Нийгмийн

Б.Мэргэн: Сошиалд үзэл бодлоо илэрхийлсний төлөө тагнуулынхан шалгах нь ТОТАЛИТАРИ ДАРАНГУЙЛАЛ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбоотойгоор тус улсын талаар сөрөг мэдээлэл өөрийн цахим хуудаст бичсэн зарим иргэдийг цагдаа, тагнуулын байгууллагаас шалгасан, шаардлага тавьсан гэх мэдээлэл бий.

Тухайлбал, иргэн Ц.Уянгыг 2019.09.02-ны орой Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат гэрээс нь дуудаж мэдүүлэг өгөхийг шаарджээ. Хариуд нь тэрбээр “Би ямар зүйл буруу хийсэн бэ? Хуулийн үндэслэлээ хэл’ гэхэд цагдаа “Муу зүйл бичиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн учраас’ гэж хариулсан байдаг. Тэрбээр “Ажлын цаг дууссан учир мэдүүлэг өгөх боломжгүй’ гэхэд цагдаа “Танай гэрийн чинь цонх гэрэлтэй байна. хурдан гарч ир’ хэмээн шаарджээ.

Мөн иргэн Г.Ганбатын Баянзүрх дүүргийн 25-р хороонд байх гэрт 22:30 цагийн үед өөрсдийгөө Тагнуулын Ерөнхий газрын ажилтнууд гэж танилцуулсан хоёр хүн ирж “Путины талаар сөрөг мэдээлэл бичсэн байна, хариуцлага тооцно” хэмээсэн гэх.

Түүнчлэн, ОХУ болоод Монгол улсын дипломат харилцааны талаар сүүлийн өдрүүдэд идэвхтэй бичиж байсан иргэн Т.Болдын фэйсбүүк хуудас шалтгаангүйгээр гэнэт хаагдаж, алга болжээ.

Эдгээр жишээнүүдээс харахад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх зөрчигдсөн эсвэл иргэд үнэхээр Үндэсний аюулгүй байдалд халдсан эсэхийг хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнээс тодрууллаа.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛИНД ИЙМ ЗҮЙЛ ЗААЛТ БАЙХГҮЙ

-Иргэдийг цахим орчинд үзэл бодлоо илэрхийлснийг Үндэсний аюулгүй байдалд халдсан гэж үзэн тагнуулын байгууллагаас шалгасан талаар мэдээллийг та сонссон байх. Монгол улсын хуульд ийм зүйл заалт байдаг уу?

-Энэ талаар тодорхой зүйл заалт байхгүй. Үзэл бодлоо илэрхийлэх нь үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Үндсэн эрх, бусад эрхүүдийг үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хязгаарлаж болдог, зарим улсад. Гэхдээ үндэсний аюулгүй байдал гэдэг маш өргөн ойлголт. Тиймээс тухайн хязгаарлалт ямар ямар шалгуураар, яаж хязгаарлах вэ гэдгийг маш нарийн тодотгож өгсөн байдаг. Тэгэхгүй бол үндэсний аюулгүй байдал гэдэгт бүх сэдвийг хамаатуулж, маш өргөн хүрээнд хүний эрхийг зөрчих шаардлагатай болно. Иймээс улс орнууд энэ асуудалд их болгоомжтой ханддаг.

Манай улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиудад зааснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж нийтэлснийхээ төлөө ямар нэгэн хариуцлага хүлээлгэх тухай заалт байхгүй. Зөрчлийн тухай хуульд ч, Эрүүгийн хуульд ч ийм заалт байхгүй. Зөрчлийн тухай хуульд бусдыг гүтгэж, доромжлохыг хориглосон нь заалт бий. Хэрэв гүтгэж, доромжилж байна гэж үзэх юм бол заавал хэн нэгний гомдлоор хэрэг үүсэх ёстой. Харин цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага өөрсдөө сайн дураар буюу хэн нэгэн гомдол гаргаагүй байхад хэрэг үүсгээд, шалгаад хариуцлага хүлээлгэх боломж хуулийн хүрээнд байхгүй. Хэрэв үнэхээр шалгаж байгаа бол энэ бол дарангуйлал, ардчилсан нийгэмд ийм зүйл байж болохгүй.

-Ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бус өөрийн хувийн цахим хуудсаар бичсэн бичвэрийн төлөө гэр оронд нь ажлын бус цагаар очих нь хууль бус уу?

-Хууль бус. Гэмт хэрэг үйлдэгдсэн байсан ч орой үдшийн цагаар, гэр оронд нь очиж үзлэг нэгжлэг хийж, нэвтэрч орох гэж байгаа эсвэл шөнийн цагаар ажиллагаа хийх гэж байгаа  бол заавал Прокурорын зөвшөөрөлтэй байх ёстой. Бүр хойшлуулашгүй тохиолдолд ажиллагаа хийхийг зөвшөөрдөг. Хойшлуулашгүй тохиолдол гэдэг нь тухайн гэмт хэрэгтэн гэмт хэргийн ул мөрөө арилгах, нотлох баримтуудыг нуух эсвэл гэмт хэрэг хийснийг нь нотлох хүмүүсийн амь бие эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдвол цагдаа, тагнуулын байгууллагаас шөнийн цагаар эсвэл гэрт нь Прокурорын зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийж эсвэл ажиллагаа хийж болно. Гэсэн ч 24 цагийн дотор зайлшгүй ийм шаардлага байсан юм гэдгээ нотолж, Прокурорын зөвшөөрөл авах ёстой. Нотолж чадахгүй бол хариуцлага хүлээнэ. Нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдлын ямар бүрэлдэхүүн хэсэг, яг юунд нь халдах гээд байгаа нь тодорхойгүй. Хоёрдугаарт, сошиалд үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүний үндсэн эрхэнд халдах нь ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл. Тийм хууль зүйн боломж ч байхгүй.

Б.ГЭРЭЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хохь
Хохь

Хохь нь

Холбоотой мэдээ

Back to top button