчдаас хийсэн судалгаа, үнэлэлт дүгнэлт болон зарим орны туршлагаас харахад, халаадаг тамхин бүтээгдэхүүнийг хэрэглэх явдал нь үр дүнтэй, ашигтай гэдгийг баталж байна. АНУ-ын Хүнс ба Эмийн Захиргаа дараах дүгнэлтийг гаргасан байна: “Уг бүтээгдэхүүнийг олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад зохистой бүтээгдэхүүн гэж дүгнэсэн ба хорт хөнөөлтэй бодистой харьцах явдлыг үлэмж хэмжээгээр багасгаж байгаа тул цаашид олон нийтийн эрүүл мэндийг сайжруулахын тулд сурталчлах нь зүйтэй” гэж дүгнэсэн. 2005 оноос хойш халаадаг тамхин бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд нэвтрүүлснээс хойш тамхи татах явдал тус улсад маш эрчимтэй багассан. Зах зээлийн мэдээлэл, судалгаанаас харахад 2015-2020 оны хооронд нийт тус улсын зах зээлд борлогдож буй янжуур болон нарийн ширхэгтэй янжуурын борлуулалт 40 хувиар буурсан байна.
Цахилгаан янжуур болон халаадаг тамхин бүтээгдэхүүнийг хязгаарлах, хорих талаар бодлогын санал дэвшүүлэх нь харин ч сөрөг үр дагавартай гэдгийг бодлого боловсруулагчид ойлгож байх ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь тамхинд хяналт тавьснаар хор хөнөөлийг багасгах асуудал нь өөрөө олон нийтийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн байх ёстой. Тамхинаас гарах эсхүл утаагүй никотин бүхий бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой олон зуун сая хүмүүсийн хувьд эдгээр бүтээгдэхүүн нь никотин хэрэглэх зорилгоор бусад хор хөнөөлтэй бодисыг биедээ шингээхээс зайлсхийх маш чухал арга зам юм.
Тус захидалд мөн тамхины хяналтыг хэрхэн сайжруулах талаар зарим үндэслэл бүхий зөвлөмжүүдийг өгсөн байна. Жишээлбэл, Тогтвортой хөгжлийн зорилтын эрүүл мэндийн салбар дах тодорхой зорилгууд, тухайлбал 4 халдварт бус өвчнийг бууруулах талаар тавьсан стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд тамхины хор хөнөөлийг багасгах нь нэг үндсэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь байх ёстой. Цаашид тамхины хэрэглээг багасгах, тэр ч байтугай хориглох зэрэг талаар гаргаж буй бодлогын саналууд нь мөн төлөвлөөгүй сөрөг үр дагавар гаргах боломжтойг харгалзаж үзэх ёстой. Тухайлбал, хичнээн хязгаарлаж хориглох тусам тамхи татах явдал ихсэх, мөн бусад сөрөг үр дагавар гарах боломжтой байдгийг харгалзаж үзэх нь зүйтэй.
Аль ч улсын Засгийн Газар Тамхины хяналтын суурь конвенцын 5.3 дах заалтыг тамхины салбарын зүгээс явуулдаг сөрөг арга хэмжээтэй тэмцэхэд зохистой хэрэглэх нь зүйтэй бөгөөд харин олон нийтийн эрүүл мэндэд хэрэгтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэхэд хориг тавьж эсхүл шинэ бүтээгдэхүүний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, ашигтай болохыг баталсан мэдэгдэл, судалгааг олон нийтэд танилцуулахгүй байх зэрэг үр дагавартай болохыг анхаарч үзэх нь зүйтэй.
Мөн эмч, мэргэжилтнүүдийн зөвлөснөөр Тамхины хяналтын суурь конвенцийн хүрээнд хийх цаашдын хэлэлцээр, яриаг тамхины хор хөнөөлийг багасгах өнцгөөс харж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сонирхогч бүх талууд тухайлбал, хэрэглэгчид, олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, мөн уламжлалт тамхины үйлдвэрлэгчид дотроос шинээр боловсруулж гаргаж ирсэн бүтээгдэхүүнтэйгээ холбоотой мэдээллийг хуваалцахын тулд ийм мэдээлэлтэй бизнесийн байгууллагуудыг хамруулах нь зүйтэй гэж зөвлөжээ.
Эцэст нь мэргэжилтнүүд дүгнэхдээ: “Дэлхий нийтийн тамхины талаарх бодлогыг цаашид тамхины хор хөнөөлийг багасгах арга хэмжээний томоохон боломжийг ашиглахад чиглүүлэх нь зүйтэй. Олон нийтийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухааны байгууллагууд, бодлого боловсруулагчид, мөн хор хөнөөлийг багасгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч мэргэжилтнүүд Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх нийтлэг зорилтдоо анхаарлаа төвлөрүүлж, тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгийг дэлхий нийтээр бууруулах, мөн эрт нас барах явдлыг зогсоох талаар аль болохоор хурдан шуурхай бөгөөд гүн гүнзгий арга хэмжээ авах шаардлагатай байна” гэжээ.
Монгол Улс нь 2003 онд Тамхины хяналтын суурь конвенцид нэгдсэн бөгөөд тус конвенцийн 33.5 дугаар зүйлд заасны дагуу конвенцийн гишүүн орон болгон тус конвенциор хүлээсэн үүргээ заавал биелүүлэх үүрэгтэй билээ. 2013 онд нийт улсын хэмжээнд явуулсан 3 дахь судалгааны дүнгээс харахад Монгол Улсын хүн 15-аас дээш насны хүн амын 1/3 нь тамхийг байнга хэрэглэдэг ба үүний дотор эрэгтэй хоёр хүн тутмын нэг, эмэгтэйчүүдийн 5.3 нь тамхи татдаг болохыг тогтоожээ. Энэхүү халдварт бус өвчний эрсдэлийн хүчин зүйлийн талаарх судалгааг дөрөв жил тутам явуулдаг билээ.
Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр Монгол Улсад тамхинаас гарахыг оролдож буй хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх, хэрэв тамхинаас гарах нь тэр бүр боломжгүй байгаа бол никотиноос хамааралтай байх явдлынх нь хувьд эмчилгээ болон бусад дэмжлэгийн арга хэмжээ авах концепцийг Монгол Улсад хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тамхины хамгийн хэцүү асуудал нь түүний орцод ордог маш их хортой бодисууд байгаа юм. Никотин бол хорт хавдар үүсгэдэггүй, мөн амьсгалын замын болон зүрх судасны системийн хувьд хордлого өгдөггүй бүтээгдэхүүнд тооцогддог боловч бас нөгөө талаар донтуулах, түүнээс хамааралтай болох үр дагавартай бодис билээ. Зах зээлд шинээр гарч ирж байгаа шинэ тамхин бүтээгдэхүүнүүд нь хууль бус биш, хориглоогүй бүтээгдэхүүнүүд бөгөөд Монгол Улсын Засгийн Газар тамхи татах явдлаас аль болох бага хор хөнөөлтэй бүтээгдэхүүн хэрэглэх явдалд шилжих улмаар аль болох никотиноос бага хамааралтай байхад тусалж дэмжих чиглэлд ажиллах ёстой болж байна.
Мэдээллийн БиБиСи компанийн мэдээлснээр Английн Үндэсний Эрүүл Мэндийн Албанаас электрон янжуурыг олон нийтэд хэрэглэхийг зөвшөөрч, улмаар хүн амыг тамхинаас гарахад туслах бодлого баримталж байгаа ажээ. Мөн Их Британийн Эмнэлгийн болон Эрүүл Мэндийн Бүтээгдэхүүнийг Зохицуулах Агентлаг нь тамхин бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг өөрсдийн шинэ бүтээгдэхүүнийг шинээр бүртгүүлэхийг уриалж байна. Өөрөөр хэлбэл, Англи Улс нь дэлхий дээр электрон янжуурыг эм, эмнэлгийн бүтээгдэхүүн гэж үзэж санал болгож байгаа анхны орон болох нь. Их Британийн Эрүүл мэндийн яамны сайд Сажид Жавид хэлэхдээ “Үндэсний Эрүүл Мэндийн Албанаас санал болгосноор электрон янжуурыг хэрэглэх тусгай зөвшөөрлийг олгодог болох нь тус улсад тамхи татах явдал маш өндөр хэмжээнд хүрсэн байгааг бууруулах маш чухал арга хэмжээ болно” гэжээ.
Монгол Улсад 2007 оны 12 сарын 21-ний өдөр Стандартчилал, техникийн зохицуулалт болон тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хуулийг баталсан бөгөөд 2018 оны 10 сарын 03-ны өдөр Засгийн газрын 291 дүгээр тогтоолоор Тохирлын үнэлгээг заавал хийлгэх бараа, үйлчилгээний жагсаалт болон Тохирлын баталгаатай бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нэвтрүүлэх болон хилээр гаргах журмыг тус тус баталсан билээ.
Дээр дурдсан хууль болон журмын хүрээнд шинээр зах зээлд нэвтэрч буй шинэ тамхин бүтээгдэхүүнийг техникийн зохицуулалт болон үндэсний стандартаар нэн яаралтай зохицуулах шаардлага байна.
Тамхины хяналтын суурь конвенцод зааснаар хор хөнөөлийг багасгах гэдэг нь тамхины хяналтын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Ийм учраас уламжлалт тамхинаас өөр шинэ бусад бүтээгдэхүүний талаар судалгааг тамхины хяналтын бодлогын хүрээнд хор хөнөөлийг бууруулах стратеги болгож нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын зах зээлд дээр дурдсан шинэлэг бүтээгдэхүүнүүд аль хэдийн нэвтрэн орж ирж борлуулагдаж байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр технологийн өнцгөөс харвал эдгээр бүтээгдэхүүн нь уламжлалт янжуураас утаа байхгүй, шаталт явагддаггүйгээрээ онцлог байгаа билээ. Олон улсын хэмжээнд эдгээр шинэ бүтээгдэхүүнийг никотин бүхий бүтээгдэхүүн тухайлбал, халаадаг тамхин бүтээгдэхүүн, никотин бүхий хүлхдэг бүтээгдэхүүн, никотин бүхий шингэн гэж тодорхойлж байгаа бөгөөд уламжлалт утаат бүтээгдэхүүнтэй харьцуулахад хор хөнөөл нь маш бага байгаа тул тамхинаас гарах, тамхи татах явдлыг зогсоох үнэхээр боломжит хувилбар гэж үзэж байгаа ажээ.
Тийм учраас эдгээр бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүн гэж ангилж байгаа явдлыг зогсоож “никотин бүхий бүтээгдэхүүн” гэдэг шинэ ангиллаар тогтоож татварын хувьд мөн хэт их татвар ногдуулах явдлаас зайлсхийж, ингэснээр утаа тамхийг татах явдлаас хэрэглэгчдийг урьдчилан сэргийлэх, хэрэглээг багасгах бодлогын арга хэмжээ болгож хэрэгжүүлэх шаардлагатай байгаа билээ.
Олон улсын туршлагаас харахад ч тамхин бүтээгдэхүүнтэй харьцуулахад никотин бүхий бүтээгдэхүүнд ногдуулах онцгой болон бусад татвар, хураамжийг нэлээд доогуур тогтоодог байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.