Ж.Эрхэмбаатар: Нам бүр боловсон хүчний бодлоготой, зөвлөхөөр ажиллах нь шүүмжлээд байхаар асуудал биш

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх, хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.
-ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ХОРЬЖ, СААТУУЛЖ БОЛОХГҮЙ-
-Та 2020 оны УИХ-ын сонгуульд хамгийн ширүүн тойрогт бие дааж нэр дэвшээд өвдөг шороодсон. Түүнээс хойш хаагуур юу хийв.
-2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвшсэн. Олон нийтэд нам гүм байсан байх. Хуулийн чиглэлээр мэргэжлийнхээ ажлыг хийсэн. Мөн судалгааны ажил дээр нэлээдгүй суулаа.
-Намд орохгүй л бол хэцүү юм байна гэж халаглаж ярьсныг тань уншиж байсан юм байна. Нам дагаж байж нийгэмд арай илүү хийж бүтээх, дуу хоолойгоо илэрхийлэхэд дөмөгтэй гэж харж байна уу. Нөгөө талаар том нам нийгэмд нэр нөлөөтэй сайн хуульчийг өөрсдөдөө авч ажиллуулах, бамбай хийх нь шүүмлжлэ дагуулдаг. Чухам яагаад Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллах болов?
-Энэ нь тийм ч шүүмжлээд байхаар зүйл биш гэж бодож байна. Нам бүр боловсон хүчний бодлоготой байдаг. Зарим бодлого тодорхойлох, судалгааны ажил хийлгэх, цаашдын хөтөлбөр зорилгод нь шаардлагатай гэж үзээд хуульчдийг ажиллуулдаг байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр долдугаар сараас хойш ажиллаж байна.
-МАН өнгөрсөн хугацаанд хүний эрх гэдэг зүйлийг жалганд аваачиж хаясан. Сая их хурал дээрээ хүний эрхийн сэргээнэ, дээдэлнэ гэж тунхаглалаа. Хуульч хүний хувьд чухам ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн эцсийн зорилго нь хүний эрхийг хамгаалах, үйлчлэх явдал. Тиймээс хүний эрхийн асуудал монгол төрийн бодлогоос ангид байх боломжгүй. Хүний эрхийг хамгаалах асуудалд тодотгол хийж байгаад талархаж байна. Энэ улс эх орондоо амьдарч байгаа иргэн би болоод миний үр хүүхдийн амьдарч буй нийгэмд хамаатай асуудал. Өнгөрсөн хугацаанд хүний эрхийн асуудал ярих нь төрийн эсрэг ч юм шиг, төр нь эргээд хүний эрхийг зөрчөөд байгаа ч юм шиг зөрчилдөөн гарч ирлээ л дээ. Аль ч засгийн үед. Аль ч нам засгийн эрх авсан бай хүний эрхийн бодлогоо чанд баримталдаг, төрийн албан хаагчид нь иргэндээ үйлчилдэг байх ёстой.
-Гэтэл өнөөдөр үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдаад явах нь хэвийн үзэгдэл боллоо. Алдаа нь юундаа байна вэ?
-Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хэн нэгнийг баривчилж, хорьж саатуулж болохгүй. Энэ нь хуулиар хориотой. Үзэл бодлоо илэрхийлэн жагсаал хийж байх явцад хэзээд хажууд нь иргэд амьдарч, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл жагсаал цуглаан хийж байгаа тохиолдолд бусдын эрхийг хөндөхгүй байх, хүндэтгэх ёстой. Өнгөрсөн хугацаанд бид 318 хуульд хүний эрхийн мониторинг хийлээ.
Эдгээр хуульд таны нэрлэж байгаа жагсаал цуглаан хийх тухай хууль мөн орж байгаа. Энэ хууль бүр 1994 онд батлагдаж байсан. Энэ хуулиар жагсаал цуглаан хийхдээ хэн нэгэн албан тушаалтнаас, нам засаг барьж буй төртэйгээ хамааралтай байж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. МАН-ын хүний эрхийг хуулиар баталгаажуулах, тодорхой эрхийг нь хязгаарлаж сөргөөр нөлөөлж байгаа зүйлийг засъя гэдэг үүднээс хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид мониторинг хийж байгаа юм.

-318 ХУУЛИЙН 800 ГАРУЙ ЗААЛТ ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА-
-Хуулиа зассанаар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагддаг байдал хурдан хугацаанд засарч, цэгцрэх вэ?
-Хуульд өөрчлөлт оруулснаар, нэг хууль шинээр батлагдсанаар өөрчлөгдөхгүй. Ямарваа нэгэн жагсаал цуглаан шаардлага тавьдаг. Тэр шаардлага тавихад хүргэх хүчин зүйл болоод шаардлага тавьж буй хүний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж байна уу, хязгаарлахад ямар шалгуур хэрэгтэй юм гэх зэрэг шинжлэх ухааны үндэслэл дор нэгдсэн нэг томьёолол гаргаж ирдэг.
Тэрнээс биш эрх барьж буй нам нэг талаас нь, сөрөг хүчин нөгөө талаас нь тайлбарлана. Улс төрийн үүднээс хандвал ямар нэгэн гарц гаргалгаа гаргаж ирж чадахгүй. Тиймээс МАН-ын зүгээс эрдэмтдэдээ хандаж, Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдалд хөндлөнгийн хараат бус дүн шинжилгээ хийгээч ээ гэдэг хүсэлт гаргасан. Энэ дагуу “Хүний эрхийн төлөв байдлын судалгаа”-г гаргасан. Үүнийг хэвлэж шинжлэх ухааны эргэлтэд оруулна.
-Судалгаагаар ямар дүгнэлт гарав, сонирхуулж дурдвал?
-Хүчин төгөлдөр 318 хууль өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулж байна. 318 гэдэг нь нэг талаараа том тоо юм шиг харагддаг. Нөгөө талаар эдгээр хуулиуд тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад янз бүрийн асуудлыг үүсгэж эхэлсэн. Зарим хуулийн үйлчлэл төдийлөн хэрэгжихгүй, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, аюулгүй амьдрах эрх зэрэгт сөрөг үр дагавар үүсгэх болчихсон. Ийм асуудлыг ялангуяа эрх баригч нам анхаарлаасаа гадуур өнгөрөөж болохгүй. 318 хуулийн 800 гаруй заалт хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Судалгаагаар “хүний эрх хязгаарлагдсан байна, шийдвэл зохилтой асуудлууд бий” гэдэг дүгнэлт гарсан. Ялангуяа эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангахад төрийн байгууллагын оролцоо ямар төвшинд байх ёстой юм гэдгийг шинээр тодорхойлох шаардлагатай гэсэн зөвлөмж өгч байгаа.
Нийгэмд замбараагүй байдал үүсч, хууль зарим хэсэгт нь үйлчилж, тодорхой хэсэг нь хохироод байна гэсэн шүүмжлэл байгаа л бол бид анхаарах ёстой. Судлаачдын өгч буй зөвлөмжийн дагуу төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авч хуульд ямар өөрчлөлт оруулах талаар ажиллах юм. Магадгүй хүний эрхийг хязгаарлаж байгаа хууль, хуулийн заалтийг засах, шинээр бичих гэхээс илүүтэй тухайн хуулийн заалтийг хүчингүй болгосноор илүү дээр ч байж болох юм.
-Хүний эрхийн үнэлэмж ямар төвшинд байна вэ. Сайжруулахын тулд, гудамжнаас хүнийг барьж хорихгүйн тулд яах ёстой вэ?
-Монгол Улсын хүний эрхийн талаарх төлөв байдлаар олон улсын байгууллагаас янз бүрийн л ритинг тогтоодог. Нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын эрх гэхчлэн тогтооход өөр өөр дүгнэлтүүд гардаг. Монгол Улс ардчилсан бөгөөд хүний эрхийг хамгаалсан улс гэх ангилалд байгаа. Энэ бол сайн дүн. Гэхдээ бид чанараа сайжруулах ёстой. Хүний эрх бол тунхагласан хууль тогтоомж байна гэдэг. Гэтэл өнөөдөр хүний эрх зөрчигдлөө гэхэд хаана хэнд хандах, иргэнд хариу тусламж өгөх бололцоо тусламж хүрэлцээтэй юу, иргэн хандсанаар асуудлаа шийдвэрлүүлж чадаж байна уу.
Хамгийн гол нь хохирол нь бодитойгоор тодорхойлогдоод төлөгдөж байна уу үгүй юу гэдэг асуудал. Энэхүү асуудлын үр дагаварт бид “хүний эрхийг хамгаалдаг бодит механизм сул байна” гэсэн дүгнэлт хийсэн. Хүний эрхийг хамгаалдаг механизм оновчгүй байна л гэсэн үг. Иймд хохирлын үнэлгээний тогтолцоог бий болгох ёстой юм байна, эдийн болон эдийн бус хохирлыг үнэлдэг болох ёстой юм байна гэдэг шаардлагууд гарч ирж байгаа. Хуулиар хуульд заасан шалгуур үндэслэлдээ хүрэх ёстой.

-АВИЛГЫН ХЭРГИЙН ЯЛЫГ БОДЛОГЫГ ЧАНГАТГАЖ, ТОРГОХГҮЙ ХОРИХ ЯЛТАЙ БОЛГОХООР ЯРЬЖ БАЙГАА-
-Хамгийн эхний алхам юу вэ?
-Ямар ч байсан төлөв байдлаа тогтоочихлоо. Хуульч, судлаачдын гаргасан зөвлөмжийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Хүний эрхийг сайжруулах хүний эрхийн төлөвлөгөө гаргах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2003 оноос хойш орхигдчихсон хүний эрхийг хангах бодлогын бичиг баримтыг шинэчилнэ гэдгээ зарласан. Судлаачид, хуульчдын гаргасан зөвлөмж зайлшгүй бодлогын бичиг баримт болж биежих ёстой.
-МАН авлигатай тэмцэх уриа хэлж, тунхаглал гаргачихлаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээ намын гишүүнчлэлээс хасах тухай дүрэмдээ орууллаа. Гэтэл авлигын бодит байдал
-Авлигын тухай бодлогоо их хурлаараа зарлалаа. Энэ нь зарлал тунхаглал төдий бус. Хамгийн түрүүлж намынхаа дүрэмд өөрчлөлт оруулсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байсан намын гишүүнийг намын удирдах болон сонгуульт ажилд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт оруулж өгсөн. Энэ нь УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай хуульд байдаг заалт. Гэхдээ бид намын сонгуульд оролцуулахгүй гэдэг заалтыг оруулж ирсэн. Хоёрдугаарт нийтийн болон намын албан тушаал хашиж буй этгээд авлигын гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдвол 30 хоногийн дотор намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгөх ёстой.
Энэ нь гишүүнийг хариуцлагажуулж байгаа нэг хэлбэр. Үүргээ хэрэгжүүлэхгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд намын ерөнхий хороогоор оруулж хэлэлцэж гишүүнийх нь эрхийг тодорхой хугацаагаатайгаар түдгэлзүүлэх арга хэмжээ авна. Хэрэв авлигын гэмт хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож цагаадвал эрх нь шууд сэргэдэг байх заалт юм. Эл заалт МАН өөрийн гишүүдээ хариуцлагажуулах, нөгөө талаар авлигатай тэмцэх бодлогын өөрийн намаас эхэлж буйн нотолгоо болов уу гэж бодож байна.
-Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлого сул байгаа гэх шүүмжлэл бий. Тухайлбал, авсан мөнгөнөөсөө багахан хэмжээний мөнгөөр торгуулаад өнгөрөх тохиолдлууд ч гардаг. Хамгийн түрүүнд “ял”-ын бодлогоо ярих нь зөв үү?
-Авлигатай тэмцэнэ гэдэг бол эрх зүйн цогц шинэтгэл хийхийг шаардаж байгаа. Авлига бол хүний нүдэнд ил үйлдэгддэг гэмт хэрэг биш. Нууцаар далд явагддаг. Мөн тодорхой мэдлэгтэй мэдээлэлтэй албан тушаалтнууд оролцсон байдаг нь статистик тоо баримтаас харагддаг. Тэгэхээр далд үйлдэлтэй гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагыг бэхжүүлэх нь нэн тэргүүний асуудал. Хоёрдугаарт “ялын бодлогыг чангаруулна” гэдгээ Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Ялын бодлогоор дундаж ялтнууд 5.5 жилээр яллагдаж байгаа. Үүнийг нэмэгдүүлнэ гэж ярьж байна.
Торгуулийн ялыг үгүй болгож хорих ялаар шийтгэж байхаар өөрчлөлт оруулбал ялын бодлогыг бодитойгоор чангаруулж байгаа гэсэн үг юм. Гуравдугаарт, хугацаанаас нь өмнө тэнсэн харгалзаж, суллаад ялаас чөлөөлчихдөг. Гэмт хэргийн төрөл, эдэлж буй ял, ялтны засал хүмүүжлээс хамаараад шүүхээр орох эсэх асуудал хуулиар зохицуулагдсан. Тэгэхээр авлига, албан тушаалын гэмт хэргээр хорих ял авсан тохиолдолд үүгээр оруулах уу үгүй гэдэг асуудлыг судлаачид ярилцаж байгаа. Мөн хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүллээ гэдэг асуудал яригдаж, шүүмжлэлд өртөөд байна.

-МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ “ЯЛ ОНООХ, ЗЭМЛЭЛ ХҮРТЭЭХ”-ЭЭС ИЛҮҮ “ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ” ҮНДСЭН ЗОРИЛГОТОЙ-
-Тодруулбал?
Хялбаршуулсан журам нь нэг талаараа зайлшгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлоо төлж байж хэргээ шийдвэрлүүлэх эрх нээгдэх жишээтэй. Монгол Улсын эрүүгийн хууль ял оноох, зэмлэл хүртээх гэхээсээ илүү “хохирол барагдуулах” гэсэн үндсэн зорилготой. Иргэд хохирлоо барагдуулж чаддаггүй, хэргээ шийдүүлж чаддаггүй буюу “хохирсон дээрээ хохирдог” үр дагаварт хүргээд байсан агуулга энэ юм л даа. Гэхдээ уг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамааруулахгүй байж болох гэсэн зөвлөмжийг судлаачид өгч байгаа. Энэ хүрээнд эрүүгийн ялын бодлого тодорхойлогдох бол уу гэсэн хүлээлттэй байна.
-МАН их хурлаараа албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдвол хатуу хариуцлага тооцох тухай өөрчлөлт оруулсан. Хууль, дүрэм буцаж хэрэглэгдэхгүй буюу өмнөх ялтнууд намдаа, нийгэмдээ үлдэнэ биз дээ?
-Саяын миний хэлсэн өөрчлөлтүүд намын дүрэмд орсон. Эрүүгийн хуульд үндсэн суурь зарчим бий. Хэрэв ялын бодлогод өөрчлөлт орлоо гэхэд “өөрчлөлт орсон мөчөөс эхэлж үйлчлэх буюу буцаж үйлчлэхгүй” гэсэн зарчим.
-Та ЖДҮХС-гаас зээл авсан асуудал ил болоход нэлээдгүй тэмцэл эхлүүлж, эсэргүүцэж дуу хоолойгоо илэрхийлж явсан хуульчдын нэг. Гэхдээ тэр асуудлаар ямар ч албан тушаалтан ял аваагүй, одоо бараг мартагдаж байна?
-Миний ойлгож байгаагаар таван хүн ял авсан. Хорих болон торгуулийн ял авсан. Хэсэг хуульчдын стратеги өмгөөллийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн эцсийн зорилго “хэн нэгэнд ял өгөх” бус. Тэгэх бололцоо байхгүй. Энэ бол хууль хяналтын байгууллагын хийх ёстой ажил. ЖДҮХС буюу Засгийн газрын тусгай санд албан тушаалын нөлөөллөө ашиглаад ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хийж тушаал гаргаж байна. Энэхүү тушаалыг хүчингүй болгох ёстой. Тушаалын үр дагаврыг засах ёстой.
Эцсийн дүндээ сонгон шалгаруулалт ил тод нээлттэй явах ёстой. Хэн нэгэн албан тушаалтны дэмжсэн компани, даргын компани шалгардаг бус ЖДҮ эрхлэгч нарт бодит дэмжлэг, зээл нь очоосой гэсэн зорилгын хүрээнд дуу хоолойгоо илэрхийлж байсан. Тодорхой үр дүнгүүд гарсан гэж бодож байна. Тухайлбал, ЖДҮ эрхлэгчдийн сонгон шалгаруулалт камер дор нээлттэй явагддаг болсон.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маанаг
Худлаа гар
За гайгүй юм шиг байсан бас л Иргэдийн төлөө биш, эрх мэдэлтэй улс төрийн хүчнийг долоох ажил хийхээр болсон бололтой амар хялбар аргаар л албан тушаалд хүрэх зам хайж дээ зайлуул. Амжилт .
yr n manaid 76s busad hun, amitan ed zvils bvgd ymar ch erh baidaggui shd. erheee edelj meddeggv eswel erhiin ter 76 edluuldeggvi bh
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ХОРЬЖ, СААТУУЛЖ БОЛОХГҮЙ энэ бол маш зөв.
манайх шиг хүний эрх нь нохойноос дор улс байхгүй дээ
Боловсролтой заоуу шшш