Лангуугаа юм, юмтай байлгах, хүнээс дутахгүй амьдрахын төлөөх наймаачдын цуваа Турк руу хөвөрсөөр. Эрээний боомтод хөл хорио тогтоон, чингэлгээр оруулж ирэх гэж мунгинадаг болсноос хойш Турк улс Монголын хоёр дахь Эрээн болоод багагүй удаж буй. Үнэндээ хэдэн сар сараар Эрээний хилийн цаана ачаа, бараа нь гацахыг хэн хүлээж тэвчих билээ. Тэгээд дээр нь тээврийн зардал нь тэнгэрт хадчихсан, “Ачаа хэзээ ирэх бол” гэж дэмий л санаа алдаж суухаас өөр аргагүй. Ийм байдлаас залхсан, туйлдсан иргэд Турк улсыг зорьсоор. Үүний сацуу шууд тэндээс нь онлайнаар бараа захиалан авсаар.
Монголын хоёр дахь Эрээн болсон Туркаас ачаа, бараа авах, онлайнаар захиалахад нөхцөл байдал, үнэ ханш ямар байна вэ. Бид энэ удаа эл асуудлыг хөндлөө.
КАРГОНЫ ХАНШ АГААРЫНХ 3, ГАЗРЫНХ 5 АМ.ДОЛЛАРООР ӨСЧЭЭ
Монголчууд Туркээс ачаа, бараагаа онгоцоор болон газраар авч буй. Оны өмнө агаарын каргогоор бараа авахад кг нь 7, газраар тээвэрлэхэд 3 ам.долларын ханштай байжээ. Харин одоо агаарын карго 10, газрынх 8 ам.доллар байна. Энэ нь агаарын каргоны хөлс 5, газрынх 3 ам.доллароор өссөн гэсэн үг.
“ONLINE SHOP”: КАРГОГ ДААТГАЛТАЙ БОЛГОМООР БАЙНА
-Цар тахал, Орос, Украины дайн Турк барааны үнэ, тээврийн зардалд хэр нөлөөлж байна вэ?
-Мэдээж дайны нөхцөл байдал Турк барааны үнэд нөлөөлж байгаа. Цайн дээр л гэхэд, Туркдээ гэхэд монгол мөнгөөр 2-3 мянган төгрөгөөр л нэмэгдсэн. Хамгийн хэцүү нь каргоны үнэ. Үнэхээр барьцгүй өссөр байгаа. Тээврийн зардал нэмэгдчихээр үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрдэг.
Барааны үнээс илүү тээврийн зардал их өссөн. Өмнө нь агаарын карго кг ачаа тутам нь 7 ам.доллар байсан бол одоо 10 болчихлоо. Сүүлд би ачаагаа авахдаа кг тутамд нь 10 ам.доллар төлсөн.
-Захиалсан ачаа, бараа нь хэд хоноод ирж байгаа бол?
-Аль оны өмнө захиалсан ачаа маань одоо болтол ирээгүй, Эрээний хил дээр гацчихсан байгаа. Сүүлд агаарын каргогоор авсан ачаа лав их удаж ирсэн.
-Удсан гэхээр хэд хоноод ирсэн гэсэн үг үү?
-Дөрвөн долоо хоноод ирсэн. Газраар ачаагаа авахад бүр удаж байгаа. Туркээс авсан ачаа, бараагаа бид хувийн каргонд өгдөг. Энэ каргонуудыг даатгалтай болгомоор байна. Үнэхээр эмх замбараагүй. Сүүлд л гэхэд манай ачаанаас их дутсан.
Ачаа дутлаа, эвдэрлээ гэхэд хариуцах эзэн олддоггүй. Наймаачид, иргэд өөрсдөө л хохироод үлддэг. Турк каргоны олонх нь турк эзэнтэй. Тэд завшаад, бид хохироод үлдэх ёсгүй.
Улс хүртэл Эрээний хил дээр л хамаг анхаарлаа хандуулаад байх юм. Туркийн ачаа, бараа, карго, тээврийн асуудал дээр ч мөн анхаарлаа хандуулж, тодорхой бодлого хэрэгжүүлмээр байна.
ИРГЭД ЗӨВХӨН АЧАА, БАРАА АВАХЫН ТУЛД БУС АЖИЛЛАЖ, АМЬДРАХЫН ТУЛД ТУРКИЙГ ЗОРЬЖ БАЙНА
-Эрээний боомтод хөл хорио тогтоосноос хойш танай ачаалал хэр нэмэгдсэн бэ?
-Ер нь Эрээний хил хөл хорионд орсноос хойш Туркийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Турк өөрөө визгүй орон. Зөвхөн ачаа, бараа авахын тулд бус ажиллаж, амьдрахын төлөө явж буй иргэд ч олон байна. Турк өртөг багатай, амьдрахад ер нь боломжийн орон.
-Иргэд танайхаар дамжуулан ямар төрлийн бараа түлхүү захиалж байна вэ?
-Өө, ер нь янз бүр. Манайх бүх төрлийн бараа оруулж ирдэг. Үйлчлүүлэгчид маань бүх төрлийн зүйл захиалдаг. Тухайн хүнээсээ л шалтгаалдаг.
ТУРКЭЭС ЗАХИАЛСАН БАРААНААС ИХ ДУТДАГ
-Туркээс ачаа, бараа оруулж ирэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудал юу байна вэ?
-Монголын гааль л хэцүү байдаг. Үнэхээр замбараагүй, хамаг ачаа барааг ухаж төнхөөд хаячихдаг. Орны даавуу хосоор захилаа гэхэд нэг нь дутчихдаг. Ялангуяа газраар ирж буй ачаанаас дутах тохиолдол их гардаг.
-Гааль дээр хамаагүй онгичиж, задалснаас болсон уу, өөр шалтгаантай юу?
-Гааль дээр хамаагүй онгичсоноос. Нааш нь тээвэрлэсэн каргоныхон туучихдаг юм уу, гаалынхан шалгаж байгаад авчихдаг юм уу, мэдэхгүй. Ямар ч байсан бараа их дутдаг. Байхгүй л болчихдог, дундаас нь сугалаад авчихсан байдаг. Ёстой хэцүү.
"АМИ ТУРК БАРАА": ТЭЭВРИЙН АСУУДЛААС БОЛЖ ЗАХИАЛГЫН ТОО МАШ ИХ БУУРСАН
Мөн бид “Ами турк бараа” дэлгүүрийн эзэнтэй ийн ярилцав.
-Туркээс ачаа, бараа захиалахад нөхцөл байдал хэр байна вэ. Үнэ нь хэр өссөн бэ?
-Манайх үйл ажиллагаа явуулаад хоёр жил гаруй болж байна. Эрээний хил хааснаас хойш хүндрэл, бэрхшээлтэй зүйл их гарч байна. Газраар тээвэрлэсэн ачаа их удаж ирдэг боллоо. Үйлчлүүлэгчид маань “Захиалсан бараа маань хэзээ ирэх вэ” гээд асууна. Бид яг хэзээ ирэхийг нь мэдэхгүй, эвгүй байдалд орно. Эвтэйхэн учирлаад хэлнэ.
Ачааны үнэ өдөр, өдрөөр өсөж байна. Агаараар тээвэрлэсэн ачаа кг нь 10, газраар авахад 8 ам.долар болчихлоо. Өмнө нь агаарын ачаа 6.5, газрын карго 3 ам.доллар байсан шүү дээ. Эрээний хил хаасны дараа бүр 13 ам.доллар болсон. Харин одоо бага зэрэг буучихаад байгаа нь энэ.
Тээврийн зардал ингэж өсчихөөд байгаа. Тээврийн зардал ингэж өслөө гээд хугацаа нь тодорхой бол ёстой амар баймаар. Гэтэл өнөөдөр захиалсан бараа хэзээ ирэх нь тодорхойгүй.
-Энэ нь захиалгад нөлөөлж байна уу?
-Асар их нөлөөлж байгаа. Захиалгын тоо маш их буурч байгаа. Хэзээ ирэх нь тодорхойгүй барааг хүн захиалах уу. Захиалахгүй шүү дээ. Бид санхүүгийн хувьд алдагдал хүлээж байгаа. Эргэлт гацна. Орон тоогоо танахаас өөр аргагүйд хүрч байгаа. Ам.долларын ханш аймар өсөж байна. Туркийн лираны ханш буурсан ч ам.доллар өсчихөөр нэмэр алга.
Он гарснаас хойш Турк барааны үнэ маш их нэмэгдсэн. Өмнө нь 20-30 ам.доллароор хослол авчихдаг байсан бол одоо 50 ам.доллароос наашгүй болсон. Турк барааны үнэ өсөөд, тээврийн зардал нэмэгдэхээр бид өөрсдөө үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрдэг. Манайх Турк барааг Монголд хамгийн хямд үнээр зардаг. Үүнийг үйлчлүүлэгчид маань сайн мэднэ. Томоохон дэлгүүрт 200.000 төгрөгийн үнэтэй байгаа барааг бид 100 гаруй мянган төгрөгөөр л борлуулдаг. Эргэлтээ бодоод нугалж зардаггүй дэлгүүр байхгүй юу.
Одоо Турк бараа өөрөө тэгж өсөөд, тээврийн зардал нэмэгдчихээр манайх үнэ хямд байх зорилгодоо хүрч чадахгүйд хүрсэн. Ам.долларын ханшийн өсөлтийг дагаад одоо барааны үнэ дахиад нэмэгдэх нь ойлгомжтой байгаа.
За, үнийн өсөлт ийм байна. Дараагийн хүнд байгаа асуудал нь Монголын гааль, карго. Ийм олон эрсдэлээс болж үүдээ хааж буй дэлгүүр маш олон байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онгоцоор авдаг болсон уу
Манай наймаачид аргаа олно л доо
Энэ КАРГОгоор захисан юм хэзээ ирэх юм болоо
Хүүе карго явж байгаамуу
Миний захьсан юм ирэхгүй юм хаашаа холбогдох вэ их удаж байна
орны дэвсгэр давуу гайлдээр хулгайд мэрсэр алддаг юм байна цаадуулчин ээлжиинхээ юмнуудтайл хэрэглдэгл юм байна гайлиинхан их садар гэж дуулддагдааа